Б.Чойжилсүрэнгийн “гөлийлт”-ийг хэн, хэзээ дуусгах вэ

Zuv.mn
18 цаг 33 минутын өмнө

Монгол Улс наадам тэмдэглэхийн тулд жил бүр багагүй хэмжээний мөнгө зарцуулдаг. “5, 0-ээр төгссөн тэгш ойн жил”, “Аймаг, сумын тэгш түүхэн ойн жил”, “Аймаг, сумын тэгш ойн жилтэй давхцах” гэсэн гурван тохиолдолд бүр ч их ач холбогдол өгч, хөрөнгө мөнгө цацан “Дэнж хотойтол” нааддаг уламжлалтай. Энэ жил ч ялгаагүй, нэг аймаг, 27 сум түүхт ойн баяраа тэмдэглэлээ. Их ч мөнгөөр наадацгаалаа. Гэхдээ тэр их зарцуулалт дотроос Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн багцаас гарч Увс аймгийн 100 жилийн ойн цэнгэлдэхийн гэрэлтүүлэгт зарцуулагдсан хоёр тэрбум төгрөгийн асуудал олон нийтийн анхаарлыг гойд татаж байна.

Учир нь, сайдын багцын хөрөнгө гэдэг салбарын үйл ажиллагаанд зориулагдахаар нарийн төлөвлөгдсөн байдаг болохоос сайд дураараа хэнд хэдэн төгрөгийг шийддэг сул мөнгө огт биш. Тодорхой хэлбэл, өнгөрсөн жилийн есдүгээр сард өргөн баригдаж, хоёр сар хэлэлцэгдэж батлагдсан төсвийн тухай хуульд орсон ажлуудыг хийх мөнгө. Сайдад бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээ гэх нэрээр мөнгө төсөвлөсөн байдаг бөгөөд тэндээсээ зайлшгүй шаардлагатай ажлуудаа санхүүжүүлээд явдаг.

Тэгэхээр, Увсын цэнгэлдэхийн гэрэлтүүлгийн санхүүжилтийг нэг бол жилийн өмнө төсөвт суулгасан, нөгөө бол Б.Чойжилсүрэн сайд зайлшгүй шаардлагатай ажил гэж үзээд бусдаар гүйцэтгүүлэх ажлын зардлаасаа гаргасан байж таарна.

Гэтэл аймгийн цэнгэлдэхийн гэрэлтүүлэг яамны зайлшгүй хийх ёстой ажил мөн үү гэвэл үгүй. Аймаг орон нутгийн төсөв гэж бий. Хамгийн гол нь, аймаг, сумын тэгш ойн жилийн наадмын зохион байгуулалтын онцлог нь өрөө Б.Чойжилсүрэн сайдын багцаас гарсан хоёр тэрбум төгрөгийг онцгой сайн мөшгихийг шаардаж байна.

УИХ 2022 онд Төрийн хэмнэлтийн хууль баталсан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа. ДЦС 3-т осол гарч, энэ жил Нийслэл хөлдөж магадгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор Эрчим хүчний яамны сайдын багцыг зайлшгүй шаардлагатай хэмжээн сар хүрэхгүй хугацааны өмнө нэмсэн ч Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу урсгал зардлаас 930.3 сая төгрөг, хөрөнгө оруулалтаас 2.282.7 тэрбум төгрөг хассан гэсэн мэдээ гараад удаагүй байхад ийм мэдээлэл гарах нь хэнд ч сайхан санагдахгүй.  

Аймаг сумдын түүхт ойн жил гэдэг сайхан ч зохион байгуулагчдын хувьд мөнгө олж завших сайхан далим болдгийг одоо монголчууд гадарлахтайгаа болсон. Тодруулбал, бэлтгэл ажилд зорилуж хандив цуглаад байдаг хэр нь яг хийгдэж байгаа ажлууд нь гуйлгаар яваад байдаг.  

Тухайн аймагт төрсөн биш “Аймгийн 100 жилийн наадмын тийм ч юм, ийм ч юмыг сэтгэлээрээ хийгээд өгчих” гэсэн гуйлгад дарагддаг нь нууц биш. Эцэстээ наадам сайхан болж, мөнгө төгрөг нь ч яг таараад дуусдаг жишигтэй.

Тэгвэл энэ жил Увс аймгийн 100 жилийн ойн наадамд улсын төсвөөс буюу Б.Чойжилсүрэнгийн багцаас их хэмжээний хөрөнгө зарлагаджээ. Тиймээс энэ хөрөнгийн зарцуулалтыг нарийн шалгах боломжтой.

Үр дүн нь будлиантай гарвал Б.Чойжилсүрэн сайд огцрох болзлоо давуулан биелүүлэх юм.

Б.Чойжилсүрэн сайд улс төрд орж ирсэн цагаасаа хуулийн байгууллагад нэг бус шалгагдаж ирсэн ч хариуцлага хүлээж байгаагүй. Эцэстээ гөлийнө гэдэг нь болж, ард иргэдээ ч юман чинээнд тоохгүй, сайдын өндөр байр сууринаас олон нийтийг даапаалж, шоолж, ажил хийж чадахгүйгээ ил тод зарлах хүртлээ цагаандаа гарсан түүнийг хэн зогсоох бол, хэн байранд нь тавих бол гэдэг хүлээлт хүртэл үүссэн. Энэ хүлээлтийг Г.Занданшатар биелүүлж чадаагүй. Гэхдээ эрх нь одоо ч бий.

Г.Занданшатар Ерөнхий сайдын хувьд, одоо хийх ажил нь л нэр хүндийг нь өсгөх нөхцөл байдалд байгаа. Гэтэл Б.Чойжилсүрэн үеийн үед танхимаа муухай харагдуулдаг сайд байж ирсэн. Энэ удаа ч улайм цайм төсвийн мөнгөөр хувийн сурталчилгаагаа хийж, олон нийтийг талцуулж байна. Улс даяар нэр муутай, ганц Увсаас сонгогддог “Сонгуулийн жижиг мажоритар тогтолцооны алдаа” Увсдаа төсвийн мөнгөөр нэр хүндээ өсгөснийг бүгд харлаа шүү дээ.  

Ийм үед түүнээс салбал Ерөнхий сайдын нэр хүнд өснө үү гэхээс унахгүй. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 78.1.34.68
    10 цагийн өмнө

    Станц дэлбэрээд хотынхон өвөл хөлдөх эрсдэлд орчихоод байхад увсдаа бидний татварын мөнгийг зарцуулж байгаа н асар их доромжлол шүү шууд огцрох ёстой????????

    Хариулах
  • 103.57.95.201
    12 цагийн өмнө

    харин ч зөв юм хийсэн байна яагаад орон нутагт мөнгө гаргаж болохгүй гэж

    Хариулах
  • 66.181.179.29
    14 цагийн өмнө

    Энэ хулгайч бүтэхгүй этгээд. Халтар Доржхандтай нийлээд тогны мөнгийг хоёр дахин нэмсэн ч эрчим хүчийг шинэчилэх талаар юу ч хийгээгүй. ДЦС3 ийг дэлбэлж хаячихаад ичихгүй дахиж сайд болсон шуналтай хулгайч. Огцорох ёстой

    Хариулах