Хэцүү дээр хэцүүг нэмэхгүй байх нэг шийдэл нь хотын даргаа зөв сонгох

2018/12/27
 

Маргааш буюу  баасан гаригт  Улаанбаатар хотын шинэ даргыг сонгох асуудлыг нийслэлийн ИТХ хэлэлцэнэ. Шинэ дарга хэн байх вэ гэдгээс Монголын хүн амын 50 хувь нь оршин суудаг нийслэл хотод МАН мөрийн хөтөлбөрийн амлалтаа жаахан ч гэсэн биелүүлэх,эсэх хамаарна. Улстөржиж, талцаж төрийн ажил урагшлахаа байсан өнөөдрийн нөхцөлд улсын нийслэлийн хөгжил урагш алхах эсэх ч хамаарна.

Үнэндээ бол хоёр жилийн өмнө утаа багасч,унаа тэрэг нь түгжрэхээ болих гэх мэт олон хүндрэлтэй асуудлыг шийдээсэй гэж МАН-ыг сонгосон ч өнөөдөр ингэсэн гээд хэлчих тоймтой юм алга. Тиймээс огцорсон дарга Су.Батболдын оронд нийслэлийн Зас аг даргаар очих хүнээс маш их зүйл хамаарах болоод байна.

Харин асар олон асуудлын шийдэл болох тэр дарга чухам хэн байх вэ? Су.Батболдыг огцорсноос хойш хэд хэдэн хүний нэр яригдаж байна. Гэхдээ нийслэлийг хөгжөөсэй, утаа, түгжрэлээсээ бага боловч салаасай гэж бодсон хүмүүс тэрний хүн,энэний хүн гэхээсээ илүү нийслэл хотынхоо ажил амьдралыг мэддэг, нэг сая хүний ажил амьдралтай хутгалдаж үзсэн, яг өнөөдөр үүссэн зовлон бэрхшээлийг туулаад давах чадавхтай нэгнийг Засаг даргаар тавиасай гэж хүсэн хүлээж байна.

Ядаж л нийслэлийн ИТХ-ынхаа 45 төлөөлөгчтэй учраа олоод,ойлголцоод ажиллах хүнийг л яг өнөөдрийн эгзэгтэй, ээдрээтэй үед хотын даргаар томилох хэрэгтэй байна .

Түүнээс бус нийслэлийн ажлыг мэдэхгүй,өнөөгийн нөхцөл байдлыг гадарлахгүй, нийслэлчүүдийг төлөөлж сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчдийг танихгүй, тэр байтугай ойлголцохгүй хүнийг Засаг даргаар тавьбал дараа дараагийн бэрхшээлтэй асуудлууд ар араасаа ундран гарч болзошгүй юм.Тиймээс МАН-ын удирдлага,Удирдах зөвлөлийг өнөөдрийн хямралт болоод эгзэгтэй үед яг л тохирох хүнээ нийслэлийн Засаг даргаар тавиасай гэсэн хүлээлт бий болоод байна.

Өнөөдөр эрх баригч намынхан дотроо хагаралдсан, дээгүүрээ төрийн ажил гацсан, тэр гацаа доод түвшиндээ ч нөлөөлсөн байдалтай тун хэцүүхэн байна. Энэ мэт хэцүү дээр хэцүүг нэмэхгүй байх шийдэл нь өөрөө дараа дараагийн томилгоонуудаа зөв хийх юм. Энэ асуудал шинээр томилогдох хотын даргад бүр их хамаатай.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна