Тайландын иргэн тэргэнцрээр 1800 гаруй км зам туулна

2019/02/28
Тайландын тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэн Сатхит Чантхарангси улсынхаа хойд нутгийн Чиангмай мужаас өмнөд Наратхиват муж хүртэл тэргэнцрээр хийх аяллаа эхлүүлжээ. Өдгөө 56 настай, авга ах Ми хочит тэрбээр буяны үйлст хандив цуглуулах зорилгоор ийм аялал хийж байгаа аж.  

Авга ах Ми хоёрдугаар сарын 16-нд Чмангмай мужаас аяллаа эхэлсэн бөгөөд Лампхун, Лампанг, Так, Сукхотай мужуудыг хэдийнэ дайрч өнгөрчээ. Аяллынхаа эцсийн цэг болох Наратхиват мужид тэрбээр тавдугаар сарын эхээр хүрнэ гэж тооцоолж байгаа аж. Сатхит нийтдээ 1830 гаруй км замыг туулна.

Аяллынхаа үеэр тэрбээр өмнөд нутгийн Сонгхкла, Паттани болон Наратхиват мужийн гурван эмнэлэгт зориулж, 3 сая орчим бат /95 700 ам.доллар/ цуглуулна гэж найдаж байгаа аж. Сатхит хотуудад буудаллах үеэрээ хандиваа цуглуулдаг байна. Тэрбээр буяны үйлст хандив цуглуулахаас гадна, тэнгэрт хальсан Тайландын хаан Пумипона Адульядетагийн /IX Рамы/ нэрийн өмнөөс сайн үйлс бүтээхийн тулд жилд ядаж нэг удаа ч болов аялахыг хүсдэг байна.

Өнгөрсөн жил авга ах Ми тэргэнцрээрээ өмнөд Сонгкхла мужаас Чиангмай хүртэл аялахдаа, 1630 гаруй км замыг туулжээ. Тухайн үед тэрбээр 3.8 сая бат /121 мянга 200 ам.доллар/ цуглуулж чадсан бөгөөд энэ мөнгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж үйл ажиллагаа явуулдаг 48 байгууллагад хандивлажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна