Honda Автоконцерн Европ дахь сүүлийн үйлдвэрээ хаана

2019/02/20
Японы автомашин үйлдвэрлэгч Honda автоконцерн Европ тив дэх сүүлийн үйлдвэрээ хаахаар төлөвлөж байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Honda автоконцерн Их Британи дахь үйлдвэрээ энэ улсад хэрэгжихээр яригдаж байгаа Брекситын хөтөлбөрөөс шалтгаалан хаахаар төлөвлөж байна.

Учир нь Брексит хэрэгжиж, Их Британи улс ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарсан тохиолдолд Японы автоконцернд энэ улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулахад эдийн засгийн болоод бусад нөхцөлд хүндрэлтэй асуудлууд тулгарах болно гэж  үзэж байгаа юм.

Их Британийн засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа Брекситын хөтөлбөрөөс шалтгаалан Японы нэр хүндтэй автоконцерн 3,500 хүн ажилладаг үйлдвэрээ хаахаар болжээ. Энэ үйлдвэр нь Английн нийслэл Лондон хотоос баруун зүгт 115 км зайтай байрладаг байна. Honda автоконцерн одоогоор үйлдвэрээ чухам хэдийд хаахаар төлөвлөж байгаагаа тодорхой мэдэгдээгүй байгаа ч магадгүй 2022 онд хааж болзошгүй юм. Автоконцерны удирдлага Их Британийн эрх баригчдын хэлэлцэж байгаа Брекситын асуудлаарх яриа хэлэлцээрийг хүлээзнэж байгаа бололтой гэж ажиглагчид үзэж байна.

Honda автоконцерн эхний ээлжинд Англи дахь үйлдвэрийнхээ орон тоог цомхотгож, үйл ажиллагаагаа аажмаар хумих бодолтой байна. Ийнхүү үйлдвэрлэлийнхээ хүрээг хумиж, магадгүй улмаар үйл ажиллагаагаа зогсоох нь Их Британийн автомашин үйлдвэрлэлийн салбарт томоохон цохилт болохыг мэргэжилтнүүд үгүйсгэхгүй байгаа юм. Honda-ийн удирдлагууд Их Британи улс ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарснаар Европын улс орнуудаас Англи улс руу нийлүүлдэг элдэв төрлийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд саад тулгарч, нийлүүлэлтийн хугацаа уртасч, энэ хирээр үйлдвэрлэлд сөрөг нөлөө үзүүлнэ гэж тооцож байна. Өнөөдөр Европын орнуудаас Их Британи руу ачаа бараа тээвэрлэхэд 5 цагаас нэг хоногийн хугацаа шаардагддаг бол Брексит хэрэгжиж эхэлснээр энэ хугацаа 9 хоног болж нэмэгдэнэ гэж тооцож байгаа юм.

Английн Суиндон дахь Honda-ийн үйлдвэр нь Японы авто гигантын ЕХ-ны нутаг дэвсгэр дээрх цорын ганц үйлдвэр юм. Английн энэ хотод одоогоос 30-аад жилийн өмнө автомашины үйлдвэрлэлийг нэвтрүүлжээ. Тэгвэл Honda компани өнгөрсөн намар үйлдвэрээ хаахгүй гэж мэдэгдэж байсан ч энэ бодлогоосоо татгалзахаар шийдсэн бололтой.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна