“Улаанбаатар эмпати” сургуулийн захирал, Турк улсын иргэн Вейсел Акчайг өнгөрсөн долдугаар сарын 27–ны өглөө гэрийнх нь гаднаас хулгайлж, тэр өдөр Туркаас тусгай үүргийн “ТТ4010” онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардаж байв. Үүнээс хойш хууль хүчний байгууллагууд түүнд хилийн хориг тогтоож хэргийг шалгаж байгаа гэх боловч тоймтой хариу өгөхгүй байсан юм.
Сүүлд Вейсел Акчай НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газарт хамгаалалт хүссэн захидал хүргүүлсэн талаар мэдээлэл гарч байсан. Тэгвэл Вейсел Акчай Монгол Улсын хилээр гарчээ. Энэ талаар Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөнгөөс тодрууллаа.
–Турк улсын иргэн Вейсел Акчай хилээр гарсан талаар мэдээлэл өгөхгүй юу?
– Вейсел Акчайг хуулийн байгууллага шалгаж мөрдөн байцаах газраас прокурорт хүсэлт тавьж хилээр гарахыг нь хориглосон байсан. Манайх прокурорын шийдвэрийн дагуу хилээр гарах асуудлыг нь зохицуулж системдээ оруулсан. Харин прокуророос “Вейсел Акчайг хилээр гаргахгүй байх шалтгаан байхгүй” гэсэн бичиг ирсний дагуу цуцалсан. Үүнээс хоёр хоногийн дараа хилээр гарсан. Өнгөрсөн сарын 30-нд Буянт-Ухаагийн хилээр гарсан. Хонгконгийн онгоцонд суусан байдаг.
–Өөрийн хүсэлтээр гэсэн үг үү. Турк явсан уу?
-Өөрийн хүсэлтээр хилээр гарсан. Турк руу яваагүй байх. Хилийн хориг цуцлагдсан учраас Монголоос гарахад нь саатуулах эрх бидэнд байхгүй.
–Гэр бүл нь хамт явсан уу?
-Гэр бүл нь Америкт байгаа гэж дуулдсан. Монголоос эрт гарсан.
–Монголд хэдэн жил амьдарсан юм бол?
-Вейсел Акчай 2004 оны тавдугаар сард Монголд орж ирэхдээ хөдөлмөр эрхлэгчээр орж ирсэн. Сүүлдээ хөрөнгө оруулагчийн статусаар амьдарч байсан.
–Түүнээс өөр турк иргэн нутаг буцсан уу?
-“Эмпати” сургуулийн салбарууд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Баян-Өлгийд байна. Турк сургуулиудад 64 иргэн ажиллаж байгаагаас 26 нь багшилж байна. Бусад нь гэр бүлийнх нь хүмүүс. “Эмпати”-д зөвхөн турк биш филиппин иргэд багшилдаг.
“Эмпати” сургуулийн хөрөнгө оруулагч нэг л хүн байсан нь Вейсел Акчай. Бусад нь хөдөлмөр эрхлэгчээр бүртгэлтэй. Өнгөрсөн долоо хоногт Туркийн 6-7 иргэн Монголоос гарч явсан. “Эмпати” сургуулийн өмчийн хэлбэр өөрчлөгдөж Германы өмчид шилжсэн учраас эдгээр иргэд гарч явсан байх. Харин сургуулийг германчуудад зарсан эсэхийг мэдэхгүй.
–Турк улсаас иргэнээ шилжүүлж өгөх хүсэлтийг байнга явуулж байсан гэсэн үү?
-Гадаад харилцааны яамны мэдэх асуудал. Ер нь бол Туркт манай улсын 4500 иргэн, манай улсад 300 гаруй турк иргэн амьдарч байгаа учраас нэг хүнээс болж янз бүрийн асуудалд орох нь хоёр улсын харилцаанд сөрөг нөлөөтэй.
Тухайн улстай эрхзүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй бол Хуульзүй дотоод хэргийн яамаар дамжуулж хүсэлт тавьдаг. Турк улстай манай улс эрхзүйн туслалцаа үзүүлэх гэрээ байхгүй.
–Вейсел Акчай манай харьяат болох хүсэлт өгөх юмуу ямар нэг хамгаалалт хүссэн үү ?
-Тийм хүсэлт өгөөгүй. Улс төрийн орогнол хүсэх юм бол түүнийг шийддэг ганц субьект нь Ерөнхийлөгч. Хоёрдугаарт, Монгол Улс дүрвэгчийг хүлээж авах НҮБ-ын конвенцид нэгдээгүй.
Эх сурвалж:Зууны мэдээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна