Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг таван жилээр сунгалаа

2018/12/27
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Австралийн Элчин сайд Жон Лантри нар Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг таван жилээр сунгах гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа.

Өнөөдрийн байдлаар менежмент, бизнес, хууль, төрийн захиргааны удирдлага, олон улсын харилцаа, мэдээллийн технологи зэрэг чиглэлээр мастерийн сургалтад төр, хувийн хэвшлээс нийт 531 оюутан уг хөтөлбөрт хамрагджээ. Төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшин 100 хувь ба үүнээс 22.5 хувь нь удирдах албан тушаалд ажиллаж байгаа нь хөтөлбөрийн үр дүнг илтгэж байгааг онцолсон юм.  Жендер ялгалгүй хамруулдаг төдийгүй 2013 оноос хойш хөдөө орон нутаг болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс хөтөлбөрт хамруулах болсон юм. 2018 оноос магистраас гадна богино хугацаатай тэтгэлэгт сургалтуудыг зохион байгуулахаар гэрээнд нэмж оруулсан байна.

Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь Австрали улсын Гадаад хэрэг, худалдааны яамны урт хугацааны хөгжлийн хөтөлбөр бөгөөд Монгол улсын хүний нөөцийг бэхжүүлэх зорилтын хүрээнд Монгол улсын иргэдийг Австралийн их сургуулиудад магистр болон докторын зэрэгт суралцуулахад чиглэдэг.

Тэтгэлэгт хамрагдан суралцах хугацаанд оюутнууд мэдлэг, ур чадвараа сургалт судалгаагаар дамжуулан сайжруулах боломж олгодог.

Тэтгэлэгт дараах зардлууд багтана:

Тэтгэлгийг Австралийн дээд боловсролын байгууллагын тодорхойлсон хичээлийн хөтөлбөрийг дүүргэхэд шаардлагатай хугацаанд олгодог. Үүнд баримжаа олгох сургалтыг хамруулж ойлгоно.

Сургалтын төлбөр

Хоёр талын нисэх онгоцны тийз

Нэг удаа олгогдох суурьших олговор: байрны түрээс, сурах бичиг болон сургалтын материалын зардлууд

Амьжиргааны зардал – яамны тодорхойлсон тарифын дагуу сард хоёр удаа олгодог тэтгэлэг

Баримжаа олгох сургалтын зардал – Австрали улсад амьдрах, сурах талаар мэдээлэл агуулсан заавал хамрагдах шаардлагатай
4-6 долоо хоногийн сургалт

Гадаад оюутны эрүүл мэндийн даатгал – Тэтгэлгийн хугацаанд зөвхөн тэтгэлэг эзэмшигч оюутанд олгогдоно. Үүнд оюутны эрүүл мэндтэй холбоотой гарч болох зардлууд багтах хэдий ч суурь архаг хууч өвчнийг эмчлэх зардал орохгүй.

Тэтгэлэгт дараах байдлаар өргөдөл гаргана

Тэтгэлэгт хөтөлбөрийн материал хүлээн авах хугацаа жил бүрийн 2 дугаар сард эхлэн 4 дүгээр сард хаагддаг. Өргөдлийг цахимаар гаргах бөгөөд дурдсан хугацаанаас хоцорсон материал хүлээн авахгүй.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна