Зөвшилцлийн ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгч даргална

2019/07/18

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Үндсэн хуулийн зөвшилцлийн ажлын хэсэг байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулжээ.

 

Тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийн даргаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга (өөртэй нь зөвшилцсөнөөр), Ажлын хэсгийн орлогч даргаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх(өөртэй нь зөвшилцсөнөөр), нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, гишүүдэд УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар тусгажээ.

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаанд зөвшилцлийг хангаж ажиллахыг Ажлын хэсэгт даалгах, тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байна.

Тогтоолын төсөлтэй холбоглуулан УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа урьд нь ийм жишиг байсан эсэхийг тодруулахад Байнгын хорооны дарга С.Бямбацогт ийм жишиг байсан. Тухайлахад 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэхэд анхны Ерөнхийлөгч ажлын хэсгийг нь ахалж байсан байдаг. Иймээс зөвшилцлийг хангах, аль болохоор нэгдсэн ойлголт, нэгдмэл байр суурьт хүрэх үүднээс Ажлын хэсгийг Ерөнхийлөгчөөр ахлуулах нь зөв гэж үзэж байгаа гэдгээ хэллээ. Энэ саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч зарчмын хувьд зөвшөөрсөн юм байна.

Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувийн саналаар тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулахаар тогтлоо.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх тогтоолын төслийг эцэслэн шийдвэрлэх юм байна. 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна