Улаанбаатарын шөнийг гэрэлтүүлж, гялалзсан инээмсэглэлээрээ хэдийнээ танил болсон түүнийг Ц.Ганхуяг гэдэг. Хүнсний 4-р дэлгүүрээс хойшоо чиглэлд явдаг хүмүүс түүнийг "Гэрэлтдэг машинтай, ганган ах" гэдгээр нь андахгүй. Ганган таксинд суухын тулд уралдах нь холгүй харагдах хүмүүс ч цөөнгүй. Бусдаас онцгой, содон түүнийг хэсэг саатуулж, үзэл бодол, туулсан амьдралынх нь талаар асууж хэдэн хором ярилцлаа.
-Та өөрийгөө манай үзэгчдэд танилцуулаад, өдийг хүртэл юу хийсэн, одоогийн ажлынхаа талаар яриач?
-Намайг Цэгмидийн Ганхуяг гэдэг. Одоогийн байдлаар такси үйлчилгээнд яваад сайхан байна. Ах нь 62 настай, Бат-Эрдэнэ аварга бид хоёр чинь чацуу шүү дээ. Ууж идсэн залуус янз бүрийн авир гаргадаг байсан. Одоо тийм зүйл ерөөсөө байхгүй, залуучууд үнэхээр соёлтой болсон.
Хотоор мод, зүлэг тарьж бахархмаар сайхан ажил хийдэг байлаа. 1991 оноос хойшоо, урагшаа гарч наймаа хийдэг болсон. Тэр наймаа минь 1993 шатсан. Спиртний наймаа хийж ч үзсэн. Бас л 40 гаруй сая төгрөгийн спиртийг хураалгасан. Амьдралд алдаж онох үе эр хүнд зөндөө тохиолдоно. Залуусдаа ганц зүйл хэлэхэд тэр зүйлсээ даван гарах чадвартай байгаарай.
2000 онд Шонхор зах дээр махны наймаа хийдэг байсан ч бас л 90 сая төгрөгөөр шатсан. Хүний үнэ цэн, хүн ямар байдгийг үүний дараа л ойлгосон. Нэг сайхан шүлэг байдаг юм. Өнгөтэй өөдтэй явахын цагт бусдын эхнэрүүд гүйнэ, өвдөж зовохын цагт бурхан хүртэл чамаас нүүрээ буруулна гэж. Үнэн л юм байна лээ. Өнгөтэй, жавхаатай явахад хүн болгон л хүрээлээд ирдэг. Хэсэгхэн зуур гундаад явж байхад урдаас ирж байгаа танил хүн замаа буруулаад, хазайгаад явдаг. Хүн гэж тийм л мөсгүй болчихож байгаа юм. Өмнө нь шууд гүйж ирээд л гар барьдаг байсан хүн шүү дээ. Хүн гэдэг өнгө мөнгөнд шунадаг юм байна даа л гэж бодсон. Би унасан ч боссон ч өөрөөрөө л байдаг. Хүмүүсийн мөн чанар ямар байдаг вэ гэдгийг ухаарч ойлгосон.
-Одоогийн залуусыг ажиглаад юу гэж дүгнэж байна вэ?
-Залуучуудад хувь хүний сэтгэлийн тэвчээр гэдэг зүйл дутагдаад амьдралдаа алдад байна уу гэж хараад байна. Жаахан зүйлд бүдэрч унасныхаа дараа амьдралаас халшраад гашуун ундаа руу явчих гээд байх шиг. Залуу хорин хэдэн насандаа залгилж л явсан. Аавыгаа алдсаны дараа ахиж энэ усыг амсахгүй гэж бодсон. Тэрнээс хойш 30 гаруй жил ер амссангүй. Болж л байна. Гашуун ундаа хүнийг ёроолгүй ангал руу л унагаана уу гэхээс, хэзээ ч өөд нь гаргах зүйл биш. Хэрэглэх үе байлгүй л яахав.
Амьдралын өнгөрч байгаа цаг мөч бүхнийг аз жаргалтай өнгөрөөх ёстой гэж боддог. Өөрийгөө дуу хөгжимгүйгээр төсөөлж чаддаггүй. Түгжрэлд дуугаа унтраагаад явах юм бол янз бүрийн зүйл толгойд орж ирээд, жаахан стресстчих гээд байдаг. Дуундаа ороод явах юм бол маш гоё сэргэг аз жаргалтай явдаг.
-Гэр бүл нь таны хийж байгаа ажлыг хэр дэмждэг вэ?
-Маш их дэмжиж, ойлгодог. Миний том ач одоо долоодугаар анги. Хуучин пүүзээ угаахгүй өмсдөг байсан бол одоо бүгдийг нь угаагаад өмсдөг болсон байна. Яагаад гэвэл өвөөгийнхөө хэлсэн үгнээс болсон байгаа. 20 саяын үнэтэй пүүз өмссөн найзын чинь гутал халтар байхад, чи 20 мянгын Хятад пүүзээ угаагаад өмсөх юм бол чиний гутал гоё харагдана гэж. Машинаар жишээлэхэд, 570, 200-300 саяын үнэтэй машин халтар байхад, ах нь 20 саяын үнэтэй акуагаа угаахад илүү гоё харагдана шүү дээ. Аливаа зүйлийн үнэ цэн энд л оршдог.
Эцэг эхийн хуралдаа ч ач маань өвөөгөө авч очно гэдэг. Аав ээж нь яагаад гэж асуухаар ажил, ажил гэж сэгсийгээд хачин л юм очдог биз дээ. Тэгэхэд өвөө адилхан ажил хийж байгаа мөртлө ямар гоё өөрийгөө авч явж байна гэдэг. Тэр хүүхдэд ийм сайхан үлгэр дуурайлал өгч чадаж байгаагаараа үнэхээр бахархдаг.
Ингэж явахын тулд маш их хөдөлмөрлөдөг. Шөнөжингөө таксиндаа явчихаад үүрээр орж ирдэг. Хүмүүс бол очоод л шууд унтаад, маргааш нь машинаа ч цэвэрлэхгүй гараад давхидаг юм шиг байгаа юм. Ах нь хэзээ ч тэгдэггүй. Юм хөгжчихөөд байна. Гэр хороололд байлаа гээд хүн заваан амьдрах ёсгүй. Орой хоолоо халааж идэх зуураа хоёр литр ус халаагаад толгой хүзүүгээ угаагаад, араас нь оймсоо угаагаад унтвал ядаж л өөрт сайхан байна биз дээ.
Өвлийн хүйтэнд ч ус халаагаад гадаа машинаа угаадаг. Халтар машинтай ажилдаа гарч үнэхээр чаддаггүй. Яагаад гэвэл үйлчилгээний соёл шүү дээ. Ахынх нь машин халтар байх юм бол хүн шүргээд л суухад хувцас нь халтартана. Тэр хүн яаж ундуйцах вэ, тийм биз дээ. Нэг таксинд суух зуураа хувцасаа заваартуулчихлаа гээд л. Хүнийг тэгж стресстүүлэх шаардлагагүй.
Үйлчилгээнд явж л байгаа бол өөрөө цэвэрхэн, машин тэргээ ч цэмбийлгээд явах ёстой гэж ах нь боддог. Боловсрол үүнд нэг их нөлөөлөхгүй. Хувь хүн энэ нийгэмд өөр өөрийгөө яаж авч явах, нэг хүндээ хэр өргөж явах нь өөрөөс нь шалтгаалдаг. Ах нь үүнийг эрхэмлэж явдаг.
-Таны амьдралыг харах өнцөг, баримталдаг зарчим юу вэ?
-Бага наснаасаа эхлэн ажил хийж, өөрийгөө болгож явахдаа алдаж ч үзлээ онож ч үзлээ. Хүвь хүн өөрөөрөө л байх ёстой юм байна гэж бодсон. Хэн ч чиний өмнөөс амьдраагүй, энэ нийгэмд хэрхэн үнэлэгдэх нь чамаас л шалтгаална. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Тйим учраас хөдөлмөрлөөд л байя , хүний дор орохгүй галтай цогтой амьдаръя гэж боддог.
Ах нь залуугийн л ийм байсан. Хар ажил хийлээ гээд заавал заваан явах ёсгүй. Цагаан цамц өмсөөд, зангиа зүүгээд, хүзүүгээрээ алчуур уячихаад 10 машин зүлэгний хар шороог тармуур бариад л тараадаг байсан. Яагаад ажлыг цэвэрхэн хийж болохгүй гэж. Бараг л өөр дээрээ нөгөө хар шороогоо овоолоод хаячихсан хүмүүс байдаг. Ажлыг тэгж хийж болохгүй шүү дээ. Дарга нар хүртэл гайхдаг байсан. Ямар гое хүн бэ, ажилчин уу, дарга уу гээд л. Орой явахдаа хүзүүний алчуураа гөвөөд л сэмбийж явдаг байсан.
Юм гэдэг сайнтай муутай. Хэцүү зүйл байлгүй яахав. Ажилаа хийгээд явж байхад уусан хүн таарна. Уусан хүний өөдөөс асвал тэр хүн өшөө муухай зан гаргана. Нэгэнт л үйлчилгээнд явж байгаа бол зохицуулаад, даагаад явах нь зүйтэй. Таксиндаа явах маш их сонирхолтой. Яагаад гэвэл би түмэндээ үйлчилж байна. Өдөр ирэх тусам улам хичээж ажилладаг.
Үнэнээ хэлдэг хүн таардаг. Тэнд хүрэх гэсэн юм, тэдэн төгрөгтэй байна гээд. Зохицуулаад хүргээд л өгдөг. Яахав дээ, хүнд чинь байх үе, байхгүй үе гэж байна шүү дээ. Сайнтай муутай сав дүүрдэг. Юм бүхэн ээлж дараатай. Эерэг эрч, энергтэй амьдрах хэрэгтэй. Гундаж явах ёсгүй.
Хүн хүнээрээ л байх хэрэгтэй. Дор явсан үеэ мартаад, дээшээ гараад ирчихсэн хүмүүс байдаг. Наймаа нь бүтэлтэй болоод, аз таарсан байж болно. Хуучин байснаараа л байх хэрэгтэй. Нэг л их зантай болоод, ядруухан найзтайгаа таарахаараа дугарч ядаад л. Үгүй шүү дээ, улам илүү хандах хэрэгтэй.
-Та хувцас болон машины чимэглэлүүдээ хаанаас авдаг вэ?
-Хувцасаа дандаа захиалж авч өмсдөг. 22 хослол, 11 гутал байна. Машины чимэглэлүүд дунд хүмүүсийн өгсөн зүйлс ч байгаа. Зүгээр таксинд суусан залуучууд, ахын машины чимэглэл дээр нэмнэ гээд л өгч байсан. Монгол улсын маань соёмбыг ч хүн өгч байсан. Төрөө их дээдэлдэг учраас энэ минь их үнэ цэнтэй. Этгээд зүйлс их сонирхоно. Сонирхлоороо л амьдардаг гэх үү дээ. Бусдад таалагдах гэж биш өөрийнхөөрөө л байдаг. Өөрийн бодол, өөртөө зөв гэж үг байдаг даа.
-Нийгэмд хүргэхийг хүсдэг үгээрээ яриагаа дуусгацгаая.
-Бид хүн хүнээ хайрласан сэтгэлээр л их дутаад байна. Нэг л их амиа бодсон хүмүүс болчихсон. Тийм байж болохгүй. Болохгүй зүйлийг болгохын тулд би чадна гэсэн итгэлээр урагшаа тэмүүлээрэй. Хямарч явах ёсгүй шүү. Амьдралдаа аз жаргалтай сайн сайхан яваасай гэж их хүсэж явдаг даа.
Ярилцсанд баярлалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна