10 настай охиныг хөнөөсөн хэрэгт холбогдуулан хөршийнх нь эхнэрийг цагдан хорьжээ

Х.Есү
1 цаг 2 минутын өмнө

Ховд аймагт алга болсон 10 настай охиныг трактороор дайрч амь насыг нь хөнөөсний дараа шатааж булсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийг охины хөршийн 28 настай залуу үйлдсэн байж болзошгүй талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл наймдугаар сарын 16-ны өдөр хөршийнх нь эхнэрийг тус хэрэгт холбогдуулан цагдан хорьсон байна. Харин  М.Даделхан болон түүний хүү 28 настай эрэгтэйг цагдан хорьсон хэвээр байгаа юм.

Хэргийг тодруулбал , 10 настай охин наймдугаар сарын 01-ны өглөө 09 цаг орчимд хөршийнх рүүгээ тарвас хураахад тусална хэмээн гэрээсээ гарч явсан байдаг. Түүнээс хойш охин гэртээ эргэж ирээгүй, аав, ээж нь маргааш нь цагдаад мэдэгдэж, эрлийн ажиллагаа эхэлсэн.

Охиныг алга болсноос хойш хөршийнх нь хүмүүс ургац хураалтын талбай руу авч яваагүй, үлдээсэн гэж мэдүүлсээр байсан юм. Гэвч үнэн хэрэгтээ охин ургацын талбай руу явсан ба тракторын хойно алхаж яваад хөл алдахад нь 28 настай эрэгтэй санаандгүй дайрч, тархийг нь бяцалжээ. Ингээд хүүгийнхээ өмнөөс бүх хэргийг үүрэхээр шийдсэн аав охины цогцсыг шатааж, газар булсан байна. Үүний дараа эмнэлэгт хэвтэж, хүүгээ хот руу явуулжээ. 

Охины хөрш М.Даделхан наймдугаар сарын 14-ны орой өөрөө хэргээ хүлээж, охины цогцос байгаа газрыг зааж өгснөөр эрлийн ажиллагаа зогссон юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна