Тамхины хяналтын тухай хуультай хамт хэлэлцэгдэж буй Онцгой албан татварын тухай хуулийн өөрчлөлтөөр бүх төрлийн тамхин бүтээгдэхүүний татварыг 2031 он хүртэл үе шаттайгаар ойролцоогоор 6 дахин нэмэгдүүлэхээр болж байна.
Монгол Улс 2025 оны байдлаар 3.7 тэрбум ширхэг буюу 185 сая хайрцаг янжуур тамхи импортолж, үүнээс улсын төсөвт 300 орчим тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлжээ.
Харин шинэ хуулийн дагуу 2031 он гэхэд нэг хайрцаг тамхины өртөг үнэ 10,950 төгрөгт хүрч, улс нэг хайрцаг тамхинаас авах татварын хэмжээ 9,446 төгрөг болж, жижиглэнгийн худалдааны үнэ 15,330 төгрөг орчим байхаар тооцоолсон байна. Ингэснээр нэг хайрцаг янжуур тамхины өртөг үнийн 86,2% нь татвар байх юм.
Хүснэгт №1 /Нэг хайрцаг янжуур тамхинд ногдох нийт татварын дүн болон дэлгүүрт худалдаалах үнэ/
| НЭГ ХАЙРЦАГ ТАМХИ /20ш/ | 2026 он | 2027 он | 2031 он |
| Онцгой албан татвар (20 ширхэг буюу 1 хайрцагт) | 836 ₮ | 2,000 ₮ | 8,000 ₮ |
| Нийт татвар (ОАТ + Үнийн дүнд тооцох ОАТ+ НӨАТ) | 1,566 ₮ | 2,847 ₮ | 9,446 ₮ |
| 1 хайрцгийн өртөг үнэ (0.42$) | 3,070 ₮ | 4,350 ₮ | 10,950 ₮ |
| Дэлгүүрт худалдаалах жижиглэнгийн үнэ | 4,298 ₮ | 6,090 ₮ | 15,330 ₮ |
Хүснэгт №2 /10 мл шингэнтэй цахилгаан тамхинд ногдох нийт татварын дүн болон дэлгүүрт худалдаалах үнэ/
| 10МЛ ШИНГЭНТЭЙ ЦАХИЛГААН ТАМХИ | 2026 | 2027 | 2031 |
| Онцгой албан татвар (1 мл) | - | 750 ₮ | 3,000 ₮ |
| Онцгой албан татвар (10 мл) | - | 7,500 ₮ | 30,000 ₮ |
| Нийт татвар (ОАТ + НӨАТ + Гаалийн татвар) | 3,052 ₮ | 16,717 ₮ | 41,467 ₮ |
| 10 мл вэйп шингэний өртөг үнэ (5.50$) + Бусад татвар | 22,742 ₮ | 36,407 ₮ | 61,157 ₮ |
| Дэлгүүрт худалдаалах жижиглэнгийн үнэ | 30,000 ₮ | 50,969 ₮ | 85,619 ₮ |
Хүснэгт №3 /Нэг хайрцаг халаадаг тамхинд ногдох нийт татварын дүн болон дэлгүүрт худалдаалах үнэ/
| НЭГ ХАЙРЦАГ ХАЛААДАГ ТАМХИ /20ш/ | 2026 он | 2027 он | 2031 он |
| Онцгой албан татвар (20 ширхэг буюу 1 хайрцаг) | - | 1,500 ₮ | 8,000₮ |
| Нийт татвар (ОАТ + НӨАТ + Үнийн дүнд тооцох ОАТ) | - | 4,729 ₮ | 11,879 ₮ |
| 1 хайрцаг TEREA-ийн өртөг үнэ (2$) | - | 11,889 ₮ | 19,039 ₮ |
| Дэлгүүрт худалдаалах жижиглэнгийн үнэ | Контрабанд 15,000 ₮ -18,000 ₮ | 16,644 ₮ | 26,654 ₮ |
Төсөлд тусгасан төсөөллөөр 2031 онд Монгол Улсад тамхины зах зээлийн борлуулалтын хэмжээ 2 их наяд төгрөгт хүрч, үүнээс 1.7 их наяд төгрөгийг зөвхөн татвар хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ.
Гэхдээ ийм хэмжээний татварын орлого бодитоор бүрдэх эсэх нь зах зээлийн нөхцөлөөс шууд хамаарна. Үнэ огцом өсөхөд хэрэглээ хэрхэн өөрчлөгдөх, хууль ёсны импорт буурах эсэх, хил дамнасан хууль бус худалдаа нэмэгдэх эсэх зэрэг нь энэхүү төсөөлөл бодит амьдрал дээр хэрэгжихэд нөлөөлөх гол хүчин зүйлүүд байх болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна