ОХУ-д Бямба гаригт 3000 гаруй хүн баривчлагджээ

Х.Есү
Өчигдөр 09 цаг 26 минут

Сүүлийн хэдэн жилд болоогүй өргөн хүрээг хамарсан эсэргүүцлийн жагсаал өнгөрсөн амралтын өдрүүдээр ОХУ-д боллоо. Оросын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальный химийн бодист хордож, гадаадад эмчлүүлээд эх орондоо эргэн ирмэгц баривчилсныг эсэргүүцэн ард иргэд жагссан юм. Навальныйг буруутгаж буй улс төрийн зорилготой хэргүүдэд тэрбээр 10 гаруй жил шоронд хорих ял сонсох магадлалтай байна.

Москвагийн эрх баригчид цар тахлын хөл хорионы дэглэмийг зөрчиж, хууль бус жагсаалд оролцохгүй байхыг иргэдэд урьдчилан анхааруулж байсан юм. Хэрвээ оролцвол шоронд хоригдох хүртэл хатуу шийтгэлтэйг сануулж байжээ.

Түүнийг суллахыг шаардсан жагсаалын үеэр Бямба гаригт 3000 гаруй хүн баривчлагджээ. Тэгвэл ОХУ-ын мөрдөн шалгах газраас цагдаа нарын эсрэг хүч хэрэглэсэн жагсагчдад эрүүгийн хэрэг нээжээ. Цагдаа нарын эсрэг хүч хэрэглэх, үймээн самуун тарьсан хэрэгт тав хүртэл жил шоронд хорих хуультай.

Зөвхөн Санкт-Петербург хотод гэхэд 10 мянга гаруй хүн жагсаалд оролцсон ба нийслэл Москва хотоос эхлээд Сибирийн  Якутск хот хүртэл 20 гаруй хотод жагсаал өрнөсөн байна.

Москва хотноо Пушкины талбайд жагсагчдын эсрэг цагдаа нар хүч хэрэглэж, бороохойгоор зодох зэргээр хэрцгий ханджээ. Албаны эх сурвалжуудын мэдээлснээр Пушкины талбайгаас 30 орчим хүн эмнэлэгт хүргэгджээ. Түүнчлэн ОХУ-ын аюулаас хамгаалахын ажилчдын хийсэн олон тооны видео бичлэгийг нотлох баримт болгон ашиглах гэнэ. 

Гадаад хүчин зүйлүүд Москвагийн эрх баригчдыг шүүмжилжээ

АНУ-ын төрийн департмент жагсагчид болон сэтгүүлчийн эсрэг хатуу тактик хэрэглэсэн Москвагийн эрх баригчдыг шүүмжилж, Навальныйг дэмжигчдийг ямар нэг нөхцөл тулгалгүйгээр даруй суллахыг уриалжээ.

Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеф Боррел мөн Москвагийн эрх баригчдын үйлдлийг буруушааж, ямар хариу арга хэмжээ авах талаар Даваа гарагт хэлэлцэх тухайгаа мэдэгдсэн байна.

Навальныйн авлигатай тэмцэх хөдөлгөөний орон нутаг дахь үйл ажиллагааг хариуцдаг Леонид Волков энэ удаа орон даяар 300,000 орчим хүн эсэргүүцлийн жагсаалд оролцсон нь урьд өмнө байгаагүй өндөр үзүүлэлт болохыг мэдээлсэн байна. 

Тэрбээр ирэх амралтын өдөр дахин жагсаал зохион байгуулахыг иргэдэд уриалжээ.

Жагсаалын урд өдөр Москва дахь АНУ-ын элчин сайдын яам вэбсайтдаа жагсаал эхлэх цаг, явах зам маршрутыг мэдээлсэн нь Орос дахь Америкийн иргэдийн аюуйгүй байдлыг хангах зорилготой гэж тайлбарласан юм. Харин ОХУ-ын гадаад хэргийн яам үүнийг Кремль рүү жагсагчдыг турхирсан үйлдэл гэж үзээд дипломат шугамаар хариу арга хэмжээ авахаа илэрхийлжээ.

Тэгвэл энэхүү үйл явдалыг оны сүүлээр болох парламентын сонгуулийн өмнө сөрөг хүчнийхэн өөрийн хүч чадлыг шалгасан явдал боллоо гэж ажиглагчид дүгнэж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна