З.Мэндсайхан: Мах, улаанбуудай, хүнсний ногооны нөөц, нийлүүлэлтийг тогтворжуулахад 150 тэрбум төгрөг тусгалаа

Zuv.mn
51 минутын өмнө

Засгийн газар энэ оны төсвийг 1.4 их наядаар танахаар өнөөдөр УИХ-д өргөн мэдүүллээ. Ингэхдээ боловсрол, эрүүл мэндийн салбарын төсвөөс хасахгүй, төрийн албан хаагчдыг цомхотгохгүй гэдгийг Сангийн сайд З.Мэндсайхан мэдэгдсэн юм. Тэрбээр төсвийн тодотголын төсөлд ямар заалтууд оруулж буй талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгснийг дор сийрүүлэв. 

-Төрийн тэвчиж болох зардал буюу гадаад, дотоод томилолт, тавилга, эд хогшил, зочин төлөөлөгч хүлээн авах, урсгал засвар, багаж, техник хэрэгслийн худалдан авалт зэрэг зардлыг 1.4 их наяд төгрөгөөр бууруулав.

 -Ахмад настны орлогын баталгааг нэмэгдүүлж, тэтгэврийн тогтолцооны шударга байдлыг сайжруулнаҮнийн өсөлт болон ирж байгаа өвлийн улирлын үед гарах хэрэглээний зардлыг харгалзан 435.0 мянган ахмад настанд сард дунджаар 220 мянган төгрөгийн суурь тэтгэврийг оны сүүлийн хоёр сард олгоход  зориулж 196.3 тэрбум төгрөг төсөвлөлөө.

-Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн зөрүүг арилгаж, зохицуулалтыг жигдрүүлнэ.

-Энэ оны арваннэгдүгээр сараас төрийн үйлчилгээний бүх салбарын цалингийн өсөлтийг 2025 оны суурь түвшнээс 50 хувьд хүргэж жигдрүүлэхэд зориулж 166.3 тэрбум төгрөг тусгалаа.

-Боловсролын салбарын 93.5 мянган багш, ажилтны цалинг оны эцэс хүртэл бүрэн олгоход дутуу байсан 674.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэхээр тооцож байна.

-Мах, улаанбуудай, хүнсний ногооны нөөц, хадгалалт, нийлүүлэлтийг тогтворжуулахад 150.0 тэрбум төгрөг тусгалаа. 

-Мөн импортын цахилгааны өртгийн өсөлтийг хэрэглэгчдэд шууд шилжүүлэхгүй байх зорилгоор тарифын алдагдалд 107.3 тэрбум төгрөгийн татаас, эрчим хүчний станц, дамжуулах, түгээх сүлжээний их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг нэмж төсөвлөнө.

Төсвийн тодотголын үр дүнд 2026 оны

-нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.9 их наяд төгрөг,

-нийт зарлага 34.0 их наяд төгрөг,

-төсвийн алдагдал 2.0 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувь байхаар тооцлоо.

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна