О.Цогтгэрэл: ​Ардчилсан намын рейтинг ард түмний дунд өндөр байна

Zuv.mn
1 цаг 4 минутын өмнө

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хурлаараа Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлт, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өгсөн дүгнэлтийн талаар мэдээлэл сонсжээ.

Мөн орон нутгийн нөхөн сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл сонссон байна. Энэ талаар тус бүлгийн дарга О.Цогтгэрэл "Ардчилсан намын рейтинг ард түмний дунд өндөр байна. Үүнийг хөндлөнгийн судалгааны байгууллагууд нотолж байгаа. Гэсэн ч сонгуулийн үр дүн энэ харьцаатай нийцэхгүй байгаа нь анхаарал татаж байна. Үүнээс харахад, сонгуулийн үр дүнд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн байх магадлал бий гэж үзэж байна. Сонгуулийг зохион байгуулж, санал худалдан авахад ашиглагддаг тогтолцоог эрх баригч намын халамжийн бодлого дэмжиж байна. Зөвхөн Улаанбаатар хотод гэхэд 2000 гаруй хэсгийн ахлагчийн сүлжээ бий болсон нь сонгуулийн үйл ажиллагаанд нөлөөлөх боломжтой бүтэц болжээ" гэв.

Харин УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар "Нийт 15 аймгийн 37 мандатад сонгууль явагдсан. Аймгийн ИТХ-ын сонгуульд 3700 гаруй хүн санал өгсөн байна. Аймгийн ИТХ-ын сонгууль нүүрсний мөнгөний сонгууль болсон гэж үзэж байгаа. Үүнтэй холбоотойгоор бид нөлөөлөл, үр дагаврын талаар нэг бүрчлэн судалгаа хийнэ" хэмээлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна