АН-ынхан бухимдаж, чуулганы танхимыг орхиж гарав

Zuv.mn
1 цаг 27 минутын өмнө

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар 1992 оноос хойших нийслэлийн газар олголтод аудит оруулж, хяналт шалгалт хийх түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан МАН-ын бүлэг ажлын хоёр хоногийн завсарлага авлаа.

Харин АН-ын гишүүд санаачилсан тогтоолыг төслийг нь гацаасанд бухимдаж, хуралдаанаар хэлэлцэх бусад асуудлын санал хураалтад оролцохгүйгээр чуулганы танхимыг орхиж гарав.

Хуралдаан эхлэхийн өмнө АН-ын бүлэг хэвлэлийн хурал хийж "Түр хороо байгуулах төслийг жил гаруй хэлэлцэхгүй дарсан. МАН-ын бүлэг санал хураалтад оролцохгүй, орхиж гарахаар хэлэлцсэн байна. Энэ нь газрын авлигыг эхлүүлэгч М.Энхболд, Н.Энхбаяр нарын МАН-ын үе үеийн эрх мэдэлтнүүдтэй холбоотой" гэж мэдэгдээд байсан юм.

Хянан шалгах хороо байгуулах тухай тогтоолын төслийг Ц.Баатархүү нарын гишүүдээс 2025 оны арваннэгдүгээр сард өргөн барьжээ. Түр хороо байгуулснаар 2003 оноос хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилт болон нийтийн эзэмшлийн талбайд хууль бусаар баригдсан барилга байшин, тэдгээрийг олгосон тогтоол шийдвэр, нийслэлийг тойрсон тусгай хамгаалалтын бүс, ялангуяа Богдхан уулын 34 аман дахь газар олголттой холбоотой асуудлыг хянан шалгаж, аудит оруулах юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна