Ирэх дөрөвдүгээр сард болох Энэтхэгийн парламентын сонгуулийн гол өрсөлдөгч болох Конгресс намаас хэрвээ сонгуульд ялвал ядуучуудад зориулсан нэг төрлийн баталгаат суурь орлого бий болгох амлалт өгчээ.
Намын тэргүүн Рахул Ганди өчигдөр төвийн бүсийн Чхаттисгарх мужид тариачидтай уулзахдаа “Манай намын энэ онд байгуулагдах Засгийн газар Энэтхэгийн бүх ядууст хамгийн бага доод орлогын баталгаа өгөхөөр боллоо. Энэтхэгт дахин хэн ч өлсөхгүй, хэн ч ядуу амьдрахгүй” гэж хэлсэн нь эрх баригчдын дургүйцлийг төрүүлээд байна. Эрх баригч Бхаратия Жаната намын үзэж буйгаар Конгресс намын тэргүүн Рахул Гандигийн амалсан энэ амлалт нь хариуцлагагүй, биелэх боломжгүй, иргэдэд хоосон итгэл найдвар төрүүлсэн амлалт гэсэн байна. Ирэх дөрөвдүгээр сард сөрөг хүчин болох Конгресс нам ялах боломж бүрэн бий гэж улс төр судлаачид үзэж буй.
Тэдний үзснээр ургацаас олдог орлого нь буурсан нь тариаланчдын бухимдлын ихээр төрүүлсэн бөгөөд үүний гол буруутан нь эрх баригч нам гэж иргэд үзсэн юм. Тиймдээ өнгөрсөн сард болсон орон нутгийн сонгуулиар Конгресс нам тус бүс нутагт ялалт байгуулаад буй. Энэтхэгийн хүн амын 49 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг бөгөөд энэ утгаараа тэдний ахуй амьдралд тохирсон амлалт өгсөн нам сонгуульд ялах магадлалтай байдаг юм байна. Конгресс намын тэргүүн Рахул Гандигийн хэлснээр хүн бүрт ижил хэмжээтэй мөнгө олгохгүй, ядуурлын түвшнээс нь хамаарч хэд хэдэн шатлалтай олгоно аж. Гэхдээ баталгаат суурь орлогыг бэлэн мөнгө, эсвэл хоол хүнс хэлбэрээр тараах эсэхээ шийдээгүй байгаа юм байна. Дэлхийн банкнаас 2011 онд хийсэн судалгаагаар тус улсын 21.9 хувь нь нэн ядуу амьдардаг аж.
Сэтгэгдэл бичигдээгүй байна