«Улаанбаатар төмөр зам» ХНН-ийг байгуулах тухай ЗСБНХУ ба БНМАУ-ын Засгийн газар хоорондын 1949 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн хэлэлцээрийн дагуу «Улаанбаатар төмөр зам» ХНН-д ашиглалтын зориулалтаар олгосон газрыг баталгаажуулах ажил удаашралтай явж иржээ. Хэдийгээр тус нийгэмлэг орон нутаг дахь төв суурин болон төмөр замын дагуух зурвас 22 мянга гаруй гаруй га газраа баталгаажуулж газрын гэрчилгээ авсан боловч Улаанбаатар хотын Баянзүрх, Баянгол, Сонгигохайрхан дүүргийн нутагт байдаг газруудаа баталгаажуулж чадаагүй байсан юм. Тэр ч бүү хэл УБТЗ-ын Удирдах газар, ТЗ-ын төв эмнэлэг, соёлын ордон, Зүтгүүрийн депо зэрэг хотын төвийн газруудаа ч баталгаажуулж чадаагүй байжээ. Үүнээс үүдэн зах зээлд шилжсэний дараачаас тус нийгэмлэгийн газар янз бүрийн арга замаар бусдын мэдэлд шилжиж очсон явдал нилээдгүй гарах болсон байна. Энэ байдалд ЗТХЯ болон УБТЗ нийгэмлэг дүгнэлт хийж, уг асуудлаар Нийслэлийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр Зам,тээврийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн № 17 дугаар тушаалаар Зам Тээврийн Хөгжлийн Яам, Улаанбаатар хотын газрын алба ба “УБТЗ” ХНН-ийн төлөөлөл бүхий хамтарсан комисс байгуулж ажиллуулсан юм. Энэ комисс маш сайн ажиллажээ. Ялангуяа уг комиссыг ахалж ажилласан ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэлийн шаргуу хүчин чармайлтын үр дүнд асуудлыг хэдхэн сарын дотор цаг алдалгүй шуурхай шийдэж чадсан байна.
Энэ хугацаанд ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэлээр ахлуулсан уг комиссын гишүүд орос-монголын засгийн газар хоорондын 1949 оны гэрээгээр “УБТЗ” ХНН-д ашиглалтын зориулалтаар нийслэл хотод олгосон газруудаар явж танилцжээ. Ингээд нөхцөл байдалтай ЗТХ-ийн сайд, Нийслэлийн засаг дарга, орлогчид, НИТХ-ын дарга нарыг өөрсдийг нь урьж танилцуулсан байна. Ийнхүү эдгээр талуудын хамтын хүчин чармайлтын үр дүнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн харьяа 15 байгууллагын газрыг баталгаажуулж гэрчилгээг нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагч С.Батболд гардуулж өгсөн юм.
Ийнхүү газраа баталгаажуулж авснаар “УБТЗ” ХНН нь ЗСБНХУ ба БНМАУ-ын Засгийн газар хоорондын 1949 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн хэлэлцээрийн дагуу газраа хугацаагүй, төлбөргүйгээр ашиглах эрхээ баталгаажуулан авчээ. Одоо эдгээр 15 газраас гадна “Улаанбаатар”, “Амгалан” өртөө зэрэг 57 газрыг баталгаажуулах ажил үлджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна