Н.Дэмбэрэл: Намаа хоёр хувааж, 32-ын, 33-ын бүлэгтэй болчихоод буй эрхмүүдэд дайх хэдэн хатуу үг байна

2018/10/31
-Яг нэг жилийн өмнө МАН ээлжит Их хурлаа зарлаж, шинэ даргатай болж байсан. Тухайн үед МАН-ын даргад өрсөлдөж Н.Дэмбэрэл өнөөдөр (2018.10.31) өөрийн цахим хуудсаар дамжуулан нэгэн нийтлэлийг түгээлээ. “ЖИЛИЙН ӨМНӨ ИНГЭЖ ХЭЛЖ БАЙЖ… ОДОО Ч АХИАД НЭГ ХЭЛЧИХЬЕ” гарчигтай доорх нийтлэлд анхаарлаа хандуулна уу-

Намынхаа их хуралд төлөөлөгчөөр сонгогдон ирсэн эрхэм журмын нөхөддөө энэ өдрийн мэндийг хүргэе!

Бид яг өнөөдрөөс 509 хоногийн өмнө Монголын ард түмнийхээ маш том итгэлээр УИХ-ын сонгуульд үнэмлэхүй олуулаа ялалт байгуулж хөл газар хүрэхгүй баярлаж байснаа санахад сайхан байна. Урам зориг итгэл дүүрэн тэр үдшийг та бүхэн тодхон санаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Үнэндээ бол тэр өдөр ганц бид биш Монголын нийт ард түмэн, АН-аас болсон улс төрийн гүн хямрал эцэс боллоо гэж нийтээрээ баярлаж байсан.

Гэтэл өнөөдөр бид жил гаруйханы дотор ард түмнийхээ тэр их итгэлийг дааж чадалгүй ерөнхийлөгчийн сонгуульд 3 дахь удаагаа ялагдсан шалтгаанаар намынхаа даргатай хариуцлага тооцон, шинэ дарга сонгохоор их хурлаа зарлан хуралдуулж байна. Намын нэр хүнд үлэмж хэмжээгээр унасан, засгийн газраа огцруулсан, яг дундуураа хуваагдсан УИХ-ын бүлэгтэй, ерөнхийлөгч болон сөрөг хүчинээс огцрох эсэх нь шууд хамааралтай болсон маш эмзэг шинэхэн засгийн газартай туйлын хүнд нөхцөлд энэ намын их хурал хуралдаж байгаа нь нууц бишээ.

Өнөөдөр ч энэ танхимыг 2 хуваана өөр өөрсддөө санал өгүүлэхээр багцлах гэсэн хуучны арга барил бүхий хүмүүс нэр дэвшин өрсөлдөх гэж байна.

Би ичиж бас гайхаж байна. Бид хэзээ ийм өдөр хоногоо аргацаасан сул дорой нам болчихвоо?

Ердөө жилийн өмнө С.Эрдэнийг мөнгөөр намын даргаа худалдаж авлаа гэж шоолж байснаа мартаад, Бид хэзээ ийм итгэл үнэмшлээ бусдад худалддаг, эх орныхоо хувь тавиланг арилждаг нам болчихвоо?

Бид хэзээ ийм нэг нам дотроо 2 гэр барьчихаад хоорондоо өс зангидан хэрэлддэг болов?

Бид хэзээ ийм гэнэн хүүхдүүд шиг сөрөг хүчнийхээ өгөөш бүрийг үмхсэн сул дорой ноомой хүүхэд болчихвоо?

Бид энэ улсын тусгаар тогтнолын баталгаа, хамгийн хүчтэй институт гэдгээ хаана мартчихваа?

Энэ мэт маш олон асуулт надад байна…

Гэтэл хариултыг нь бүгд мэддэг ч хэн ч ярихгүй байгаад гайхаж байна.

Одоогоос 20 жилийн өмнө 1996 онд АН засаг барьж эхлээд өмч хувьчлал явуулахад Монголд өнөөгийн гажуудал эхэлсэн гэдгийг одоо ярих ёстой. Нийтийн баялаг цөөнхийн гарт шударга бусаар шилжиж, түүнийг хуйвалдааны замаар авсан хүмүүс хэт хөлжиж, улс төр намын эрх мэдэл рүү хутгалдаж эхэлснийг бид бүгд санаж байгаа. Өнөөдөр энэ байдал туйлдаа хүрч, эдийн засгийн сонирхол бүхий эрх ашиг Монголын төрийн дээр, эрх барих намын дээр гарсан нь гашуун ч гэсэн үнэн гэдгийг одоо нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Энэ гажууд үзэгдлийн хамгийн том шалтгаан бол бид үзэл санаа, үнэт зүйлсийнхээ дээр хувийн эрх ашгуудаа тавьснаас үүдэлтэй.

Дэлхий даяар ч Ардчилалын уналт хүчтэй явагдаж буйн бодит шалтгаан бол хэт материалыг тахин шүтсэнээс үүдэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрч, улс орон бүр үүний эсрэг бодлого гаргаж шинэчлэл хийж байна. Манай улс ч үүнтэй хөл нийлэх цаг болсоон. Баялгийн тэгш бус хувиарлалт хэтэрч, хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх язгуур зарчим алдагдаж, баян ядуугийн ялгаа эрс өсөж, гадны хөрөнгө оруулалт нэрээр газрын хэвлий дэхь баялгийг ард түмэнд үр ашиггүй хэлбэрээр үрэн таран хийж буйд монгол хүн бүр дургүйцэж байна. Төрийн хяналт суларч, хууль хүчний байгууллагууд улс төржиж, УИХ нь тагнуулын даргадаа барьцаалагдсан нь Монгол төрийн нэр хүнд шалдаа буух шалтгаан болж байна. Нам нь олигархжиж, засгийн газрын гишүүд нь компаниас томилогддог байдал нэгэнт ил болсныг одоо шийдэх цаг болсон. Бизнесийн эрх ашгаараа нийлсэн бүлэглэлүүд өнөөдөр ч манай намын даргад өөрийн ойлголцох хүнээ нэр дэвшүүлснийг бид мэдээгүй царайлах хэрэггүй гэж бодож байна.

00011aa30263d55c7c653c92db99fcdd1af914c1-300x169 Н.Дэмбэрэл: Намаа хоёр хувааж, 32-ын, 33-ын бүлэгтэй болчихоод буй эрхмүүдэд дайх хэдэн хатуу үг байна

Одоо бид ялахын тулд биш юмаа гэхэд түүхийн тавцнаас арчигдахгүйн тулд үнэнтэй нүүр тулах цаг болсон. Таван төгрөгний төлөө ажил хийж болох ч итгэл үнэмшлээ худалдахыг хэрхэвч нутагшуулж болохгүй гэдэгтэй эрхэм журмын нөхөд маань санаа нийлэх бизээ. Аль юмнаас айж алгын чинээ явахав гэдэг шиг журмын нөхөд минь одоо зориг гаргах хэрэгтэй. Том асуудлуудаасаа тойрч зугтан, манай дарга миний эрх ашиг гэсэн явцуу үзэлтэй цааш явах боломжгүй ангалын өмнө манай нам тулж ирээд байна. Нийгмийн уур амьсгал, ард түмний бухимдал манай нам руу чиглэсэн энэ хариуцлагатай үед зоримог, цогц шийдэл хэрэгжүүлэхээс өөр сонголт бидэнд үлдсэнгүй. Намын удирдах зөвлөлөө цөөн хүн бүхий, хурдтай, хүчтэй багаар бүрдүүлж, намын боловсон хүчний цус сэлбэлтийг хааж шантаачлах үр могой болсон НАМЗХ-г татан буулгаж, бага хурлын босгоо өндөрсгөн тоог нь цөөлж, сахилга хариуцлагыг бат сахиулж намын нэр хүнд унагасан хүмүүстэй хатуу хариуцлага тооцдог болох зэрэг хурал болгоноор яригддаг ч шийдэж чаддаггүй эдгээр асуудлыг зориглон шийдэх цаг нь ирсээн. Эдгээр болон өөр олон асуудлуудыг яаралтай шийдэхгүй бол Монголд улс төрийн намын гүн хямрал нүүрлэхэд бэлэн болжээ.

Эцэст нь намаа хоёр хуваачихаад өөрсддөө 32-ын, 33-ын гэдэг нэр өгчихөөд буй эрхмүүдэд дайх хэдэн хатуу үг байна.
МАН-ын 210 гаруй мянган гишүүн, Монголын нийт ард түмэн мөн миний бие та бүхний өмнөөс ичиж байна. Та бүхэн эх орныхоо язгуур эрх ашгийн төлөө гэсэн тангараг өргөж УИХ-ын гишүүн болсноо 500-хан хоногийн дараа мартсануу? Нэг үзэл санаатай гэж энэ намд нэгдээд одоо болохоор тус тусын эрх ашгийн төлөө талцаж нэг танихимд багтаж хурлаа хийж чадахаа байсандаа ичихгүй байна уу? Эх орныхоо язгуур эрх ашиг, үнэт зүйлс, үзэл санаагаа нулимаад нийт ард түмнийхээ итгэлийг сандал суудлаа булаалдан голоор нь хагалж байгаадаа санаа зовохгүй байна уу? Төрт ёс, хариуцлага, ухамсар, итгэл даах чадвар та бүхэнд байна уу?
Та бүхэн эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн байгуул. Болдоггүй юм бол би зуучийг чинь хийе!

Би Эрдэнэбатын ЗГ-ийн огцрох тоолуурыг өөрөө эхлүүлж байсан хүн. Одоо ч энэ байр суурин дээрээ хатуу байгаа. Нам ялалтаа, итгэл найдвараа, ирээдүйгээ бүгдийг нь өөрт нь өгөөд удирдан манлайлж, улс орноо хөгжүүл гээд дэмжээд байхад тэр хүн өөрөө энэ бүхнийг үл ойлгосон. Нийт ард түмэндээ биш нэг хэсэг хүнд үйлчилсэн. Намаа бүхэлд нь биш нэг фракцийг дэмжсэн. Нэг улс үндэстнээ сайхан амьдруулах үүргээ нэг хоёрхон сайдаа эрхлүүлэх үүргээр сольсон. Улсаа хэдэн тэрбум долларын барьцаанд тавиад үрэн таран хийсэн хүмүүстэй хариуцлага тооцож чадаагүй, хуулийн байгууллагуудыг цэвэрлэх ажлыг хийж зүрхлээгүй, илэрхий гэмт хэрэгт шалгагдаж байгаа хүнийг МУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд ямарч арга хэмжээ аваагүй гэх мэт зөндөө алдаа дутагдал гаргаснаасаа болж огцорчихоод одоо юундаа өс зангидаж гүйдийн? Үүрэх ёстой хариуцлагаа үүрч сурчаад улс төрч болох хэрэгтэй гэдгийг та бүхэн мэдэх ёстой.

УИХ дахь намын бүлгийн хуваагдал бол цөөн хэдхэн хүний эрх ашгаа булаалдах тэмцлээс үүдэлтэйг бүгд мэдэж байгаа. Үлдсэн ихэнх буюу ямар нэгэн ашиг хонжоо хайж энэ хагаралыг өрдөж аялдан дагах хүмүүстэй нам хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. Нэг намд 2 өөр үзэл санаа, 2 өөр зорилго гэж байх ёсгүй гэдгийг ямар ч тэнэг хүн ойлгоно. Тиймээс намын шинэ дарга хатуу байр суурьтай байж энэ мунхаг хагаралыг яаралтай цэгцлэх ёстой. Үл дэмжсэн, эс зөвшөөрсөн гишүүдийг намаас хөөх хүртэл арга хэмжээ авах болно гэдгээ нийт төлөөлөгчдийн өмнө амлаж байж тамгаа гардах хэрэгтэй. Нам бол үзэл санаан дээр нэгдсэн байгууллага тул олонхи буюу нийт гишүүдийн эрх ашиг хөндөгдөж буй энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхийг 28-р их хурлын төлөөлөгчид дуу нэгтэй шахаж шийдвэрлүүлэх ёстой.

Сүүлийн үеийн социологийн судалгаан он-лайн асуулгыг харлаа. Бидний рейтинг унаж байна. 50% нь аль ч намыг дэмжихгүй байна.

Миний бие ялахын төлөө биш хэн ч ярихгүй байгаа асуудлыг сонсгохын төлөө намын гишүүний хувьд МАН-ын дарга хэмээх энэ өндөр хүндтэй албан тушаалд зориг гарган нэрээ дэвшүүлэхээ зарласан. Хамт өрсөлдсөн УИХ-ын туршлагатай гишүүн, нуруутай улс төрч Д.Хаянхярваа болон Монгол улсын 30 дахь ЕС У.Хүрэлсүх, журмын хэд Ж.Мөнхбат нарт амжилт хүсэн энэ удаагийн өрсөлдөөнөөс нэгэн болзолтойгоор өөрийн нэрээ татаж байна.

Тэр болзол нь МАН-ын шинэ дарга хэн болсоноос үл хамаарч 60 хоногийн дотор намын эв нэгдлийг хангаж УИХ дахь бүлгийн хуваагдлыг шийдвэрлэх, улс орны хэмжээнд тулгамдсан асуудал болох өрийн дарамт, ЭЗ-ийн хямралын эсрэг том хэмжээний төлөвлөгөөт ажил эхлүүлэх, намын бүтэц зохион байгуулалт- зайлшгүй өөрчлөлтүүдийн хийх, намын харьяалал үл харгалзан өнгөрсөн хугацаанд үйлдэгдсэн гэм хэргийн шинжтэй үйл ажиллагаана-нуудад хариуцлага хүлээлгэх ажлуудыг эхлүүлэх зэрэг таван шаардлагыг тавьж байна.
Хэрвээ Монголын ард түмний эрх ашиг, МАН-ын өмнө тулгамдсан дээрх асуудлуудыг шийдвэрлэхгүй цалгардуулах болон эс үйлдэх аваас миний бие Онц их хурлыг хуралдуулах хөдөлгөөнийг санаачлан эхлүүлэх болно.

Нэр дэвшиж буй Д.Хаянхярваа, Ж.Мөнхбат нарт хандан жирийн үзэл санаа нэгт намын гишүүний хувьд нэгэн санаачлага дэвшүүлмээр байна. Төр хүчтэй байхын үндэс бол эв нэгдэл гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл төрийн эрх барьж буй манай намын дотоод эв нэгдэл хамгаас чухал гэдгийг та онцлон ярьж байгаа. Үүнтэй миний бие ч санал нэгдэж байна. Тиймээс энэ удаа хойшлуулашгүй тулгамдаад буй намын эв нэгдлийн төлөө, Намын дарга Ерөнхий сайд байна гэсэн намын дотоод дүрмийг хүндэтгэн, МАН-ын даргад нэр дэвшин өрсөлдөж буй МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүхийг намын эв нэгдлийг билэгдэн даргаар сонгуулахыг уриалж хамтдаа өрсөлдөөнөөс нэрээ татахыг хичээнгүйлэн хүсч байна.

Ардын нам, Ардын засаг мандтугай


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна