УИХ-ын дэд дарга Я.Санжмятав Их Хурлын даргыг огцруулах бичигт гарын үсэг зуржээ
УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн тоо нэмэгдэж, Парламентын үйл ажиллагаа гацаанд орсон хэвээр байна.
Тэгвэл гарын үсэг зурсан гишүүд дээр УИХ-ын дэд дарга Я.Санжмятав нэгдсэн нь анхаарал ихэд татаж буй. Энэ талаар түүнээс тодрууллаа.
УИХ-ын дэд дарга Я.Санжмятав “Надтай надгүй 38 гишүүн гарын үсэг зураад парламентын олонхи гадна талдаа гарчихсан байна. Нийгэм нэлээд бухимдуу байгаа энэ цаг үед бол Ардчилсан орны хувьд бид нар тодорхой шийдвэр гаргах ёстой. Хамгийн гол нь Монголын парламентын үйл ажиллагаа гацаж болохгүй. Энэний төлөө л гарын үсэг зурсан. Тэрнээс М.Энхболд гэдэг хүнтэй ямар нэгэн байдлаар тооцоо бодох ч гэдэг юм уу,ямар нэгэн байдлаар аль нэгэн бүлэглэл рүү орсон ч юм уу гомдож барьсан асуудал байхгүй.
Парламентын гацааг гаргаж байж, Засгийн газрын гацааг гаргаж байж Монгол төрийн ажил явахгүй бол хүнд байна. Зөвшилцлөө хийгээчээ, болохгүй бол хоёр гурав хуваагдсан бүлэглэл гэдэг юм уу хэсэг болчихсон асуудалд төлөөлөл гаргаад тал талаасаа уулзаачээ гэсэн. Уулзаад үр дүнд хүрсэнгүй. Сураг нь 3 удаа уулзлаа үр дүнд хүрэхгүй байна гэж байна. Төрийн гурван өндөрлөг байж байна. Гурвуулаа хоорондоо уулзах ёстой.
Энэ чинь ганцхан М.Энхболдын асуудал биш шүү дээ. У.Хүрэлсүхийн асуудал, Х.Баттулгын асуудал,бүхэлдээ энэ Монгол улсын эрх ашгийн асуудал. Тийм учраас Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл хуралдаж асуудлыг нэг тийш болгох хэрэгтэй. Тиймээс л учраас би энэ гарын үсгийг зурсан" гэлээ.
Мөн Та чуулганы хуралдаанд суухгүй гэсэн үг үү гэх сэтгүүлчдийн асуултад “МЭДЭЭЖ суухгүй”, АН-ын бүлэг Их хурлын даргыг огцруулна гэдэг байр суурьтай байгаа гэж ойлгож болох уу? гэсэн асуултанд “Байгаа. Бид нар намаржин ярьсан” гэдэг байр суурийг илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна