Төр өөрөө малчдад “Тооны хойноос хөөцөлд” гэж хэлсэн

Х.Батсайхан
1 цаг 1 минутын өмнө

Социализмын үед малчдыг шагналд тодорхойлохдоо “600 хониноос 632, 634 төл байжуулж” гэх мэтээр чанарын элемент бага ч гэсэн оруулдаг байлаа. Жишээ нь, Хөдөлмөрийн баатар саальчин С.Аюушийг тухайн үеийн төвийн хэвлэлд “Саальчин С.Аюуш бусдын адил 15 үнээ саана. Хэдийгээр түүнд 15 үнээг сааль сүү сайтайгаар нь шилж сонгож өгөөгүй ч нэг үнээнээс авах ашиг шимээр тэр онцгой байлаа. Энэ нь малынхаа нутаг бэлчээрийг зөв тохируулж, бэлчээрт байх цагийг уртасган, тэжээл, тордлогыг сайн байлгасны үр дүн байжээ” хэмээн бичиж байснаас үзэхүл, тухайн үеийн дарга нар ихрийн удамтай, шим сайтай мал сүрэг чухал гэдгийг ойлгодог, шагналын бодлогоороо бусдыг нь үлгэрлэж дагуулахыг оролддог байж.  

Гэтэл сүүлд “1000-т малчин” гэж өргөмжлөөд, олон малтай бол ямар ч маргаангүйгээр “Сайн малчин”-д өргөмжилж, энэ нь УИХ-ын гишүүдийн ажлын нэг үзүүлэлт болтлоо гажуудсан байна. Өөрсдөө тоо чухал гэж сурталчилж, мөнгө хүртэл өгч ийм жишиг бий болгочихоод, "КОП17" гэж сүгсэлзэхдээ ямааны тоо толгойг цөөлж цөлжилттэй тэмцэнэ гэж байгаа нь бас л нэг гажуудал юм.

Монгол бол газар нутагтай нь харьцуулахад тийм олон ямаатай улс биш ээ. Бэлчээр талхлагдаж байгаа нь ч сайн ажиглавал устай л холбоотой байдаг юм. Тодруулбал, худаг, ил ус багатай, байгаа цөөн хэд дээрээ хэтэрхий олноороо шавснаас ойр хавийнхаа бэлчээрийг хэдэн жилдээ сэргэхээргүй болтол талхалдагтай дийлэнх нь холбоотой. Монгол Улс элбэг 100 сая малыг ая тухтай бэлчээрлүүлэх бүрэн боломжтой гэсэн судалгаа олон байдаг.

Гагцхүү дарга нарт усанд хандах зөв хандлага, малчдад бэлчээрээ хамгаалах сэдлийг суулгах нь чухал юм. Тээр жил төрийн хэмнэлтийн хууль гарахад цөлжилтөд хамгийн эрчимтэй нэрвэгдэж буй Говь Алтай аймаг худаг ус гаргах төсвөө хэмнэчихсэн байсан нь санаанд тод байна.  

Тиймээс төр өөрөө “Сайн малчин” шалгаруулахдаа тоог бус чанарт анхаарч, мал нэг бүрээс авах ашиг шимийн үзүүлэлтийг голлодог болбол цаашдын хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлсэн хэрэг болно.

Төр энэхүү чиглүүлэх үүргээ биелүүлэхгүй бол Монголын бэлчээр цөл болж, өсгөсөн олон мал нь нэг зуднаар сүйрэх магадгүй боллоо. Ер нь малын тоог ажлын үзүүлэлт болгож яваа дарга нартай гавьяа шагнал биш хариуцлага ярих цаг нь иржээ.

Харангадах аюул дор амьдрах хүн, мал

Цөлжилттэй аймгуудын малчидтай бэлчээрийн талаар яриа өрнүүлэхэд бараг бүгд худаг усны асуудлыг бэлчээрийн доройтлоос илүү чухалд тооцдог.

Хур бороо бага, гадаргуугийн ус ховор говь нутагт мал аж ахуйн усан хангамжийг гүний худгаар шийддэг.

Тэгвэл өдгөө говийн болон баруун бүсийн өмнөд нутагт байгаа худгуудын хөрсний ус доошилж, шүүрэлт нь илт багасаж, зарим нь бүрмөсөн ширгэжээ. Тиймээс байгаа ганц нэг худаг дээрээ хэтэрхий олон айл шавж тэр хавийнхаа бэлчээрийг талхалдаг юм байна.

“Худаг гаргаад өгчихвөл нутаг бэлчээр уг нь байгаа” гэж ярьцгаана. “Худаг ус гаргаж өгөхгүй байсаар уул уурхай болгочих тохиолдол байна. Усаар нь хясаж хүн мал ойртуулахгүй байж байгаад ухдаг юм биш үү”гэж хардаад байгаа гэсэн малчин ч бий.

Малчдаас тулгамдсан асуудлуудыг нь сонсож явахад худагт шүүлтүүр тавьж хүн уух боломж бүрдүүлбэл том дэмжлэг болно гэцгээж байсан.

Тиймээс төсвийн хулгай ихтэй энэ үед уриа лоозон дэвшүүлж, их мөнгө хөрөнгө босгоно юм хийнэ гэхийн оронд малчдад суртал ухуулга хийж, зарим улсын жишгээр өөрсдөө бэлчээртээ хөрөнгө оруулах боломжийг бүрдүүлбэл илүү үр дүнтэй байж мэднэ.  




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна