"Монгол Улс өнөөдөр мөнгөтэйн зовлон эдэлж байна. Их наядаар хулгай явагддаг болсон"

Б.Дашмаа
1 цаг 44 минутын өмнө

УИХ-ын Ч.Лодойсамбуу нарын гишүүд нийслэлийн төсөвт хяналт тавьж, Ерөнхий сайд Н.Учралд асуулга хүргэх тухай байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Нийслэлийн сонсголд Барилга хот байгуулалт орон сууцжуулалтын сайд, Зам тээврийн яамны удирдлагууд мэдээлэл хийж, НЗДТГ, НИТХ-ын гишүүд бүрэлдэхүүнээрээ оролцож УИХ-ын гишүүдийн асуултад хариулсан. Сонсголоор хууль тогтоомжийн асуудалд ноцтой зөрчил илэрсэн гэж мэдээлэл ирсэн.

Товчхондоо, Улаанбаатар хотын төсөв сүүлийн жилүүдэд огцом өссөн. 28,9 их наяд төгрөгийн 16 мега төсөл хэрэгжүүлж байна. Энэ бол улсын төсвийн 80, 90 хувийг эзэлнэ. Үүнээс болоод эрсдэл нь улсын төсөвт хүнд тусаж болзошгүй. Тийм учраас нэгдүгээрт, сангийн төсвийн бодлогыг эргэж харж хянах үндэслэл гарч ирж байна.

Хоёрдугаарт, тэр их мөнгийг хэн захиран зарцуулж байна вэ. Төсөв баталдаг, хянах үүрэгтэй иргэдийн төлөөлөгч нар өөрсдөө төсвийг захиран зарцуулдаг төрийн байгууллага, аж ахуй нэгжүүдийн дарга болсон. Өөрөө төсвөө хянана, төсвөө зарцуулна. Энэ нь эрх зүйн зөрчилтэй байна. Үүнийг засах ёстой, хараат бус хүн томилох шаардлагатай байна. Ийм агуулгатай тогтоолын төслийг УИХ-ын Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн. Тогтоолын тайланг чуулганы хуралдаанаар хэлэлцсэн. Харамсалтай нь, тогтоолын төсөл батлагдсангүй.

Улаан цайм тодорхой болсон, ЗГХЭГ мэдээлээд, Сангийн яам дүгнэсэн, хууль бус худалдан авалтад тулгуурлаад 500 тэрбум төгрөгийг шилжүүлээд байхгүй болгосон хүмүүстээ хариуцлага тооцох асуудал, хууль эрх зүйн орчиндоо залруулах талаар чиглэл өгсөн тогтоолын төсөл дэмжигдсэнгүй. Тийм учраас энэ агуулгыг Монгол Улсын Ерөнхий сайдад асуулга хэлбэрээр хүргэж байна. 

Төсвийн тогтвортой байдлаа цаашдаа яаж хянах гэж байгаа юм, энэ олон төслийн эргэн төлөлт, Засгийн газрын баталгаа өгсөн бондын эргэн төлөлт, жишээ нь "Сэлбэ" төслийн төлөлтийг дараа жилээс төлж эхэлнэ. Барилгууд нь ашиглалтад ороогүй байхад яаж төлөх юм, хэн төлөх юм бэ. Яаж орон нутгийн хүн амын төлөвлөлтөө харж байж хуваарилалт хийх юм бэ.

Жилийн эцсийн үлдэгдлийг хиймлээр төсөвтөө авч тооцоод, дараа нь алдагдал байхгүй гэж төсвийн төлөвт буруу яваад байна. Нийслэлийн төсвийн алдагдал 2,4 их наяд гарч, улсын төсвийн алдагдал 1 их наяд байх жишээтэй. Хууль тогтоомжид илт нийцэхгүй байхад нийцэж байна гэж тайлбарлаад байгаа юм. Энэ асуудлаар мөн Авлигатай тэмцэх газарт албан захидал хүргүүлж байна. 

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:
УИХ-ын хэсэг гишүүд дүгнэлт гаргуулах тухай албан бичгийг Авлигатай тэмцэх газар хүргүүлнэ. Авлигатай тэмцэх газраас хууль зөрчсөн байна уу, үгүй юу гэдгийг илрүүлсний дараа дахин эргээд мэдээлнэ. 

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Манай улсад нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа маш сул байна. Нутгийн өөрөө удирдах байгууллага үндсэн хуульд заасан эрх хэмжээгээ хэрэгжүүлж чадахгүй байгаа дүр зураг харагдаж байна. Мөн төсөв гэдэг бол тухайн жилдээ олсон орлогоосоо зарлагаа хасаад үлдсэн мөнгийг орлого гэдэг бол харин нийслэлд өмнөх оны үлдэгдэл дээр орлогоо нэмээд зарлагаа хасаад алдагдлаа тооцож байна. Энэ нь төсвийн нэгдсэн байдал, сахилга баттай холбоотой асуудлуудыг алдагдуулж байна. Гэх мэтчилэн алдаа дутагдлыг сайжруулахаар сонсголоос тогтоолын төсөл санал болгосон боловч Байнгын хороогоор дэмжигдсэнгүй. Дэмжигдээгүй ч ажлын хэсгийн гишүүд энэ зүйл заалтуудын төлөө ажиллана гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: УИХ-ын гишүүд хууль батлахаас гадна хяналт, шалгалт хийх. Энэ бол УИХ-ын хуульд ч байдаг зүйл. Бид чиг үүргийнхээ дагуу хяналт шалгалт хийгээд цаашид юу хийх шаардлагатай вэ гээд тогтоолын төсөл оруулж өгөхөөр яагаад баталддаггүй юм бэ. Эрх ашгийн зөрчил байгаад батлахгүй байгаа юм уу, үнэхээр гайхаж байна. Саяхан маш олон зөрчил илэрсэн. Жишээлбэл, 2024 онд төсөвт 4 удаа, 2025 онд 5 удаа төсөвт тодотгол хийсэн. Энэ юуг харуулж байна вэ гэхээр ямар ч төлөвлөлт байхгүй байна. Төлөвлөлт нь бүхэлдээ дампуурсан учраас төсөвт тодотгол хийж байна гэсэн үг. Үүнд хууль шүүхийн байгууллага цаад эзнийг нь олох хэрэгтэй. Гэмт хэрэгтнүүдэд гишгэх газар байх ёсгүй. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. 

УИХ-ын гишүүн П.Наранбаяр: Нийслэл гэдэг их айл, их төсөв. Энэ утгаараа ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүд, НИТХ-ын гишүүдийн ажил. Жил болгон түгжрэлийг бууруулна гэж 2 их наяд төгрөг гаргаж байна. Жил болгон 20 сургууль, цэцэрлэг барих мөнгө байсан. Энэ мөнгө юунд үрэгдэв. Бид үр дүнг асуух цаг болсон. Ийм учраас миний бие Ерөнхий сайдад өгөх асуулгад гарын үсгээ зурж дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:
Улсын төсвийн алдагдал 1,4 их наяд, Нийслэлийн төсвийн алдагдал 2,4 их наяд төгрөг хүрэхүйц байгаа нь эмгэнэл. Яагаад ийм байдалд хүрэв ээ гэхээр ил тод байдал байхгүй  гэх олон асуудал байна. Энэ үед Ерөнхий сайдад асуулга хүргэх нь маш чухал.

УИХ-ын гишүүн Ө.Шижир:
Монгол Улс өнөөдөр мөнгөгүйн биш мөнгөтэйн зовлон эдэлж байна. Үүнийг бид үр ашиггүй зарцуулж байна. Манайд 1, 10 тэрбум төгрөгөөр яригддаг төсөл гэж байхгүй болсон. Хамгийн багадаа 1 их наядын дүнтэй төслүүдтэй болсон. Их наядаар хулгай явагдаж байна. Үүнийг сая нийслэлийн сонсголын үеэр харлаа. Ажлыг хийдэг 2 арга байна. Нэг бол үр дүнгээр хийдэг үгүй бол мөнгөөр зодож хийж байна. Улаанбаатар хотод сүүлийн жилд маш их мөнгөөр үр дүнгүй төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүллээ. Тийм учраас УИХ-ын гишүүдийн зүгээс цаашид байнгын хараа хяналт тавих, дүгнэлт хийх шаардлагатай байгааг хэлэх гэсэн юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна