С.Сүхбаатар: Зарчим ярьсан хүнийг хууль хяналтын байгууллагаар дарамталдаг

2018/12/19
      МАН-ын 28-р их хурлын III бага хурал үргэлжилж байна. Шударга нийгмийн төлөөх олон олон нааштай шийд гаргаасай гэсэн нийгмийн хүлээлт болсон тус хуралдаанаар бага хурлын гишүүд нээлттэй үзэл бодлоо илэрхийлсээр байна...

ДУНДГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ХУРЛЫН ДАРГА С.СҮХБААТАР:


 
Дундговь гэж жижигхэн аймгийн жижигхэн дарга үгээ хэлж байна. У.Хүрэлсүх даргын илтгэлийг дэмжиж байна. Асуудлаа шударга ярьж нэг талдаа гарах нь зөв. Ийм нөхцөл байдлыг би өөрийн биеэр аймаг дээрээ үзсэн юм. 2012-2016 онд манай аймаг дээрээ сөрөг хүчин болчихсон тэр үед үнэхээр хэцүү байсан. Манай намын зарим нөхөд урваж шарваж хурлын дарга нь санаачлаад Засаг даргаа огцруулах ажлыг хийж байсан. Тэр нь цаанаа нам дамжсан хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн захиалга байсан түүхтэй. Энэ үйл явдлын зорилго нь “Мон Уран”-ны Б.Наранхүү гэдэг нөхрийг Дундговьд дархалж авах 2016 онд дахиж гаргаж авах зорилготой хуйвалдаан байсан юм. Тухайн үед би намын дарга, Засаг дарга байсан учраас би Б.Наранхүүг дэмжээгүй. ТЭМЦСЭН. Түүнийхээ төлөө намаа хоёр хувааж эв нэгдлийг хангаж чадаагүй хэмээн цоллуулж янз бүрээр хэлүүлж байсан. Үнэхээр ч хоёр хуваагдсан. Нэг хэсэг нь намаа өмгөөлж зарчим дээрээ зогссон. Нэг хэсэг нь өнгө мөнгөө дагаад явсан. Үүний цаана хэн байсан бэ гэдгийг хэлэхээ больё. Аяндаа ойлгогдож байгаа байх. Зарчим ярьсан хүнийг хууль хяналтын байгууллагаар дарамталдаг. Намайг хүчээр шоронд хийхээр ч оролдож байсан. Жижигхэн маргаан бие биедээ гар хүрсэн асуудлыг маш өндөрт гаргаж тухайн үеийн аймгийн Цагдаагийн даргаар Б.Наранхүүгийн захиалгаар тавигдсан хүнээр дамжуулан дарамталсан. Прокурор нь нийлээд хуйвалдсан. Ийм асуудал байгаад байгаа юм. Энэ нь тэр МАНАН гэдэг нь юм уу юу гэдгийг нь би мэдэхгүй. Нам дамжсан хууль хяналтын байгууллагатай хуйвалдаж хөрөнгө мөнгөний төлөө нэгдсэн зүйл байдаг. Тэгээд эв нэгдэл гэж худал хоосон ярихгүйгээр болохгүй байгаа хүмүүстэйгээ хариуцлага тооцож хуралдаад нэг талдаа гараад асуудлаа цэгцлээд  явсан. Тиймээс намын даргын оруулж байгаа асуудлыг дэмжиж байна. Энэ бол хоёр лидер нэгнээ дарах гэж байгаа асуудал биш. Энэ бол 60 тэрбумтай холбоотой асуудал. 60 тэрбум хэрэгжсэн хэрэгжээгүй талаар яриа биш. 60 тэрбумын бичлэгээс ард түмэн Ардын намын талаар маш муухай ойлголт авсан. Ялангуяа залуучууд маш гүнзгий хүлээж авсан. Тиймээс бид үүнийг баллуурдах хэрэгтэй. Үүнийг шийдвэрлэхгүйгээр дараагийн сонгуульд ялалт байгуулна гэдэг горьдсоны гарз. Ялангуяа орон нутагт бид хэлэх үг байхгүй болно. Тийм учраас их хурлаараа сонгож баталсан намын даргынхаа шийдвэрийг дэмжих ёстой. Дэмжихгүй бол энэ даргатайгаа ажиллахгүй гэж бодож байгаа юм байна гэж ойлгоно. Тэгвэл 2020 оноос өмнө дараагийн их хурлаа хийх юм уу яах ёстой юм бэ. Бидэнд тийм цаг зав байхгүй. Ийм арчаагүй байдал гаргаж болохгүй.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна