Оршил
Хүмүүс нь ирж буцаж байсан ч мөн чанар нь үлддэг зүйлийг төр гэдэг. Сэлэм Тогмидуудыг дагуулсан сэлэмтэй хүн ирлээ. Ингээд л шударга ёс тогтчихдог бол мөн гоё оо. Бүхэл бүтэн 28 жилийн турш араараа тавиулсан бид мэтийн хүнд чинь бас нэг бодол байна аа. Сэлэмтэй хүмүүс ирсэн шигээ буцахгүй бол яахав. Цаашид ирсэн шигээ байхгүй бол яахав. Эсвэл тэд буцахдаа нөгөө мөн чанар гээчийг хармаалж аваад явчихвал яахав. Яг Эби Монголын саалийн ганц үнээг хөтлөөд тэр чигээрээ голордог шиг...
Нэг хонгил нөгөөгөөр солигдвол яахав. Нэг МАНАН өөр нэг МАНАН-гаар үргэлжлэн суунаглавал яахав. Иргэд У.Хүрэлсүхэд үнэн хайртайдаа түүнийг дэмжив үү? Ийм угсраа олон асуулт намайг шаналгаж, тархи яг задрах нь. Гэвч энэ бүхнийг эс өгүүлэн Монголын улс төрд чухам юу гээчийн чөтгөрийн зүйлс болоод өнгөрснийг ахин нэг зураглах гэж оролдъё.
Эхлэл
Монголын улс төрийн бүх цаг үеийн шилдэг довтлогч Ц.Нямдорж загас шиг дуугүй... Хамгийн ихийг мэдэж байгаа тэр хөгшин хамгийн чимээгүй суух нь тун зовиуртай. Залгаад их хурлын дарга Ми Энхболдын гэнэт алга болж, огцом ил гарч ирдэг нэн түгшүүртэй парадокс. Хов хоосон танхимд 50 гаруй насны эр ганцаараа ярьж, модон алх цохино. Аймаар HORROR... Яг ийм дэвсгэр дээр жүжиг эхэлнэ. Зарахаар завдсан биш, зарагдсан төрийн тухай өгүүлэх хоёр бүлэгт, 73 үзэгдэлт жүжиг. Мэдээж өнгөн дээрээ улстөрийн сэдэвтэй гэх авч шууд арилжааны сэдэвтэй бүтээл. Бусад тайзны бүтээлүүдэд тавигддаг шиг сайн, муу хоёр баатартай.
60 тэрбумтай хүн болон Засагтай мөн сэлэмтэй хүн хоорондын зөрчил тэмцлээр дамжуулан монгол төрийн багийг хуу татна. Жүжгийг малчид, өндөр настнууд ХААН банкны үүдэнд, хөхүүл эхчүүд эмнэлгийн шалан дээрээс, 3-4 ээлжээр хичээллэдэг дунд сургуулийн манаач харуулынхаа шовгорт, НӨАТ-ийн азтанууд бааранд, эмч нар хагалгааны ширээн дээрээс, хүүхэд нь сугалаагаар цэцэрлэгт орсон эцэг, эхчүүд гэртээ, төрийн албан хаагчид улсын компьютер дээр кэнди краш тоглонгоо, оюутан залуус бөөнөөрөө PUB-д цуглаж, үлдсэн нь утаа түгжрэл дунд мэдээллийн бүхий л хэрэгслээр шууд хүлээн авсан юм. Жүжгийг бүгд сонирхсон болохоор үзэгдэл тус бүрээс өөрт онцгой санагдсаныг нь түүвэрлэн нэрлээд л явчих нь зөв байх.
Дүрүүд
Гавьяат дуучин Жавхаагийн хэлснээр туслах дүрд 3-р ээлжийн цөөвөр чононууд мөн хонзогногч 1 ба 2-р ээлжийнхэн тоглов. Тэдэн дээр ЖДҮ, концессчид болон 60 тэрбум, 30 гэр бүлийн зарим гишүүн нэмэгдэнэ. Угаасаа жүжгийн турш баахан тоо яригдана. Тэрнийг бид ойлгохгүй, тиймээс орхи гэж зөвлөе. Эцэст нь АН-ын самуурайнууд, бие даагч 1.
Өрнөл
“Засаг унагах” болон “Хонгил нураах” хоёр бүлгийн гишүүдийн бие халаалт эхэлнэ. Яг хоолны өмнө 100 гр татдаг шиг. Бүх гишүүд дүрмийн дагуу 2+1=3 минутанд багтаан ард түмэн эх орондоо ямар их хайртай болох талаараа туульс хайлна. Тэд өөрөөсөө бусдыг худалч, хулгайч, луйварчин, дээрэмчин, урваач шарваач гэж цоллоно. Тэдний хэлсэн бүхэнд итгэж болно. Учир нь тэд их хурлын танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй хуулийн заалттай юм. Тэрнийгээ мэдэхийн дээдээр мэдэж байгаа, цаадуул чинь...
Уг нь хуулийнханд бол маш олон, маш ноцтой гэмт хэргийн сэжүүр, олс дээсний үзүүрийг тэд яг энэ танхимд л атгуулдаг. Даанч шалгахгүй учраас энэ тухай мартсан нь дээр. Хүн хууль, татвар хоёрын дор төрж мөн эдний доор үхдэг жамтай. Харин энэ жүжиг “Хүн намын дор төрж, намын дор үхэх болно” гэсэн сонгодог бас шинэлэг санааг дэвшүүлснээрээ онцгой юм. Өнөө цагийн шинэлэг зүйл гээч нь сайтар мартагдсан хуучин түүх юм. Гишүүдийн хэлсэн туульс нь Жангарын нэгэн адил маш олон оргил хэсгүүдтэй. Оргилын оргил нь 36 лицензтэй гишүүн “Монголыг залгисан 30 гэр бүлийн нэг нь би мөн үү?” гэж асуусан явдал.
Хариулт нь:
-Та мөн...
Үнэн супер. Гайхамшиг үргэлжилнэ.
Орос ардын үлгэрт ээжийг нь эзгүйчилсэн чоно долоон ишгийг нь хуураад нэг дор идчихдэг юм. Монгол ардын намын үлгэрт болохоор анх хаалга тайлсан ишиг нь чоноо идэх гэж дайрч байгаагаар дүрслэгдэнэ. Солонгост харласан монгол ишигний үлгэр ийн оршвой. Чоно ах нь түүнийг Монголд татаж авчирсан бололтой юм ярьдаг. Харин өнөөх нь өөдөөс нь чоно ахынхаа төлөө гэрийнхээ үүдийг тайлсан бололтой юм ярьдаг. Тэгсэн өнөө Солонгосоос авчирсан ишиг нь нутагтаа ирээд өвс идэхийн оронд 370000 тонн нүүрс идэж, 430 ам дөрвөлжин тансаг байранд амьдарч, 700 саяын алтан цаг зүүнэ. Бас өөр юу юу ч уусан юм. Рулет тоглох дуртай, шүлэг бичдэг. Эхнэртэй. Эхнэрийнхээ ээрмэлийн машиныг зарж байшин авсан гэж өчдөг хуйхтай ишиг.
Монголын улс төрд чимэг болон хайрлагдсан Ч.Улаан гуай тайзан дээрээс үнэн гоё яруу найраг уншина. Өнөөх шүлэгч ишгийг үндсэнд нь ажилгүй болгочихсон. Алсаан алсан, үнэн nice. Энэ үзэгдлийг юутай жишмээр юм бэ? Номгүйн гуниг, заа тэр Учрал ба Хагацал, үхэрчин хүү Цэрэнбаяр, Билэгт аниагийн билэггүй муухай үгсийн дэргэд бол Ч.Улаан гуайн шүлэг хамаагүй ориг, хамаагүй үнэмшилтэй сонсогдсон л доо. Хаа очиж энэ парламент хэдэн давгүй яруу найрагчтай. Тэднээс цолгорсон хоёр нь Өвөрхангайн Жамъян гүний Мөнхбат, Ховдын Бөхчулууны Пүрэвдорж нар байсан юмсан. Байлаа гэсний учир нь энэ хоёр дээр Ч.Улаан, Б.Энх-Амгалан нар цахиур хагаллаа. Б.Пүрэвдоржийн тайзан дээр хэлсэн үгийг анхааран сонсохуйд тэрээр энэ парламентад хоёр жил хагас хэртэй суухдаа гадаад хэл дээр оросоор 1 (набород), англиар мөн 1 (crisis) нийт хоёр ширхэг шинэ үг сурчээ. Bravo... Үгийн дуудлага тал дээрээ анхаармаар санагдсан. Харин манай Улаан ах сэлэм барьсан талд дахин чимэг болон үлдэв.
Санал хураалтын тухай
Ер нь манай улстөрчдийг хавтгайд нь бөхчин болон жүжигчин гээд 2 ангилж болно. Ингэвэл ойлгоход хамаагүй амар. Жүжигчин-бөх (хос мэргэжилтэй) Б.Энх-Амгалан Чингис хааны айлдвараас эш татаж, бошиго үзүүлэв. Энэ нь ангиллын хувьд бөө мөргөлийн яруу найрагт тооцогдоно. Үүний хажууд Ч.Улаан гуайнх бол сэдвийн хувьд хамаагүй гэгээн, иргэний утга уянгын шинжтэй байсан юм. Б.Энх-Амгалан гээч уг нь Ми ноёны албат бөгөөд түүний нэр дээрээс босч барилдаж улсын цолонд хүрсэн залуу бөх бас ирээдүйтэй жүжигчин. 2017 оны Ерөнхийлөгчийг сонгох их даншигт Ми ноёноо засч байлаа, уг нь. Харин тэр энэ удаа:
-Ямар хамаатай юм. Ноён л бол ноён. Ялсан нам манай нам. Ялсан, ялах ноён миний ноён.
...Гэж шүлэглэвэй. Ер нь бол монгол төрийн үр могойнуудын хэв шинжит дүр. Гэхдээ могой ч бас хайрын, шударга ёсны даавар ялгаруулж болно гэдгийг мэргэн ард ойлгож авлаа.
Шадар (Б.Энхтүвшин) харин садарласангүй. Гэхдээ л “Манай нөгөө хэд надад ирж юм яриад байгаа” гэж айлгүйтнэ лээ. Лүндээ гуай ямар ч үед үнэн цоглог cool хүн юм. Африк ардын зүйр цэцэн үгээр аргадаж зэмлэнэ. Африкт туршлага судалж яваад ирсэн бололтой хэсэг алга болсон. Гэхдээ мань хүн Африкаас улс төрийн чиглэлээр биш, угсаатан судлалаар юм зууж ирсэн бололтой. Аз жаргалын гормон ялгаруулалтаараа тэр үеийнхнээ тэргүүлнэ. Их хуралд нас бол зүгээр л тоо юм гэдгийг харуулан суудаг хүн. Харин “Спирт бал бурам”-ын Элдэв-Очирын бал бурам шиг үг үнэн янаг сонсогдов. “Никитон”-ы “Янаг цэцэг”-ийг бут цохино.
Ер нь л чуулган хэмээх жүжиг үзэх бүртээ би өөрийгөө усан тэнэг хүн гэдгийг мэдэрдэг юм. Чуулган гэдэг үг угаасаа дотор арзайм, эвгүй хүйтэн мэдрэмж төрүүлээд удаж байна. Ямар могойн чуулган биш дээ. Ядаж байхад эндээс дандаа үр могой л төрөх юм. Тиймээс чуулганы нэрийг сольж дээд, доод танхимд хуваах санаа аль эртнээс яригдаж эхэлсэн. Ерөөсөө 76 могойг чуулуулахгүй байх нэг санаа цаагуур чинь яваад л байгаа.
ЯНГҮГ-ийн Содбаатар гэхээр яагаад ч юм малын өвчин санаанд ороод байдаг юм. Жидүү уг нь малын өвчин, хүнд тэр тусмаа төрийн хар хүнд халдварлахаараа ДОХ-оос аюултай гэдгийг түүнээс мэдэж авлаа. Харин Лүн Дамба, хоёр Жавхлан ЕС-ын төлөө кнопдож, шударга ёсны оноогоо авлаа. Уг нь 4 тэрбумаар үнэлэгдэж байсан Жавхлан энэ удаа шударга ёсны номинацид тэргүүлэв. Түүнд үүнээс өөр сонголт үлдээгүй ч биз.
Ер нь бол МАНАН-гийн сүүл нь 6:3=9=АН юм. Сөрөг хүчнээс Ж.Батзандан (Энэ яг зандан уу?), Лу.Болд, нөгөө нэг эвгүй эрхтний нэртэй Мурат нар харин У.Хүрэлсүхэд алтан базер дарж, ард түмний дунд нэрээ өндөрт өргөж чадлаа. Энэ явдалд ихэд баяссан итгэмтгий цайлган монголчууд Муратыг “Дахин муухай эрхтний нэрээр нэрлэхгүй ээ” хэмээн дотогшоогоо өмөлзөв. Миний ардын сэтгэл цагаан билээ.Тэрээр дурлалт бүсгүй Бахытгүлийнхээ өмнө моральный ялалт байгуулж чадлаа. Эр хурга.
Өөр нэг сонин тохиол нь энэ парламент гурван Энхболдтой юм байна. Бүр Л, М, Н гэсэн цагаан толгойн үсгийн дарааллаар овогтой. Хүмүүс М, Н хоёрыг нь танина. Харин энэ Л... гэж хэн бэ? GOOGLE-ээр хайлт хийж үзэхэд хамгийн аймаар нь үнэхээр Л.Энхболд гэж гишүүн гарч ирсэн. Бурхан минь. Тэр 15 ширхэг хурдан удмын даагатай хамт зургаа авахуулсан байв. Тэрнийгээ мөн 15 хүнд бэлэглэжээ. Албан ёсны мэдээ шүү. Арго багшийн Даахи бурхан биш арван таван айлын авдар дээр заларсан Даагатай бурхан юм билээ. Базарваань.
TBD гишүүн бас их гоё юм яриад, түүндээ өөрөө уяраад уйл луу яалаа. Гэсэн авч яг кнопддог дээрээ сөрсөн базаа хийж этр.
Харин Ба аварга анх ЕС-ыг дэмжээд баруун сэнжигний барьцтай зогсож харагдсан. Цэнхэр дэлгэцийн өмнө тогтуухан өрж байгаад яг санал хураадаг дээр огцом зүүн сэжиж дайраад, үзэгчдээ болон итгэгчдээ ташраар нь өвдөглүүлж байгаа юм. Ясны барилдаанч хүн л дээ. Монгол төрийн наадамд 16 (12+4) түрүүлсэн туршлага нь хаачихав. Уг нь ЕС-тэй нутаг нуга ч гэдэг бил үү, тэдний баахан архидацгаасан согтуу зураг цахимаар нэг яваад л байсан. Яалт үгүй уран гоё барилдаан үзүүлсэн.
Дүгнэлт
Энэ бүхнийг базаж ойлгоход “Хулгайч хулгайчаа хулгайч гэж хэлэв”. Ийм л дүгнэлтэнд хүрч болно. Монгол төрд хулгай битүү байна. Асуудлын гол нь их идсэн үү, бага “шаасан”-уу гэдэгт л байна. Хүрээний бузраас хагас ч болов салгаад өгөх байх гэсэн горь найдлага тавьсан ардчилсан улсын ард иргэд арай бага хуссан гэдэг утгаар нь коммунист намын даргаасаа “Шударга ёсыг тогтоогоод өгөөч” гэж гуйх хүртлээ алиагаа алдсанд л жүжгийн гол эмгэнэл оршино. Ард түмний хүслээр энэ удаад сэлэмтэй хүмүүс ирлээ. Гэтэл сэлэм буруу эргэвэл яахав.
Ард түмэн У.Хүрэлсүхэд хайртайдаа дэмжсэн үү? Эсвэл энэ бүхэн зүгээр л андуурал уу? Засаг үлдсэн нь ялалт мөн үү? Эсвэл бүх юм одоо л жинхнээсээ эхэлж байна уу? Үзэгч надад нэг айдас байна. Ардчилал муу тогтолцоо гэдэг нь үнэн. Гэхдээ үүнээс илүү сайныг бодож олоогүй байгаа өнөөгийн дэлхий ертөнцөд Туулын мөсийг долоох шахам байж олж цуглуулсан, хурааж хумьсан бүх ололтоо бид тавиад туучихгүй байгаа? Бид дээшээ гарсан нэгнийгээ цадтал нь хооллож байгаад уйдаад ирэхээрээ ямар ч хариуцлага тооцохгүйгээр зүгээр л түлхээд унагачихдаг хэтэрхий мэргэн ард.
Нэг МАН-гасаа бид нийлж байгаад энэ удаа жаахан айлгаад авлаа. Гэхдээ тэр яваагүй байна. Явахыг ч хүсэхгүй байгаа. Явахыг хүсэхгүй байна гэдэг тэр цадаагүй байгаа гэсэн үг. Түүний цадахгүй байгаагийн цаад шалтгаан нь бидэнд дахиад хэтэрхий их баялаг байгаа гэсэн үг юм. Үхтэл нь хөхнө гэдэг шиг...Тэр юу таглаж суугаа учраас суурин дээрээсээ ховхорч өгөхгүй байгаа нь сонин. Магадгүй түүний манаж суугаа нүхэн дотор бидний төсөөлснөөс ч маш аймшигтай зүйлс, түүгээр хооллогч маш олон жижиг үр могой нууцаар чуулж байдаг ч байж мэдэх юм. Том могой Бээжин эсвэл Сөүл рүү эмчилгээнд явна. Тэр явахдаа суудлаа тавьж өгөхгүй. Энэ хооронд бид мартана. Тэр биднийг ийнхүү тайвшрахыг хүлээж байгаад нэг л өглөө аядуу зөөлхнөөр эргээд ирэх биз. АТГ, шүүх, прокурортойгоо хамт. Эсвэл могойн чуулганыг тараахаар ч юм уу.
Одоохондоо төр төвшин, түмэн амгалан болов. Нуур амар бол нугас амар гэдэг. Одоохондоо шүү. Болтугай, болтугай... Харин жүжиг төгсөх болоогүй байна. Магадгүй өрнөл нь ч эхлээгүй байж мэдэх юм.
Б.Эрдэнэсолонго
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна