Л.Болд: Өнөөдөр олон залуус гадагшаа дүрвэж байна. Тэдэнд итгэл найдвар өмч алга

2018/12/27
Сүхбаатарын талбайд яг одоо "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн тайван жагсаал болж байна.

УИХ-ын нэр бүхий гишүүд, эвсэл хөдөлгөөнүүд, УИХ-д суудалтай намууд нэгдэж МАНАН дэглэмийн эсрэг “Монгол түмний нэгдэл” хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан юм. Тэд УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр огцрохыг шаардаж буй.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: МАНАН-ийн сүүлийн хамгаалагч М.Энхболдыг албан тушаалаасаа огцрохыг шаардаж байна

Өнөөдөр бид Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж байна. МАНАН бүлэглэлийн гол зорилго нь байгалийн баялгийг хувьдаа завшихад оршиж байна. Сүүлийн 25 жил МАНАН бүлэглэл байгалийн баялгийг хамж, эцэс сүүлд нь улс нь хоосон ард түмэн ядуу байгаль нь сүйдсэн байдалтай болоод байна. Үүнийг бид цаашид хэрхэвч зөвшөөрөхгүй.

Тиймээс МАНАН-ийн сүүлийн хамгаалагч болсон УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцрохыг шаардаж байна. 

МАНАН-ийн бүлэглэл хууль шүүхийн байгууллагад шургуулсан гал хөлөөрөө дамжуулан шинэчлэл өөрчлөлт хийх гэсэн, өөрсдийнх нь эсрэг дуугарсан бүхнийг айлгаж, сүрдүүлдэг ажлыг удирдан зохион байгуулж байгааг таслан зогсоох хэрэгтэй. 

Улаанбаатар хотын агаарын бохирдол, замын түгжрэл, ажилгүйдэл, түүнээс үүдэлтэй ядуурал М.Энхболд нийслэлийн Засаг дарга байх үеэс эхлэн цэцэглэн хөгжсөн. Мөн 60 тэрбумын хэрэгт холбоотой гэдгээ хүлээн зөвшөөрөсөн нь түүнд хариуцлага тооцох үндэслэл гэж үзэж байна. Үүний бид эсрэг тэмцэж байна. 

Бид МАНАН бүлэглэл болон Миеэгомбын Энхболдыг огцортол өнөөдрөөс эхлэн шат дараатай тэмцлээ эхлүүлж байна. Бидний тэмцлийг орон нутгийн иргэд төдийгүй болон гадаадад суугаа монголчууд дэмжиж байгаагаа илэрхийлсэн байгаа. Товчхондоо, завшигдсан, тоногдсон өмч, баялгаа буцаан авахын тулд нэгдэж, нэн даруй МАНАН бүлэглэлийг зогсоож, М.Энхболдыг огцрохыг шаардаж байна гэв.

УИХ-ын гишүүн Л.Болд: Өнөөдөр олон залуус гадагшаа дүрвэж байна. Тэдэнд итгэл найдвар өмч алга

1990 онд бид энэ талбай хүйтэн өдөр тэмцэж ялалт байгуулж байлаа. Тэр үед бид эрх чөлөөгөө олж авсан ч өмч баялгаа хулгайч нарт алдчихжээ. 

Өнөөдөр олон залуус гадагшаа дүрвэж байна. Тэдэнд итгэл найдвар өмч алга. Тиймээс ордуудаа буцаан авч эх орноо эзэнтэй болгох ёстой. 

Тухайлбал, Газрын хууль хэрэгжээгүйгээс нийслэлийн иргэдийн 80 гаруй хувь нь хохироод явж байна. Угтаа МУ-ын иргэн газрынхаа эзэн нь байх ёстой. Газрын хууль гарч байж иргэд газрынхаа эзэн болно. Мөн Баялгын хууль тэргүүтэй даруй шаарлагатай 10-аад хууль  төслийнхөө хүрээнд олон жил болж байна.

Ингэж ажлыг гацааж, монголчуудыг боолчлох зорилготой МАНАН-аас бид даруй салах ёстой.  Бид УИХ-ын дарга огцорсон даруйд дээрх хуулиудын ажлыг эрчимжүүлнэ гэдгээ амлаж байна.

УИХ-ын гишүүн Нямбаатар: М.Энхболд МУ-ын парламентийн түүхэнд хар толбо үлдээлээ

МАНАН бүлэглэлийг хууль, шүүхийн байгууллага хамгаалж байна. Энэ бүлэглэлийн загалмайлсан эцэг Ц.Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа шүүхийн шинэчлэл нэрээр шударга шүүгчдийг ажлаас нь чөлөөлж, өөрийн хүмүүсийг томилсон.
 
Үүний үр дүнд тагнуулын дарга нар нь, Улсын ерөнхий прокурор нь бизнесмэнүүдийг айлгадаг дарамталдаг, хөрөнгө оруулагчдыг үргээдэг тогтолцоог МАНАН бий болгосон.

Асуудал үүсэхэд хэн ч хариуцлага хүлээдэггүй өнгөрдөг тийм системийг бий болгосон. өөрөөр хэлбэл, хариуцлагаас зугтаадаг харилцан бие биенээ хамгаалдаг гинжин тогтолцоо юм. УИХ-ын дарга бол бусад 75 гишүүнтэй ижил ард түмнээс сонгогдсон Тэгсэн атлаа өнөөдөр УИХ-ын 40 гишүүн эсэргүүцэж байхад би ажлаа өгөхгүй гээд сууж байна. Ард түмнийг басамжлан доромжилж байна. Миний бие УИХ-ын дарга М.Энхболдод хандан "ТА МУ-ын парламентийн түүхэнд хар толбо үлдээлээ" гэж мессэж бичсэн гэв.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:Өнөөдрийн Монгол өөр болсон

Өнөөдөр Монголчуудыг ийм олуулаа ирнэ гэдгийг бид мэдэж байсан, харин дарга нар итгээгүй. Өчигдрийн монголоос өнөөдрийн монгол өөр болж байна. Өнгөрсөн хугацаанд ард түмэн 60 тэрбумын хэргийг шударгаар шүүх эсэхийг харж байсан. 

 Өчигдөрхөн монголын улс төрчдийг худалдаж авч чадна гэж МАНАН бүлэглэл үнэмшдэг байсан. Харин одоо бүх зүйл өөр болсныг харж байна.

Тэд ард түмний хүч албан тушаалын дээр байдаг гэдэгт итгэх ёстой. Тийм учраас М.Энхболд даргаа та ард түмний итгэл үнэмшлийг бодож огцрох өргөдлөө өг хэмээн шаардаж байна гэв.

Энэхүү жагсаалаас гаргасан шаардлагыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан УИХ-ын даргад өгөхөөр түүний өрөөнд очсон ч эзгүй байсан тул УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд гардуулав.

Ц.Цолмон хариуд нь  "Шаардлагыг хүлээж авлаа. УИХ-ын даргад уламжилна. Удахгүй хариу өгнө гэж бодож байна. УИХ-ын даргын өрөө цоожтой биш нээлттэй байгаа бөгөөд энэ өрөөнд ажлын албаныхан ажиллаж байна. УИХ-ын дарга өрөөндөө эзгүй ч, ордонд ажиллаж байгаа" гэв.

Ийнхүү жагсагчид төрийн ордныг гороолсноор өнөөдрийн жагсаал өндөрлөлөө.

Т.Хэрлэн




 

 


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна