Сингапурт ХДХВ-ийн халдвар тээсэн хэмээх оноштой 14 мянга гаруй хүний иргэний үнэмлэхийн дугаар, утасны дугаар, гэрийн хаяг, ХДХВ-ийн түвшин болон эрүүл мэндийн бүртгэл зэрэг хувийн мэдээллийг олон нийтэд дэлгэсэн хэрэг гарсан тухай тус улсын эрх баригчид мэдээлэв.
“Цацагдсан мэдээлэлд 2013 оны нэгдүгээр сараас өмнө ХДХВ-тэй хэмээн оношлогдсон Сингапурын 5400 иргэн болон 2011 оны 12 дугаар сараас өмнө оношлогдсон гадаадын 8800 хүний мэдээлэл багтаж байсан” гэж Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд тэмдэглэжээ. “Бид энэ хэргийн улмаас шаналж буй хүмүүсээс уучлал хүсч байна” гэж яамны мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байжээ.
ЛГБТ байгууллагын хэвлэлийн албаны төлөөлөгчийн хэлснээр, энэ мэдээлэл цацагдсаны улмаас ХДХВ-ийн халдвар тээсэн талаараа хамтран ажиллагсад, гэр бүл, найз нөхдөдөө хэлээгүй байсан олон хүн хохирсон ажээ. “Мөн ХДХВ-тэй хүмүүсийг ялгаварлан гадуурхах явдал Сингапурт одоог хүртэл байсаар байгааг харуулж байна” гэж нэмж хэлсэн байна.
Энэ хэргийг 2008-2016 онд Сингапурт амьдарч байсан АНУ-ын иргэн Михи Фаррера-Брошезийг үйлдсэн хэмээн таамаглаж байгаа юм. Уг этгээд нь мансууруулах бодисны хэрэгт холбогдон хорих ял эдэлж байсан ба 2016 онд Сингапурын хууль сахиулах байгууллага АНУ-д шилжүүлэн өгч байжээ.
М.Брошез нь Сингапурын Үндэсний олон нийтийн эрүүл мэндийн байгууллагын дарга асан Лер Тек Сиангийн хуучин найз залуу бөгөөд тэрбээр М.Брошезийн ХДХВ-тэй гэх оношийг хуурамчаар үйлдэхэд тусалсан хэрэгт буруутгагдаж байсан байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна