Хүн төрөлхтөн хар нүхний зургийг дарж чаджээ

2019/04/11
Альберт Эйнштейн харьцангуйн онолоо дэвшүүлснээс хойш хэдийнээ 100 жил өнгөрчээ. Тэгвэл энэ Лхагва гарагт ''The Event Horizon Telescope'' нэртэй төслийн багийнхан хар нүхний хамгийн анхны зургийг олон нийтэд цацлаа. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн эрдэмтэд Лхагва гарагт Вашингтон хотод болсон зарлагдсан хэвлэлийн хурлын үеэр энэхүү зургийг үзүүлжээ. 

the event horizon press conference зурган илэрцүүд

''Харагдах боломжгүй гэж дүгнэсэн зүйлийг харж чадсан гэдгээ мэдэгдэхдээ баяртай байна'' хэмээн тус төслийн багийн гишүүн Шеп Долман мэдэгджээ. 



Хар нүх гэдэг нь гэрэл болон аливаа цахилгаан соронзон долгион нэвтрэн гарахааргүй маш хүчтэй таталцлын орон үүссэн огторгуйн орон зай юм. Хар нүхийг тойроод эргэн гарах боломжгүй үзэгдлийн хаяа гэдэг гадаргуу байдаг. Үзэгдэх гэрлийг өөртөө татан шингээдэг учраас гаднын ажиглагчийн хувьд хүрээлэн буй харанхуй огторгуйн дэвсгэрээс ялгаран харагдах боломжгүй юм. Тийм учраас хар нүх хэмээн нэрлэсэн байна. 

Холбоотой Зураг

Зургаас хар нүхний хаяалбар буюу хар нүхний гадаад болон дотоод хэсгийг тусгаарлагч хүрээг харж болно. Энэ цэгээс цааш гэрэл хар нүхнээс зугтах боломжгүй. Уг зургийг дэлхийн өнцөг булан бүрд байрлах телескопуудын илгээсэн мэдээллүүдийг нэгтгэсний үр дүнд гаргаж авчээ. The Event Horizon Telescope төсөл нь үнэн хэрэгтээ телескопуудын цуглуулга юм. Ингэснээр маш нарийн нягтаршилтай зургийг дарж чадсан байна. 



Эрдэмтэд уг зургийг зөвхөн шинжлэх ухааны туйл, оргил нээлт байгаад зогсохгүй, дэлхий нийтийн хамтын ажиллагаа эв нэгдлийг харуулж чадсан гайхалтай үр дүн юм хэмээн үзэж буй ажээ. Альберт Эйнштейний 100 жилийн өмнө мөрөөдөж байсан зүйлийг өнөөдөр харах боломж гарсан нь дэлхийн түүхэнд тэмдэглэгдэх агуу явдал мөн билээ.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна