37 жилийн турш цөлд мод тарин, хөлбөмбөгийн 100 талбайтай тэнцэх ойг бүтээжээ

2019/03/12

Манай гариг дээр “үхлийн бүс” гэх үржил шим тааруу газар олон бий. Ган гачгийн улмаас, эсвэл элсэн цөл дэх байршлын улмаас гээд үүнд олон шалтгаан бий.

Элсэн цөлд, усны эх ундаргагүй газарт мод, ургамал тариалах боломжгүй гэж дийлэнх хүн итгэдэг. Тэгвэл Энэтхэгийн иргэн Жадав Пайен гэгч энэ ойлголтыг няцаасан юм.

Жадав Пайен  буюу "Молай" нь хүүхэд байхдаа голын эрэгт олноороо шидэгдэж үхсэн могой харснаар байгаль орчноо хамгаалах үйлс эхлүүлэх их мөрөөдөл тээх болжээ. Түүний амьдарч байсан Жорхат гэх Энэтхэгийн хойд хэсэгт байрлах мужид ган гачиг нүүрлэж, бүр сансрын хиймэл дагуулаас ч нөхцөл байдал тодхон харагдах болсон байна.

Жадав Пайен 16 нас хүрснээр, орон нутгийн эрх баригчидтайгаа уулзаж, бүс нутагт мод тарихыг уриалжээ. Гэвч тэрээр дэмжлэг авч чадаагүй байна. Учир нь “үхлийн” бүсэд ямар ч мод, ургамал ургахгүй гэж нутгийн удирдлагууд тайлбарлажээ.

Жадав Пайен нутгийн уугуул иргэдийн ахлагчид хандсан ч, мөн л адил хариу сонсчээ. Гэхдээ хүүд 20 ширхэг хулс модны суулгац өгсөн байна.

Жадав олон нийтийн эсэргүүцэл, шүүмжлэлийг үл харгалзан, өөрийн үйл хэрэгтээ үнэнч байж, элсэн цөл дунд анхны хулс модоо 16 насандаа тарьжээ. Дараа жилүүдэд нь тэрээр тогтмол мод, бут суулгасаар байсан юм. Суулгацууд хэдэн жилийн дараа өтгөн ой болтлоо ургажээ.

37 жилийн дотор элсэн цөл байсан газарт Жадав 6 хавтгай дөрвөлжин км талбай бүхий ой ургуулж чадсан байна. Энэ нь хөлбөмбөгийн 100 талбайтай тэнцэнэ.

Мөн ойд бенгалийн барс, энэтхэгийн хирс, буга, туулай, сармагчин, олон зүйл төрлийн шувуу нутаглах болжээ. Мөн жилийн 6 сард нь энд арлын нөгөө талаас зааны сүрэг ирж, суурьшдаг байна. Бүр сүүлийн жилүүдэд энэ ойд хэд хэдэн зааны тугал мэндэлжээ.

Жадавын ургуулсан ойд хууль бус агнуур тархсан ч, Жадав эрх баригчдын хамтын хүчин чармайлтаар хууль бус агнуурыг таслан зогсоож чаджээ.

Нутгийн иргэд Жадавыг “галзуу” зэргээр хочилж байсан бол, өнөөдөр түүнийг “Ой мод хамгаалагч” гэх болсон байна. Харин Жадав өөрийгөө энэ дэлхий дээрх хамгийн аз жаргалтай хүн гэж хэлж байна.

Жадав байгаль экологи хамгаалах үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийнхээ төлөө олон шагнал хүртжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна