АНУ-ын Аризона мужийн “Hacienda” эрүүл мэндийн төвд маш олон жил ухаангүй байсан өвчтөн хөл хүнд болж, эмч нар хүүхдийг нь төрүүлсэн бөгөөд биеэ хянах чадваргүй өвчтөнийг хөл хүнд болгосон эмнэлгийн ажилтныг цагдаагийнхан хайж байгаа тухай өмнө нь мэдээлсэн билээ.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд цагдаа нар эмнэлгийн бүх эрэгтэй ажилтнуудаас ДНК-ийн шинжилгээ авсан байна. Ингээд тус эмнэлэгт асрагчаар ажилладаг Натан Сатерланд гэх 36 настай эрийн ДНК хүүхдийнхтэй таарсан учир түүнийг бэлгийн хүчирхийллийн хэргээр шүүхэд шилжүүлжээ.
Эхний шатны шүүхээс түүнд 500 мянган ам.долларын барьцаа байршуулан батлан даалтад гарах боломжийг олгосон бөгөөд одоогоор тэрбээр Маликофа дахь түр саатуулах байранд хоригдож байгаа юм. Хэрвээ тэр дээрх мөнгийг байршуулбал байрлал заагч бугуйвч зүүн батлан даалтад гарч дараагийн шүүх хурлыг хүлээх юм. Дараагийн шатны шүүх хурал нэгдүгээр сарын 30-ны өдөр товлогдсон байна.
Сатерланд гэгч нь 2011 оноос хойш энэ эмнэлэгт ажиллаж байгаа албан ёсны зөвшөөрөлтэй асрагч юм байна. Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар эсэргүүцэл үзүүлэх чадваргүй хүнтэй хүчээр бэлгийн харьцаанд орох нь маш ноцтой гэмт хэрэг бөгөөд өөр хэн нэгнийг хүчирхийлсэн эсэх, хохирогч бүсгүйг хэдэн удаа хүчирхийлсэн эсэхийг нь тогтоохоор байцааж байгаа гэжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна