​Ц.Даваасүрэн: Дэлхийд хосгүй хоёр том ордын нэгийг алдаад, луйвардуулж байгаа мөртлөө дэндүү хүлцэнгүй байна

Г.Анар-Эрдэнэ
1 цаг 5 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс АМНАТ-ийн хэлэлцээрийн талаар тодрууллаа.

-Энэ хэлэлцээрээс ямар үр дүнг хүлээж байна вэ?

-Оюу толгойн хэлэлцээртэй зэрэгцээд ашинт малтмалын хуулийн өөрчлөлт зэрэг орж ирж байгааг би хувьдаа цаанаа зохион байгуулалттай байгаа болов уу гэж хаж байна. Оюу толгойгоос хүртэж байгаа ашиг өгөөж нь үндсэн хуульд заасан ард түмэн 50-иас доошгүй хувийг хүртэнэ гэдэтэй зөрчилдөөд байна. 2024 онд Оюу толгойд 2.1 тэрбум доллар орж ирж байсан бол 2025 онд 4.9 тэрбум доллар болсон байгаа юм. Өөрөөр хэлбэл өмнө нь олж байснаасаа хоёр дахин их орлого олсон байна.

Гэтэл Монгол улсад орж ирж байгаа татварын хэмжээ тэр хэмжээнд өссөн үү гэвэл үгүй. Бид ашигт малтмал нөөцөлсөн тавхан хувийн ганцхан татвар авч байгаа. Тэр татвар бусад зардлуудыг бүгдийг нь нийлүүлээд тооцвол 240 сая доллар төлж байгаа юм. 4.9 тэрбум доллар олчихоод 240 хөн сая доллар төлж байна. 4.9 тэрбум доллар чинь 17-18 их наяд төгрөг. Манай цалингийн сангийн хэмжээ бол 6.9 их наяд, тэтгэврийн сангийн хэмжээ 6.5 их наяд байгаа. Тэгэхээр тэтгэврийг, цалинг гурав дахин нэмж болох хэмжээний төгрөгийг зүгээр л ачаад явчихаж байна.

Тэрнээс илүү мөнгө тэндээс олж авч байгаа. 21 гаруй төрлийн ховор элемент байгаа. Бид тэндээс зөвхөн алтыг л авч байгаа. Мөнгө авч байна уу, үгүй юу. Би бусдын тооцохгүй байгаа, зөвхөн зэс болон алтны орлогыг л хэлж байна. Цаана нь байгаа 20 гаруй төрлийн элементийн орлогыг бид ерөөсөө авахгүй байгаа. Уг нь хосгүй гайхамшигтай орд.

Хэдий хэмжээний алт гарч байгааг мэдэхгүй байна. Бидэнд таван килограмм алт өгчихөөд цаанаа 10 килограмм алт зардаг байж болно. Алт, зэсний үнэ хоёр дахин өсөж байна. Тэгэхээр Ч.Сайханбилэг-ийн муу гэрээ нь ноогдол ашиг аа өгөх гээд эхлэж байгаа юм. Алтны үнийг 2000 төгрөгөөр тооцсон байхад, одоо 4000 төгрөг болж байгаа юм чинь ашигтай болоод эхлэнэ. Тэгэхээр нь дахиад л зээл авчихаж байгаа юм.

2021 онд Монгол улсын Их хурал 103-р тогтоол гаргаад, дахиж зээл авч болохгүй, 12 тэрбум доллараар зогс гэсэн. Одоо 21 тэрбум доллар болчихсон. 8-9 тэрбум доллар зүгээр авчихсан байна. Үйлдвэр нь ажиллаж байгаа шүү дээ, зарим нь зээлгүй явж болоод байхад яагаад зээл аваад байгаа юм. Тэр зээлийг хэн ашиглаад байгаа юм. Рио Тинто өөр зүйлд ашиглаад байгаа юм уу? Бид энэ бүгдийг ерөөсөө асууж лавлахгүй байна. Дэндүү хүлцэнгүй байна.

Ашиг гарах гэхээр нь зээл авчихна. Нөгөө мөнгөө зээлийн төлбөр болгоод л авчихна. Өөрөө зээлээ өгчихнө. Энэ чинь хөрөнгө оруулагч биш зээлдэгч. Зээлээр ашгаа хийгээд байна. Энэ схемийг өөрчлөхгүй бол Оюу толгой эцсийн дүндээ юу ч үгүй үлдэнэ. Өртэй үлдэнэ.

-Иргэд очиж замыг нь хаагаад, одоог хүртэл эсэргүүцлээ илэрхийлээд явж байгаа. Үүнийг та юу гэж харж байна?

-Зөв шүү дээ. Иргэд авах зүйлээ авъя гэж шаардаж байна. Үндсэн хуулиараа олж байгаа ашгийнх нь 50 хувийг авах ёстой байтал тавхан хувийг нь авч байна. Тэгэхээр уурлахгүй яах юм. Уурлах ёстой. Хэрвээ ашигтай болчих юм бол та нарт ч гэсэн нөлөөлнө шүү дээ. Та нар ч гэсэн энэ тэмцэлд оролцох ёстой. Бүгдээрээ оролцож байж дэлхийн том акулыг зогсоож чадна. Серби зогсоосон, Индонез зогсоож өөрчилж чадсан. Ашигтай болсон. Ийм орд ганцхан Индонез-д л байгаа. Өөр хаана ч байхгүй.

-Засгийн газраас хариуцлаа тооцно, хэлэлцээрт муугаар нөлөөлнө, нэг хоногт маш олон их наяд төгрөгийн алдагдал хүлээнэ гэх зүйлийг ярьж байна. Таны хувьд?

-Би нэг пост хийсэн байгаа. Засгийн газар, Их хурал иргэдийнхээ тэмцлийн талд зогсох ёстой. Яагаад гэвэл тэд иргэдийн саналыг авч гарч ирсэн хүмүүс. Иргэдийнхээ шаардлагын талд байх ёстой.

-Ашигт малтмалын тухай хуульд үндэсний АМНАТ-ийг бууруулах тухай яригдаж байна. Оюу толгойгоос таван хувийн татвар авч байгаа юу?

-Тийм, буурчихсан. Яагаад гэвэл Оюу толгойн гэрээнд байгаа юм. Татварын таатай нөхцөл бүрдвэл түүнийг авна гэж байгаа юм. Тэгэхээр ингээд өөрчилчихвөл таван хувийг аваад л явчихна гэсэн үг. Нэмэгдвэл авахгүй.

-Зэсийн АМНАТ-ийг хэдэн хувиар тооцвол зүгээр вэ?

-Гадаадныхан бол наймаас дээш хувиар авдаг. Монголчууд бид нэг зүйлийг ерөөсөө ойлгохгүй байна. Дэлхий дээр алт зэсний хоёрхон том орд байгаа. Хамгийн том нь Монголд байгаа. Нөгөөх нь Индонез-д байгаа. Дэлхийд хосгүй хоёр том ордны нэгийг алдаад, луйвардуулж байгаа мөртлөө дэндүү хүлцэнгүй байна.

-Таны хувьд одоо хийж байгаа хэлэлцээр үр дүнгүй байна уу?

-Ямар үр дүн байх вэ. Юу ч харагдахгүй байна. Аягүй л бол нөөц ашигласны төлбөрөө 2.5 болгочихвол нөгөө таваасаа болоон дор юм болно. Монголчууд бүгдээрээ үүний төлөө тэмцэх ёстой. Баялгийг нь ухаад гарч байхад дугарахгүй байгаа юм чинь, эх орныг чинь тусгаар тогтнолгүй болгоход чи дугарахгүй. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна