​З.Мэндсайхан: Дэлхийн зах зээл дээр алт, зэс үнэтэй байгаа үед алтаа эдийн засгийн эргэлтэд оруулах нь зөв

Г.Анар-Эрдэнэ
1 цаг 7 минутын өмнө

УИХ гишүүн З.Мэндсайхантай зарим уул уурхайн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах тогтоолын төслийн талаарх байр суурийг нь сонслоо.

Тэрбээр "Засгийн газраас Зарим уул уурхайн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Үүнд алтны гурван төслийг өргөн барьсан. Яагаад гэвэл өнөөдөр дэлхийн зах зээл дээр алт, зэс үнэтэй байгаа. Алт бусад байгалийн баялгийг бодвол эдийн засгийн өндөр эргэлтэд орох боломжтой. Тэр утгаараа маш богино хугацаанд үр дүнгээ үзүүлнэ гээд оруулж байгаа. Өмнө нь энэ асуудал орж ирээд УИХ-аар дэмжигдсэн ч Ерөнхийлөгч тусгай хамгаалалттай бүсийн зарим газар нутаг орсон байна гэж хориг тавьсан.

Сая бол дархан цаазтай газруудыг хасаад Гацууртын орд болох Ноён уулаас байгаль экологи, түүхийн олдворын хувьд Байгаль орчны яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас хяналт тавьж үзээд ямар нэг зүйлд нөлөөлөхгүй хол зайтай гэх координатыг тогтоогоод эдийн засгийн эргэлтэд оруулахаар оруулж ирж байгаа. Алт олборлох эдийн засгийн эргэлтэд хэрэгтэй. Монгол Улсын валютын санд ихээхэн нөлөө үзүүлдэг байгалийн баялаг бол алт.

Манай валютын нөөц 7.5 тэрбум доллар байна. Өнөөдөр олон улсын зээлжих зэрэглэлд Монгол Улс BB плас түвшинд байна. Энэ нь Монгол Улсын эдийн засаг тогтвортой байна гэдэг дүгнэлтийг олон улсын санхүүгийн байгууллагууд өгч байна. Гадаад харилцаа болон Монгол орны эдийн засгийн тогтвортой байдалд хамгийн чухал үзүүлэлт юм. Иймд валютын нөөц чухал үүрэгтэй. Валютын нөөцөд хамгийн их түлхэц үзүүлэх зүйл бол алтыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар бий болох орлогын төвлөрөл юм. УИХ хэлэлцээд дэмжих байх гэж бодож байна" гэлээ




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна