Мина хаана ч байхгүй

2017/02/01
Өлзийхутагийн ҮЛЭМЖТӨГС

“Миний орон дээр Мина гарч хэвтчихээд намайг хөнжилд оруулахгүй байна” гэсээр охин унтлагын өрөөнд орж ирсэн ч халуун хөнжилдөө арга билгийн загас лугаа эвтэй нь аргагүй тэврэлдэн нойрсох ээж аав хоёр нь анзаарч сонссонгүй. Гэвч биесийн илчинд мансууран нойрсох залуу хосыг хүйтэн төмрөөр хайрах мэт таагүй мэдрэмж эрхгүй сэрээх нь тэр. Охиных нь арьс даарснаасаа болоод бэржийчихсэн, бяцхан гар хөл нь гэж мөс шиг амьтан хөнжилд нь шургаад авсан нь энэ ажээ. 

Аав нь нүдээ аньсан чигтээ охиныхоо хоёр хөлийг гуян завсраа хавчуулан дулаацуулах зуураа “Шалан дээр хөл нүцгэн битгий тоглож бай гэж хэлдэг биздээ. Өдий болтол унтахгүй юу хийж байгаа хүүхэд вэ” хэмээн залхсан янзтай хэлвэл охин нь “Ааваа та надад Одко, Содко хоёрын гэрт байдаг шиг шаттай хоёр давхар ор авч өгч болохгүй юм уу? Мина миний орон дээр хэвтчихээд намайг унтуулахгүй бас миний бяцхан одой морьтой хөнжлийг нөмөрнө гээд булаацалдаад… Ааваа тэр миний ор хөнжил мөн тээ? гэж гомдол мэдүүлэв.

Эцэг эхэд нь ханын цаасан дээрх Эльса Анна (Frozen хүүхэлдэйн киноны гол дүр) хоёрт л тийм нэр өгчихөөгүй бол Мөөнөөгийн өрөөнд ямар ч Мина байхгүй гэдэгт эргэлзэх зүйл байсангүй. Ердөө л өрөөндөө ганцаараа унтах дургүй Мөөнөөгийн ээж аавынхаа өвөрт унтах гэсэн бяцхан заль төдийхнөөр бодон ач холбогдол өгсөнгүй. Дөрвөн настнуудын сэтгэхүйн онцлогийн тухай нимгэхэн товхимолыг нэгд нэгэнгүй уншиж судалсан ээж нь “Хүүхэд угаасаа ийм насан дээрээ хүний хэлээгүйг хэлсэн болгон хов зөөх, элдвийн худлаа түүх зохиох, өөртэйгөө ярьж тоглох нь хэвийн л үзэгдэл дээ” гэж бодон нэг их ойшоосонгүй. Хачирхалтай нь өглөөнийхөө цайг ууж суухдаа ч охин нь өнөөх Минагийнхаа тухай ярьсаар байв. 

- Ээжээ Мина яагаад надтай хамт цэцэрлэгт явдаггүй юм бэ? Тантай дандаа хамт байх гээд цэцэрлэгт явдаггүй юм уу?

- Ааваа хоолоо сайн идвэл хурдан өндөр, том болдог тээ? Мина ерөөсөө хоол иддэггүй тээ. Тэгсэн мөртлөө яагаад эгч нь дүүгээсээ том аяга, тавагтай байдаг гээд байгаан бол? хэмээн Мөөнөөг шалгаатал ээж нь илт уцаарлан:

- Мина гэж ямар ч хүүхэд байхгүй. Дахиад худлаа яриад байвал чинь…

- Худлаа яриагүй

- Битгий үргэлж Мина Мина гээд гонгиноод бай! Хаана байгаа юм тэр Мина чинь? Ахиад Мина гэж ам нээвэл чинь гар утсан дээр тоглоом тоглуулж, бичлэг үзүүлэхгүй шүү!

Охин ээжийгээ ийнхүү ширүүлэхэд усан нүдлэхээс өөрийг хийж зүрхлэхгүй дуугай л толгой дохисоор хоцров. Элдэв янзын чихмэл амьтад, барби хүүхэлдэйнүүд, эмчийн багаж хэрэгсэл тэргүүтэй хамаг л тоглоом нь сонирхолыг нь татахаа больчихсон охинд цэцэрлэгээс тарж гэртээ ирээд өөрийгөө ганц саатуулдаг зүйл нь ээжийнх нь гар утас. Тийм ч учраас Минаг энэ мөчид ч дэргэд нь зогсчихоод усан нүдэлж байгааг нь хэрхэн шоолж буй тухай хэлж батлахын оронд гар утсаар тоглох, бичлэг үзэх эрхээ хадгалж үлдэх нь илүү чухал санагджээ.

Нэг сайн загнуулж аваад хаширсан охин Минагийн тухай ярихгүй гэж хэсэгтээ тэвчсэн билээ. Гэтэл тэр нэг орой ээж нь цэцэрлэгээс урьдын адил авч, хоёр талаар нь улиас модод ургасан явган хүний зам бүхий нарийн гудмаар гэртээ харихаар алхангаа тогтсон асуулт болох өнөөдөр цэцэрлэгтээ ямар хоол идсэн, хэнтэй тоглосон, шинэ дуу, шүлэг сурсан эсэхийг нь асуутал охин, 

- Өнөөдөр багш, “аав хуруу, ээж хуруу, өвөө хуруу, эмээ хуруу, та хаана байна. Би энд байна” гэдэг дуу заасан хэмээн хуруу нэг болгоноо гозойлгон дуулж байснаа гэнэтхэн нэг зүйлийг ойлгов гэлтэй

- Аав хуруу чинь эрхий хуруу тийм ээ? Та болохоор долоовор хуруу тийм ээ? Би болохоор чигчий хуруу тийм ээ? Тэгвэл энэ хуруу хэн юм бэ, Мина юм уу гэж зүүн гарынхаа чигчий хурууны дор байх илүү хуруугаа хөдөлгөв.

 Гэнэн цайлган зангаар сониучирхан асуусан охинынх нь энэ үг, үйлдэл ээжид нь тун хүнд тусаж, сэтгэлдээ зовнин явдаг эмзэглэлийг нь сэдрээж орхилоо. Анхных нь хүүхэд элдэв өвчин зовиургүй, эрүүл саруул төрж, өсөж бойжсонд талархдаг ч, хүний хорвоод авч ирсэн тэр л илүү хуруунаасаа охин нь хэзээ нэгэн цагт ичиж эрээлэх вий, бусдад ад шоо үзэгдэх вий хэмээн түгшсээр ирсэн айдастайгаа энэ өдөр халз мөргөлдчихөж буй тул арга ч үгүй биз. Бусдаас яагаад өөр төрснөө, бусад хүүхэд арван хуруутай байхад яагаад ганцаараа арваннэгэн хуруутай байгаагаа хэзээ нэгтээ охин нь асуухад эвтэйхэн тайлбарлаж өгөх хариултыг анх төрөхөд нь л бэлдсэн ч гэнэтийн цочролоосоо болоод мартаж самгардсан тул юу ч гэж хэлж чадалгүй охиноо дэмий л үнслээ.Харин охин нь ээжийгээ бодвол бэлэн хариутай явсан гэлтэй, 

- Энэ хуруу чинь Мина мөн байхгүй юу ээж ээ. Угаасаа миний энэ хурууг Мина өөрийнхөө хуруу гээд байдаг юм. Намайг үгүй энэ чинь миний хуруу гэж хэлэхээр Мина, “чи тэгвэл харахгүй юу. Миний хуруу чиний хуруунуудаас шал өөр, гоё байгаа биз дээ” гэж хэлдэг гэв.

 Шингэн гэгчийн хонгор шаргал сэвлэг, онигор нүд, шонтгор хамар, жимбэгэр уруултай бумбайсан цагаан охины гарын булцгар арван хуруунаас илүү ургасан нэг хуруу нь нээрээ ч тэс өөр, урт сүмбэн хуруу байх билээ. Ээж нь ч Мөөнөөгөөр хэлүүлж байж сая л нэг юм тэр хуруу нь өөр хүний хуруу гэлтэй тэс ондоо болохыг анзаарлаа. Үүнийг анзаарах мөчтэй нь зэрэгцэн бас нэгэн болгоомжлол биежин амилсан нь Мина бодитоор үнэхээр оршдог бол яана аа гэх айдас байв.

Орой унтахаар хэвтэж байхдаа аман дээр гараад ирсэн ч эвтэйхэн эвлүүлээд хэлчихэж чадалгүй хэд хэдэн удаа буцааж залгисны эцэст нэг юм охин нь өдөр юу ярьсныг нөхөртөө хэллээ. Ажил, ахуй амьдралын элдэв буулганд дөнгөлүүлсэн нөхөрт эргэцүүлж бодох зүйл бишгүй их байсанд балчир охины үгэнд үнэмшиж сандчих шалтгаан, эхнэрээ тайвшруулан, сэтгэлийг нь засаад хэлчих аятайхан үг үнэндээ олдсонгүй. Тоосон шинжгүй дуугай дүмбэ оргиж болохгүй гэхдээ, 

- Үзэж хардаг сайн лам, бөө сураглах уу? Засал ном хийлгэчихвэл болчихно биз гэхээс өөрийг хэлж дөнгөсөнгүй. 

Угаас нөхрөө энэ мэтийн зүйлд онцын ач холбогдол өгдөггүй, оновчтой сайн зөвлөгөө хэлнэ гэж найдах хэрэггүйгээ эхнэр мэдэх ч энэ тухай өөр хэнтэй ярьж зөвлөх билээ. Төдөлгүй жигд амьсгалах чимээ дэргэдээс нь дуулдаж эхлэв. Нөхөр нь хэдийнээ дугжирчээ. Охинынх нь илүү хуруу гарын бусад хуруунаас нь огт ондоо байсанд л хамаг бүхний шалтгаан оршиж байх шиг санагдаад ер тайван амарч чадахгүй байсанд босон охиныхоо өрөөнд орж, дэргэд нь хэвтлээ. Амгалан нойрсож буй охиныхоо зүүн гарыг атган, зөөлөн илбэхдээ өөрийн эрхгүй дагаад тайвширч лам, бөө мэтийн буурангуй зүйлд цаг, мөнгөө үрж явахын оронд Миннесота мужийн “St Cloud” их сургуульд сэтгэл зүйчийн мэргэжлээр магистрын зэрэг хамгаалаад ирсэн багын найз хүүхэн дээрээ маргааш очиж уулзсан нь хавьгүй дээр санагджээ. 

Хотын “А” зэрэглэлийн бүсэд байрлах түрээсийн зориулалттай шилэн өндөр барилгын дээд давхарт пентхаус цонх бүхий цэлгэр, саруулхан өрөө хөлслөн сууж, цаг минутаар хэмжигдэх үнийн ханшаар сэтгэл зүйн засал эмчилгээ, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг болсон багын найз нь түүнд,

- Санаа зовох, түгших асуудал биш. Манайд л шинэ тохиолдол мэт санагдаж байгаа ч барууны нийгэмд бол бараг хүүхэд бүхний бага насанд тохиолддог хэвийн үзэгдэл гэж хүлээж авдаг юм аа. Америкт л гэхэд долоогоос доош насны хүүхдүүдийн 37 хувь нь төсөөллийн найзтай гэдэг судалгаа бий. Сэтгэл зүйн практикаас харахад охид төсөөллийн найзтай байх нь хөвгүүдтэй харьцуулахад элбэг тохиолддог л доо. Төсөөллийн найз яаж бий болдог вэ гэхээр бага насны хүүхдийн айдас, зовнил, орчноо хүлээн авах ойлголтоос үүсдэг. Төсөөллийн найз нь хүүхдийг найрсаг, элгэсэг зантай, бусдыг ойлгодог хүн болгон төлөвшүүлдэг эерэг хандлагатай гэж үздэг л дээ. Одоогоор илэрсэн “төсөөллийн найз”-ууд тухайн хүүхдийн зан араншингийн онцлог, ургуулан бодох чадвараас хамаарч харилцан адилгүй байдаг л даа. Жишээ нь Даррель гэж дөрвөн настай англи хүү Уильям Воллас нэртэй морьтой, Ламар нэртэй 42 настай найзтай тухайгаа ярьж байсан гэдгээс аваад үзвэл төсөөллийн найзыгаа дууддаг нэр, түнийгээ тодорхойлж буй нас, хүйс зэрэгт ноцтой ач холбогдол өгөх шаардлагагүй. Тэр бүү хэл төсөөллийн найз нь хүн биш амьтан, тэр тусмаа бяцхан динозавр байсан гэх жишээг Дрого нэртэй үлэг гүрвэл найзыгаа дүрсэлсэн зураачийн бодит явдлаас харж болно. Тиймээс харин ч охиноо хийсвэрлэн сэтгэж, чөлөөтэйгөөр өөрийн төсөөллөө илэрхийлж буйд баярлах хэрэгтэй. Хорьж цагдахын оронд эсрэгээрээ охиноо сайн яриул. Төсөөллийг нь хөгжүүл. Том болоод ирэхээр аяндаа тийм зүйлд итгэхээ больчихдог хэмээн зөвлөжээ.

Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авсны эцэст ээжийн сэтгэл тайвшрав. Гэхдээ далайн чинадад сэтгэл зүйн мэргэжил эзэмшээд ирсэн багын найзынхаа тайлбаруудаас “Эерэг хандлагатай, санаа зовох зүйл биш, том болохоор нь больчихно” гэсэн үгсийг л том үсгээр ой тоондоо хадгалан авснаас бус “хэрвээ негатив харилцаатай бол төсөөллийн найз биш” гэж тодорхойлсон богино өгүүлбэрийг хоёр чихнийхээ дундуур хийсгэн замхрааж, зөв оношийг анзааралгүй мэргэжлийн хүнийг зорьж очсон хамгийн чухал хэргээ гаргаж чадсангүй. 

Төсөөллийн найзын эерэг хандлагад бүрэн итгэсэн ээж нь Мөөнөө охины найз Минад барби хүүхэлдэйн зураг бүхий аяга тавганы иж бүрдэл, охиныхоо бяцхан түшлэгтэй сандалтай яг ижил хуванцар ягаан сандал авч өгөөд зогсохгүй Мөөнөөгийн орыг шаттай давхар ороор сольжээ. Гэвч бодит байдал төсөөлж байсан шиг нь эерэг үр дүн авчирсангүй. Нэгэн бямба гаригт эцэг эх нь Мөөнөөг үеэл эгчид нь харуулж орхиод, үзвэр үзчихээд орой нь харьж иртэл эмчийн багаж хэрэгсэл бүхий хуванцар тоглоомоо бүгдийг нь хугалж, эвдлээд хогийн саванд чихсэн хэрэг тарьсан охин нь оюутан эгчийнхээ хамт угтав. Уурлаж, загнахыг урьтал болголгүй яагаад ийм үйлдэл гаргасныг охиноосоо эвтэйхэн асуувал Мөөнөө, “Би тоглоомоо эвдлээгүй. Мина л өвтгөдөг муухай тоглоом гээд эвдчихсэн” гэж хэлээд уйлав. 

Тэвчээр нь барагдсан эцэг нь аль эртнээс дуугай явсаар сая нэг ам нээж,

- Чи гэж юм гадны мундаг боловсролтой эмчид үзүүлсэн, эерэг зөв, хүмүүжилд нь тустай гээд урдуур ороод байсан хаана байна? Хүүхдийн дэмий балай ярианд ач холбогдол өгч өөгшүүлсээр байгаад охиноо ямар хүмүүжилтэй болгосноо харж байна уу? Өөрийнхөө бурууг хүлээж чаддаггүй, хийсэн хэргээ бусдад нялзаадаг хачин юм болгочихлоо хэмээн эхнэрээ зандрах нь тэр. Эхнэрт сөргөж хэлэх үг олдоогүй ч, Мина л ятгаж Мөөнөөгөөр тоглоом эвдүүлсэн гэдэг насанд хүрсэн хүн итгэхээргүй таамгийг өөртөө дэвшүүлж, түүндээ итгэх ажээ. Нөхөрт ч, эхнэрт ч өөр, өөрийн зөв байсан учир хэн нь ч түрүүлж буулт хийхийг хүссэнгүй. Ялангуяа эхнэр. Тийм ч учраас охинтойгоо ярьж, тоглох зав, сэтгэл нэг удаа ч гаргаж үзээгүй хэрнээ зөв хүмүүжил, ёс суртахуунд анхаарна гэх мэтчилэн сүржин зүйл ярьдаг нөхөртэйгээ нэг хөнжилд унтахыг хүсэлгүй охиныхоо хажуугаар орж хэвтлээ.

- Та бас аавд гомдсон юм уу?

- Үгүй ээ миний охин. Зүгээр л охиноо санаад...

- Та намайг эрхлүүлэхээр Мина аймаар уурладаг. Тэгээд миний юмыг эвдэлдэг.

- Яагаад?

- Өөрийг нь болохоор хайрлаагүй. Охиноо гэж дуудаагүй. Муухай эмч нараар өвдлүүсэн гээд...

Ээж нь сэртэсхийн өндийлөө. Хамаг айдас нь нүүрэн дээр нь цугларснаас болж хувхай цайж орхисон бүсгүйн гар өөрийн мэдэлгүй салганаж, хоолой нь чичирхийлж байсан ч

- Миний охин юу яриад байгаа юм бэ? Мина гэж хэн юм, тэр чинь тэгээд хаана байна гэж асууж дөнгөв.

Охин орноосоо хариу хэлэлгүй босон хувцасныхаа шүүгээний хамгийн доод эгнээний шургуулгыг татан нээгээд “Ээжээ энийг хардаа” гэж дуудав. Өрөөний гэрэл асааж, шургуулга руу өндийн харвал Мөөнөөгийн хамаг л хүүхэлдэйнүүдийг мөчлөн салгаж эвджээ. Охиноо нэг ой хүрдэг төрсөн өдрөөр “Naran” их дэлгүүрээс их үнэтэй авч өгсөн оригналь барби хүүхэлдэй л мөч бүрэн үлдсэн ч сайтар анзаарч харвал зүүн гарынх нь нэг хуруу дутуу болчихжээ. Зүрх нь хүчтэй дэлсэж, амьсгал нь оволзон давхцсан ээж нь арай ядан

- Мина яг одоо хаана гэж асуухад охин хуруугаараа ээжийнхээ хэвлийн зүг зааж

- Тэр таны тэндээс наалдчихсан байна.Намайг цэцэрлэгтээ яваад өгөхөөр таны эндээс өдөржингөө наалдаж явдаг гэсэн гэж хэлэхийг дуулаад ээж нь ухаан самуурч уналаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна