Оюутолгойн ХОГ-ний 7.3 дугаар заалт хэрэгжиж, БНХАУ руу урсгаж буй валютын урсгал татрах нөхцөл бүрдлээ

Х.Батсайхан
1 цаг 9 минутын өмнө

“Рио Тинто” групп Засгийн газартай 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т “Хөрөнгө оруулагч нь Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш 4 /дөрөв/ жилийн дотор Оюу толгой төслийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ Монгол Улсын нутаг дэвсгэр дэх дор дурдсан нэг буюу түүнээс дээш эх үүсвэрээс сонгон хангана” гэсэн заалт бий. Харамсалтай нь, энэ заалт өнөөдрийг хүртэл биелээгүй.

“Оюутолгой” ХХК 100 хувь БНХАУ-аас буюу Өвөрмонголын цахилгаан түгээх сүлжээнээс эрчим хүчээ авч, жил бүр 150 орчим сая ам.доллар төлж ирсэн.

Бүтээн байгуулалт эхэлсэн 2010 оноос тооцвол 17 жилд манай улсын эрчим хүчний салбарыг тэтгэх байсан лав л хоёр тэрбум гаруй ам.доллар гадагш урссан гэсэн үг.

Гол нь, Оюутолгойг эрчим хүчээр хангах эх үүсвэрийг барьж чадаагүйгээс болж ийм нөхцөл байдал үүссэн. Үүнд манай буруу ч бий, “Рио Тинто”-гийн оролцоо ч байдаг. Тавантолгойн ДЦС гэх төслийг бүтэлгүйтэхэд аль, алиных нь оруулсан хувь нэмэр үлэмж учраас ингэж бичиж байгаа юм.  

Бүтэлгүйтсэн, бүтэлгүйтсээр буй Тавантолгойн ДЦС

Манай буруу нь мэдээж ойлгомжтой, Тавантолгойн ДЦС-ыг бариагүй. “Рио Тинто”-гийн оролцоо гэдэг нь Оюутолгойг эрчим хүчээр хангах эс үүсвэрт хөрөнгө оруулах агуулга бүхий “Өмнийн бүсийн эрчим хүчний салбарт хамтарч ажиллах гэрээ” гэгчийг Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулахдаа 2009 оны ХОГ-ний 7.3-ыг түдгэлзүүлэх заалтыг лоббидож оруулсан байж болзошгүй асуудал.   

Монгол Улсын Засгийн газар уг гэрээг 2014 онд Оюутолгой ХХК-тай байгуулсан бөгөөд манай талын гол сонирхол нь Тавантолгойн ордод түшиглэсэн, нүүрсээр ажилладаг цахилгаан станц байгуулаад тэндээсээ Тавантолгой, Ухаа худаг, Оюутолгой, цаашлаад Өмнийн бүсийн хэрэглэгчдийг хангах явдал байсан.

“Оюутолгой” ХХК-тай гэрээ байгуулсан нь хөрөнгө оруулалт авах гэснийх байв. Гэтэл уг гэрээний 1.4.1-т “Оюутолгой ХХК Тавантолгой дахь цахилгаан станцын төсөл дэх оролцоо үргэлжилж байгаа нөхцөлд эрчим хүчний хэрэгцээгээ Монгол Улс дахь эх үүсвэрээс хангах үүргийг тус компани заавал биелүүлэх шаардлагагүй” гэсэн заалт оруулж, улмаар хөрөнгө оруулалгүй Монгол Улс, монголчуудыг хууран мэхэлсэн юм. Засгийн газар, “Рио Тинто” 2018 оны сүүлээр шинэ гэрээ байгуулсан ч “Рио Тинто” бүхэл бүтэн дөрвөн жил гэрээний үүргээ зөрчсөнийхөө төлөө хариуцлага хүлээгээгүй.

Төр гэх юм уу, төрийн нэр барьсан этгээдүүд хамтран оролцогч болж, хариуцлагагүй ажилласнаас Монгол Улс эрчим хүчний борлуулалтаас жилд 150 сая ам.доллар олох боломжоо алдсаар байгаа.

Шинэ шийдэл буюу Оюутолгойг сэргээгдэх эрим хүчээр хангаж, валютын урсгалыг дотоодод авч үлдэх боломж бүрдлээ  

Тавантолгой ДЦС гэх төсөл үлгэр домог болтлоо хойшилж, гадагшаа мөнгө урсаж байх хооронд сэргээгдэх эрчим хүчний салбар үсрэнгүй хөгжиж, шинэ боломжууд гарч ирсэн. Эрчим хүчний яам энэ боломжийг олж харснаар Оюутолгойг эрчим хүчээр хангах шинэ хувилбар хэрэгжихээр болж байна.

ЭХЯ говийн бүсэд 99.5 хувийн найдваржилттай, тогтвортой эрчим хүч нийлүүлэх сэргээгдэх эрчим хүчний төслийн аукционыг өнгөрсөн наймдугаар сард зарлаж, өнгөрсөн пүрэв гарагт ялагчийг тодруулсан.

Аукционд "Энвижн Монголиа Нью Энержи" ХХК, "Энвижн Энержи" ХХК, "Шанхай Рүйжин Энержи Технологи" ХХК-иудын түншлэл “Нийт 268 МВт-ын эрчим хүчний хангамжийг нарны цахилгаан станц (PV), салхин цахилгаан станц (WPP) болон IMPIC-ээс импортлох цахилгаан эрчим хүчийг хослуулах замаар бүрдүүлэх” санал ирүүлсэн бол “Нет Зеро Тек ХХК”, “М Си Эс Интернейшнл ХХК, “Өвөр Монголын Эрчим хүчний олон улсын хамтын ажиллагаа ХХК”-ийн түншлэл “Нарны цахилгаан станц, салхин цахилгаан станц, батарей хуримтлуурын систем болон хийн цахилгаан станц гэсэн эх үүсвэрүүдийг хослуулан Оюу толгойн тасралтгүй, найдвартай эрчим хүчний хэрэгцээг хангах” санал ирүүлснээр ялжээ. Ялагч түншлэл $7.90 цент/кВт-ын үнэ санал болгосон нь өрсөлдөгчөөсөө хямд байсан аж.

Сэргээгдэх эрчим хүчний станцын нэг том давуу тал нь бүтээн байгуулалтын хугацаа маш богино байдаг тул 2009 оны ХОГ-ний 7.3 дугаар заалт бүрэн биш ч хэрэгжихээр болж байгаа нь сайшаалтай.

Маргаантай асуудлууд

ЭХЯ тендер зарласнаас хойш, ялагчийг зарласны дараа  Оюутолгойн эрчим хүчийг сэргээгдэх эх үүсвэрээс хангах нь найдвартай биш, цаашлаад БНХАУ-тай тогтворжилт хангах гэрээг “take or pay” буюу авахгүй байсан ч төл нөхцлөөр хийж, улс орныг алдагдалд оруулах гэлээ, 530 МВт-ын тендерийн шаардлага тавигдсан байхад 270-ыг л барих санал өгсөн компани яллаа” гэсэн шүүмжлэл гарч буй.

Энэ нь “Оюутолгой” ХХК гэсэн том худалдан авагч, түүнээс орж ирэх орлогыг хэн хүртэх вэ гэсэн тэмцэл өрнөж байгаа юм байна гэсэн сэтгэгдлийг төрүүлж буй. Сэргээгдэх эрчим хүчний төслийн ялагчийн санал болгосон үнийн дүн урьд өмнөх аукционоор ирсэн саналуудад туссан үнийн ялгаа, “Тавантолгойн ДЦС-ын тендер зарлагдахад бэлэн болоод байгаа гэх мэдээлэл зэрэг нь ийм сэтгэгдэл төрүүлж буй.

Гэхдээ, ямар ч асуудалд гарц, гаргалгаа бий. ЭХЯ-ны гаргасан гарц шийдэл бол зоригтой, 16 жил гацсан асуудлыг шийдсэн бодит ажил болж чадлаа. БНХАУ-тай байгуулах тогтворжуулалтын гэрээний нөхцөлийг ашигтай байлгах тал дээр төсөл хэрэгжүүлэгч хувийн хэвшил нь анхаарна биз.  

Харин Тавантолгойн ДЦС л найдвартай гэдэг байр суурь илэрхийлэгчдэд хэлэхэд, одоо ч гэсэн Тавантолгойн ДЦС барих орон зай байгаа бөгөөд үнэхээр барьж чадвал найдвартай байдлаараа Оюутолгой болоод өмнийн бүсийн хэрэглээг хангахад дэм л болно. Монгол Улс одоо ч чадлын дутагдалтай, гэтэл найдвартай байдлаа хангахын тулд 20 хувь илүү чадлын эх үүсвэртэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, эрчим хүч бизнес болох замдаа нэгэнт гарсан байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна