Өнгөрсөн долоодугаар сарын 09-ны өдөр төмөр замын гарам руу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хоёр иргэн орж, эмэгтэй нь төмөр зам дээр хэвтэж амиа хорлохыг завдсаныг цагдаагийн алба хаагч аварсан байдаг.
Тухайн иргэний амийг аварсан Төмөр замын цагдаагийн газар, замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч ахлах ахлагч Б.Одбаяртай ярилцлаа.
Тухайн өдөр юу болсон бэ? Болсон процессыг ярьж өгөөч.
-2025 оны долоодугаар сарын 09-ны өдөр төмөр замын 407-р км-ийн гарам дээр ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд төмөр замын 407-р км-ийн орохыг хориглосон бүс рүү архи согтууруулах ундаа хэрэглэсэн хоёр иргэн орсон байсан.
Тухайн үед хоёр иргэний нэг нь хэвтсэн байдалтай байсан. Иргэнийг босгоод аюулгүй газар гаргасны дараа тав орчим минутын дараа галт тэрэг орж ирж, зүүн тийшээ явсан.
Хүний амь нас аварна гэдэг архи согтууруулах ундаа хэрэглэсэн ч бай эрүүл ч бай, зэрэг зиндаа үл хамааран бид нар өргөсөн тангарагтаа үнэнч байж амь насыг нь аварна гэдэг бол бидний хийх ёстой үндсэн ажил үүрэг юм даа.
Замын хөдөлгөөн зохицуулж байх хугацаанд тухайн хоёр иргэнийг орж байхыг хараагүй. Галт тэрэг ирэх үед замын хөдөлгөөн зохицуулж байх хугацаанд тухайн хоёр иргэний байсан зүг рүү харсан. Тэгсэн хоёр эрэгтэй эмэгтэй хүн орчихсон байсан. Тухайн хоёр иргэний амь насыг аврах аюулгүй газар хүргэх бодол нэн тэргүүнд төрсөн. Хоёрдугаарт төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг саадгүй зорчуулах чиг үүргийн хуваарийнхаа дагуу л ажилласан даа.
Хүний амь аварна гэдэг бол бахархмаар үйлдэл шүү дээ. Эмэгтэйн амийг аварсны дараах тэр мөчид юу бодогдож байв?
-Ер нь хүмүүсийн ойлголтоор хүний алтан амь аварна гэдэг асар том эерэг ойлголт. Бид нарын хувьд өргөсөн тангарагт минь хүртэл амь биеэ үл хайрлан бусдын амь нас эрүүл мэндийг хамгаална гэж байдаг. Хэдий бахархмаар зүйл ч гэсэн яг л үндсэн чиг үүргийнхээ дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн л гэж бодож байна.
2021 онд замын цагдаагийн хэлтэст ажиллаж байхдаа 61-ийн гарам дээр айлын шар өвс шатаад, тухайн хашаан дотор хэдэн хүүхдүүд асаагуураар тоглож байгаад шар өвс шатаагаад, шар өвсний хар суунагласан утааг нь хараад хурдан очсон. Хашааны дээгүүр даваад харсан хүүхдүүд яг шатаж байсан шар өвсний голд байсан. Тухайн үед зургаан хүүхдийн амийг аварч байсан. Тэр асуудал маань сошиалаар нэлээн яригдаж байсан даа. Би энэ албаараа л бахархдаг даа. Бусдаас түрүүлж бусдад хүрэх энэ ажил албан тушаал мэргэжлээрээ бахархаж явдаг даа.
-Та яагаад цагдаа болсон юм бэ?
Одоогоос 20 жилийн өмнө анх цагдаагийн байгууллагад томилогдож орж байсан. Ер нь бол хүүхэд насны минь мөрөөдлийн л ажил л даа. Аавын минь найз цагдаа байсан. Тэр ахыг хараад л үлгэр дуурайлал жишээ аваад л. Өмссөн зүүсэн, бусадтай харьцаж байгаа, нийгэмд тусалж байгаа гээд л бүх зүйлээс нь үлгэр дуурайлал жишээ аваад цагдаа болно гээд цагдаа болох гараагаа эхэлсэн.
Иргэд олон нийтдээ анхааруулж сэрэмжлүүлэх зүйл бий юу?
-Нийт иргэд жолооч нартаа сэрэмжлүүлэхэд, төмөр замын аюултай бүс рүү нэвтрэхдээ төмөр замын дуут зохиог сонсож, төмөр замын бууж байгаа хаалтыг харж, төмөр замынхаа гармын хоёр тал руу сайн анзаарч харж хөдөлгөөндөө оролцож, мөн адил явганы хөдөлгөөнд оролцож яваарай гэж хүсэж байна. Ер нь эцсийн бүлэгт хүний алтан амь дээр нь иргэд жолооч та бүхний эд хөрөнгө давхар яригддаг шүү гэдгийг сэрэмжлүүлж хэлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна