"Гацуурт"-ыг хөдөлгөх Ж.Энхбаярын санаачилга

Zuv.mn
1 цаг 17 минутын өмнө

-Он гарсаар эхний таван сарын байдлаар алтны экспорт 2.5 тонн буюу өмнөх оны мөн үеэс 27 хувиар буурчээ-

Монгол Улсын Үндсэн хуульд “Газрын хэвлийн баялаг ард түмний өмч, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалт бий. Тэгвэл АМНАТ бол шууд утгаараа энэ заалтыг хэрэгжүүлж, ард түмэн баялгийн эзэн гэдгийг харуулдаг, борлуулалтын орлого дээрээс шууд авдаг төлбөр юм. 

Одоогийн хууль эрхзүйн зохицуулалтаар АМНАТ нь Баялгийн сангийн хөрөнгийг арвижуулах гол эх үүсвэр юм. Баялгийн сангаар дамжин иргэдийн нэрийн дансанд орох орлого баталгаажсанаар бид одоогоор хараахан бий болоогүй байгаа орлогоо ч /Ирээдүйд орж ирэх нь тодорхой гэдэг утгаараа/ барьцаалан амьдралын нөхцөлөө сайжруулах боломж бүрдэх учиртай.

Засгийн газрын оруулж ирж байгаа өөрчлөлтөөр АМНАТ-ын хувь хэмжээ бууруулж байгаа нь Баялгийн санд орох орлогын хэмжээ буурах үр дагавартай ч нөгөө талд дэлхийн зах зээл дээр алт, зэсний үнэ өндөр байгаа үед ордуудаа эргэлтэд оруулж, төлбөрөө аваад явах нь зөв. Нөгөө талдаа АМНАТ буурах нь үйлдвэрлэлийн нөөц баялгийг нэмэгдүүлдэг. Нөөц баялгаа бүрэн дүүрэн ашиглахын тулд үнэ өсч байгаа эрдэс баялгийн бүтээгдэхүүний төрөл дээрээ АМНАТ бууруулах хугацаатай шийдвэр гаргаж, үйлдвэрлэлийн хувьд ашиглаж чадахгүй бсан тэр хэсгээ олборлодог, эдийн засгийн эргэлтэд оруулж боломжоо бодит өгөөж болгох шийдвэр гарагх жишиг гаднын улс орнуудад байдаг.

АМНАТ-ыг хэвээр үлдээвэл олон төслийг эхлүүлж чадахгүйд хүрнэ. Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ.

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт алтны олборлолтыг нэмэгдүүлэх, алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах, уул уурхайн салбарын экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх зорилт туссан. Геополитик, дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал нэмэгдэж, алтны үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа энэ үед нөөц нь тогтоогдсон алтны ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь экспортын орлого, гадаад валютын улсын нөөц, төсвийн орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзжээ.

Монгол Улсад 494.3 тонн алтны нөөц бүртгэгдэж, алтны 597 тусгай зөвшөөрөл олгосны 83 хувь нь шороон, 17 хувь нь үндсэн ордод хамаардаг. Үүний зэрэгцээ улсын тусгай хамгаалалттай газар нутагт 95.5 тонн алтны нөөц байршиж байгаа тул байгаль орчин, түүх, соёлын өвийн хамгаалалтыг эдийн засгийн үр өгөөжтэй тэнцвэртэй уялдуулсан шийдэл шаардлага үүссэн.

Монголбанканд тушаасан алтны хэмжээ 2024 онд 16 тонн, 2025 онд 10 тонн болж буурсан бөгөөд 2026 оны эхний таван сарын алтны экспорт 2.5 тонн буюу өмнөх оны мөн үеэс 27 хувиар буурчээ. Тиймээс ашигт малтмалыг үнэ өндөр байх үед нь арилжаалвал манай улсад ашигтай гэдгийг УИХ-ын гишүүн Б.Уянга хэлж байна.

Гацууртын орд 42.3 тонн, Эрээн-Баавгайтын орд 10.5 тонн үйлдвэрлэлийн нөөцтэй бөгөөд хоёр төслийг хамтад нь хэрэгжүүлснээр нийт 52.8 тонн алтны үйлдвэрлэлийн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой гэж албаныхан үзжээ.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан энэ талаар “Ордуудаа бүгдийг нь л эргэлтэд оруулмаар байна. Монгол Улсын валютын нөөц нэмэгдэж л байвал энэ цаг хугацааг ашиглах хэрэгтэй. Сүүлийн 20 жил манай хайгуулын бодлого алдагдчихсан учраас алт үнэ нь өндөр байгаа ч гэсэн эргэлтэд орох орд байхгүй. Оргил үедээ 22 тонн хүрдэг байсан юм. Одоо 20 хүрэхгүй байна” гэв.

Гацууртын төслийг хэрэгжүүлснээр жил бүр Монголбанканд 4 тонн хүртэл алт тушааж, 500-600 сая ам.долларын борлуулалтын орлого бүрдүүлэх боломжтой. Хөрөнгө оруулагч төслийг төрийн 34 хувь, хувийн хэвшлийн 66 хувийн оролцоотой хэрэгжүүлэх, 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөр төлөх, ашиглалтын тусгай зөвшөөрөл сэргээгдсэнээс хойш найман сарын дотор олборлолтыг эхлүүлэх санал ирүүлжээ. Урьдчилсан тооцоогоор төслийн хугацаанд Үндэсний баялгийн санд 3.56 тэрбум ам.доллар төвлөрүүлэх боломжтой гэж үзсэн бөгөөд энэ тооцоог хөрөнгө оруулалтын гэрээ, татварын нөхцөл, төрийн оролцооны эцсийн хэлбэртэй уялдуулан нарийвчилна хэмээн Ж.Энхбаяр сайд хэлж байна.

Харин Эрээн-Баавгайтын төслийг хэрэгжүүлснээр жил бүр Монголбанканд 1 тонн орчим алт тушааж, 120-150 сая ам.долларын борлуулалтын орлого бүрдүүлэх, Хөгжлийн банкны 19 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийг барагдуулах эх үүсвэр бий болгох боломжтой гэв. Урьдчилсан тооцоогоор Үндэсний баялгийн санд 883 сая ам.доллар төвлөрүүлэх тооцооллыг тэрбээр дурдсан. Эдгээр төслийг хэрэгжүүлснээр жил бүр Монголбанканд нийт 5 тонн орчим алт тушаах, экспортын болон татварын орлого, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, орон нутгийн эдийн засаг, ажлын байр, Үндэсний баялгийн сангийн орлогод эерэг нөлөө үзүүлэх боломж бүрдэх аж.

Харин Сангийн сайд З.Мэндсайхан “Засгийн газраас Зарим уул уурхайн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Үүнд алтны гурван төслийг өргөн барьсан. Яагаад гэвэл өнөөдөр дэлхийн зах зээл дээр алт, зэс үнэтэй байгаа. Алт бусад байгалийн баялгийг бодвол эдийн засгийн өндөр эргэлтэд орох боломжтой. Тэр утгаараа маш богино хугацаанд үр дүнгээ үзүүлнэ гээд оруулж байгаа. Өмнө нь энэ асуудал орж ирээд УИХ-аар дэмжигдсэн ч Ерөнхийлөгч тусгай хамгаалалттай бүсийн зарим газар нутаг орсон байна гэж хориг тавьсан.

Сая бол дархан цаазтай газруудыг хасаад Гацууртын орд болох Ноён уулаас байгаль экологи, түүхийн олдворын хувьд Байгаль орчны яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас хяналт тавьж үзээд ямар нэг зүйлд нөлөөлөхгүй хол зайтай гэх координатыг тогтоогоод эдийн засгийн эргэлтэд оруулахаар оруулж ирж байгаа” гэлээ.

Манай валютын нөөц 7.5 тэрбум доллар байна. Өнөөдөр олон улсын зээлжих зэрэглэлд Монгол Улс BB плас түвшинд байна. Энэ нь Монгол Улсын эдийн засаг тогтвортой байна гэдэг дүгнэлтийг олон улсын санхүүгийн байгууллагууд өгч буй хэрэг юм. Гадаад харилцаа болон Монгол орны эдийн засгийн тогтвортой байдалд хамгийн чухал үзүүлэлт. Иймд валютын нөөц чухал үүрэгтэй. Валютын нөөцөд хамгийн их түлхэц үзүүлэх алтыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар орлогын төвлөрөл нэмэгдэх сайн талтай.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна