Г.Занданшатар: "Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг"

Г.Анар-Эрдэнэ
1 цаг 2 минутын өмнө

Дэлхийн 50 гаруй орны 300 гаруй шилдэг шатарчин оролцсон “2026 оны түргэн болон блиц шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-ий үеэр Монгол Улсын Ерөнхий сайд асан, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатарын улс төр, шатар, боловсролыг холбосон байр суурь Хонгконгийн хэвлэлүүдийн анхаарлыг татсан байна. Тухайлбал, тус улсын нөлөө бүхий “AM730” сайт түүнийг онцолжээ. Нийтлэлд түүний шатрын философи, манлайллын тухай үзэл санаа болон “Улсын чанар шийдвэр бүрээс эхэлдэг” гэсэн байр суурийг тодотгосон байна. Уг нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Г.ЗАНДАНШАТАР: “УЛСЫН ЧАНАР ШИЙДВЭР БҮРЭЭС ЭХЭЛДЭГ” -Ерөнхий сайдаас шатрын хөлөг хүртэл-

Шатрын 2026 оны түргэн болон түргэвчилсэн тоглолтын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дэлхийн 50 гаруй орны 300 гаруй шилдэг шатарчдыг нэг дор цуглуулж, Хонгконгийг дэлхийн шатрын ертөнцийн анхаарлын төвд авчирлаа. Оролцогчдын нэрсийн жагсаалт дундаас Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Гомбожавын Занданшатар онцгой анхаарал татав. Тэрээр төрийн зүтгэлтэн, бас шилдэг шатарчин юм. Улс төр хийгээд оюуны спортын ертөнц дэх энэхүү дүр нь түүний шатрын талаарх ойлголтыг зөвхөн өрсөлдөөний түвшинд бус, үндэсний хөгжил, хүний нөөцийн төлөвшилтэй холбон харах боломжийг олгож байгаагаараа сонирхолтой. Улс төрийн манлайлал болон шатрын хөгжлийг дэмжиж буй үйл хэргийнхээ уялдаа холбооны талаар Г.Занданшатар хэлэхдээ: “Манлайлал гэдэг зөвхөн эрх мэдэл биш. Харин зөв дүгнэлт, шийдвэр гаргах чадвар юм. Шийдвэр бүр өнөөдөр төдийгүй дараагийн үеийнхэнд ч нөлөөлдөг” хэмээн онцолжээ. Түүний үзэж байгаагаар шатар бол ийм төрлийн шүүн тунгаах чадварыг хөгжүүлэх хамгийн сайн хэрэгсэл юм. Шатрын нүүдэл бүр үр дагаврыг нь нарийн тооцоолж, тэр хэрээр хариуцлага үүрэхийг шаарддаг. Энэхүү сэтгэлгээ нь улс орныг удирдах үеийн шийдвэр гаргалттай адил юм. Мөн тэрээр шатрын спортыг “сэтгэхүйн урлаг” хэмээн тодорхойлсон. Шатар нь спорт, урлаг, шинжлэх ухааны элементүүдийг нэгтгэж, логик, магадлал, математикийг багтаадаг бөгөөд рационал сэтгэлгээг хөгжүүлэх чухал хэрэгсэл гэж үздэг байна. -Шатрын боловсролын үнэ цэн- Тэрээр шатрын боловсролын үнэ цэнийг үргэлж онцолдог. Түүний зорилго бүх хүүхдийг мэргэжлийн шатарчин болгох бус харин шатрын тусламжтайгаар нийтийн сэтгэхүйн чанарыг сайжруулахад оршдог. “Миний мөрөөдөл бол хүүхэд бүрийг шатрын хаан болгох биш. Харин хүүхэд бүрийг илүү сайн сэтгэгч болгох явдал” хэмээн тэр хэлжээ. Түүний бодлоор шатар зөвхөн төвлөрөл, тэвчээрийг хөгжүүлээд зогсохгүй бүтээлч байдал, сэтгэл хөдлөлийн хяналт, хариуцлагын мэдрэмжийг төлөвшүүлдэг. Эдгээр чадвар нь ирээдүйн нийгэмд нэн шаардлагатай гол өрсөлдөх чадварууд юм. Сүүлийн жилүүдэд Монгол Улс шатрын сургалтыг боловсролын тогтолцоонд идэвхтэй нэвтрүүлж, Боловсролын яам болон Олон улсын шатрын холбоо буюу FIDE-тэй хамтран сургалтын хөтөлбөрүүдийг дэмжин хэрэгжүүлж байна. Энэ нь “Шатарт хөрөнгө оруулна гэдэг хүний хөгжилд хөрөнгө оруулж байна гэсэн үг” хэмээсэн үзэл санааг илэрхийлж байна. -Шийдвэр ба хариуцлага: Шатрын хөлгөөс давсан амьдралын сургамж- FIDE-ийн Arena International Master буюу AIM зэрэгтэй шатарчны хувьд тэрээр шатрын ертөнцийн мөн чанарыг сайтар ойлгодог. “Шатрын хөлөг дээр хэн ч таныг Ерөнхий сайд уу, эсвэл сурагч уу гэдгийг тоодоггүй” хэмээн тэр хэлжээ. Түүний хэлснээр ялалт, ялагдал нь гагцхүү бэлтгэл, сахилга бат, шийдвэр гаргах чадвараас хамаарна. Энэхүү “бүгдэд тэгш” орчин нь залуу шатарчдад зөвхөн авьяас бус, боломж, зөв чиглүүлэгч багш, олон улсын солилцооны талбар хэрэгтэйг түүнд улам гүн ойлгуулсан байна. Иймээс хөгжлийн бүрэн экосистемийг бүрдүүлэх нь Монголын шатрын холбоог удирдаж буйн хувьд түүний чухал зорилтуудын нэг болжээ. Г.Занданшатарын хувьд шатрын хамгийн том үнэ цэн нь амьдрал, практиктай холбоотой нэгэн суурь чадварыг төлөвшүүлэхэд оршдог. Энэ нь шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээх чадвар юм. Нүүдэл бүр үр дагавартай. Тэрээр шатар хүнээс өөртөө итгэх итгэл болон даруу байдлын тэнцвэрийг шаарддаг гэж үздэг. Өөрөөр хэлбэл, шийдэмгий сонголт хийж чаддаг байх, мөн алдаагаа хүлээн зөвшөөрч, түүнээс суралцах зоригтой байх нь чухал. Энэ чадвар зөвхөн шатрын өрөгт бус, төрийн алба, бизнесийн шийдвэр, хувь хүний амьдралд ч адилхан хэрэгтэй. Энэ бол төлөвшсөн нийгэм, сайн манлайлагчийн зайлшгүй шинж чанар юм. -Шатраар холбогдох нь: Хонгконгийн боломж- Энэ удаагийн Хонгконгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тэрээр Хонгконгийн шатрын хөгжлийн боломжийг мөн онцгойлон дурдсан. Тэрээр шатрын спортыг “хүн төрөлхтний нийтлэг хэл” хэмээн тодорхойлсон. Шатар нь хүмүүсийн соёл, шашин, тогтолцооны ялгааг даван гарч, нэг хөлөг дээр харилцан ойлголцол, итгэлцэл бий болгоход хүргэдэг. Энэ онцлог нь шатрын спортыг зөвхөн спорт бус, соёлын болон дипломат харилцааны гүүр болгож, харилцаа холбоо, хамтын ажиллагаа, сүлжээ үүсгэх боломжийг нэмэгдүүлдэг. Түүний үзэж байгаагаар Хонгконг нь олон улсын шинж чанар өндөр, институцийн давуу талтай тул Азийн шатрын чухал төв болон хөгжих нөхцөл бүрдсэн газар юм. “Хонгконг Азийн шатрын төв болох бүрэн боломжтой” хэмээн тэр хэлжээ. -Шатрын хөлгөөс дэлхийг харах нь- Төр, засгийн удирдагчаас шатрын хөлөг дээрх тоглогч хүртэлх Г.Занданшатарын дүр өөрчлөгдсөн мэт харагдавч, нэг л мөн чанартай. Улс орныг удирдах ч бай, шатар тоглох ч бай, аль аль нь сонголт, үнэлэлт дүгнэлт, хариуцлага дээр тогтдог. Шинжлэх ухаан, технологи хурдацтай хөгжиж, хиймэл оюун хүн төрөлхтний хөгжлийг дахин тодорхойлж буй энэ эрин үед Г.Занданшатарын онцолдог зарчим, мөн чанар өөрчлөгдсөнгүй. Ирээдүйг тодорхойлох зүйл нь зөвхөн технологи биш. Харин хүмүүс хэрхэн сэтгэж, хамгийн чухал мөч бүрт ямар шийдвэр гаргаж байгаа нь юм.

Эх сурвалж: АМ730 Hongkong



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна