Хүлээн зөвшөөрье, М.Тулгат нь Д.Бадарсан, Т.Батцогт хоёроосоо хавь илүү юм байна

Х.Батсайхан
2023/11/17

-Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн мэтгэлцээний сонин хачин-

Нийслэлийн Ардчилсан намын даргын сонгууль нэр дэвшсэн М.Тулгат, Д.Бадарсан, Т.Батцогт нар НТВ телевизийн шууд эфирт өчигдөр мэтгэлцлээ. 

Мэтгэлцээнийг гурван нэр дэвшигчийн дунд ижил асуулт тавьж, өөр, өөрсдийнхөөрөө хариулах байдлаар зохион байгуулжээ. Нийслэлийн Ардчилсан намын дарга гэдэг бол УИХ, Орон нутгийн сонгуульд намаа авч орох, ялсан тохиолдолд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллах хамгийн өндөр магадлалтай субъект. 

Тиймээс нийслэлчүүдийн өмнө тулгамдаад буй агаарын бохирдол, авто замын түгжрэлийг хэрхэн шийдэх, "Улаанбаатарчууд Нийслэлийн Засаг даргаа иргэдээсээ сонгож чадахгүй байгаа нь зөв үү" гэх мэт асуултыг асууж, нэр дэвшигчид хариуллаа. 

Нэг ижил асуулт гэдэг тухайн оролцогчийн боловсрол, мэдлэг, туршлага, чиг хандлага, төлөвшил гээд олон мэдээллийг авах боломж олгодог давуу талтай. Яг энэ ёсоор, нэр дэвшигчдийн ялгаа өчигдөр тод томруун харагдлаа. 

Ерөнхийдөө, нэр дэвшигчид гурвуулаа л олон шинэчлэлийг эхлүүлсэн гэдэг утгаар Э.Бат-Үүл даргын үеийг дурсаж, тэр үеийн гэрэл гэгээг өөр дээрээ тусгачих гээд байгаа нь ажиглагдсан. Гэхдээ сэдвийг судалсан байдал, асуудлыг харж байгаа өнцөг зэргээрээ М.Тулгат нөгөө хоёроосоо хавь илүү байсан гэдгийг энд ямар ч эргэлзээгүй хэлэхийг хүсэж байна. Эргэлзсэн нь бичлэг олж үзнэ биз.   

Мэдээж, асуудал, шийдэл гэдэг ерөнхий утгаар бол нэр дэвшигчдийн хариултуудын бараг 60 хувь нь ижил байсан. Харин үлдсэн 40 хувь буюу шинэлэг санаа дэвшүүлэх тал дээр М.Тулгат хол илүү байв.

Нийслэлчүүд өнөөдөр үнэндээ хоёр туйлтай бодлогоос залхаж байгаа. Э.Бат-Үүл шиг иргэдийг хэт дураар нь тавиад /Газар чөлөөлөхдөө иргэдтэй заавал тохиролц гэх мэт/ ажлаа унагадаг биш, гэхдээ хажуу айлуудаас нь санал аваад хүчээр нүүлгэдэг биш, энэ хоёрын дундын шийдлийг олох хүнийг үгүйлж байна.

 Өнөөдөр Нийслэлд тулгамдсан асуудлын буруутан нь төр, төрийн эрх мэдлийг барьж байсан нам болохоос нийслэлчүүд биш. Гэтэл тэд алдаа гаргасны төлөө иргэд эрхээ хасуулж, эрх мэдлийг нь нэмж өгөх ёстой юу гэдэг асуултыг дор, дороо тунгааж байгаа. 

Яг үнэндээ хот хуримтлагдсан асуудлуудаа шийдэж, сайхан болчихвол Нийслэлд онцгой эрх олгосон шалтгаан үгүй болно. Тэгэхээр хот удирдаж байгаа хүн эрхээ алдах уу, хотоо сайхан болгох уу гэдэг хоёр замын нэгийг сонгох хэрэгтэй болно гэдгийг ч хэрсүү иргэд бодож л байгаа. 

Асуудлуудыг үтэр түргэн шийдээд, хуулийг цуцалж, иргэдэд эрхийг нь буцааж өгөх нам бол хуулийг баталсан нам биш, харин энэ цаг үед эсэргүүцэж байгаа, үзэл баритлалын хувьд хорьж боохыг тэвчдэггүй Ардчилсан нам байх магадлал хавьгүй өндөр.    

Тиймээс нэр дэвшигчдийг одоо МАН-ын хэрэглэхээр завдаж байгаа хатуу бодлогыг хэн нь сөрөн зогсож чадах вэ, хэн зөнгөөрөө, хувь хүнийхээ үзэл баримтлал, төлөвшлөөрөө зөв тийш нь залаад явчих бол гэдэг талаас нь анзаарч харсан.   

Ингэхэд, Т.Батцогт илэрхий алдаа гаргаагүй ч шинэ, шийдэл гэхээсээ илүү одоо байгаа, хүн бүхний мэдэх элементарны мэдээлэлд цагийнхаа ихэнхийг зарсан. 

Харин Д.Бадарсан бол жишээ нь, асуудлыг ойлгож байгаа, өөрийн гэсэн шийдэлтэй ч хэрэгжүүлэх зориг зүрхгүй, нэлээд баригдмал нэгэн бололтой. АН-ын гэхээсээ илүү МАН-ын улстөрч ч юм шиг. 

Жишээ нь, "Нийслэлчүүд даргаа өөрсдөө сонгож чадахгүй байгаа. Энэ зөв үү" гэдэг асуултад "Миний хувьд Японд төгссөн. Хотын даргаа иргэд нь өөрсдөө сонгох нь зүйтэй гэж боддог" гэсэн ч "Гэхдээ бид одоо үйлчилж байгаа хуулиа дагах ёстой. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар хотын даргыг НИТХ-ын 45 төлөөлөгчөөс сонгодог" гэж хариулсан нь /Хууль шинээр үүсэх асуудлуудыг зохицуулах чадвараа хадгалахын тулд цаг үеэ дагаад байнга өөчрлөгдөж, шинэчлэгдэх ёстой гэж үздэг надад / ийм бодол төрүүллээ. 

Харин М.Тулгат сарын өмнө энэ асуудлаар НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт асуулга тавьж, Х.Нямбаатар дарга 100 хувь санал нэгдэж байгаагаа илэрхийлж байв. 

М.Тулгат хотын даргыг иргэдээсээ сонгох нь зөв гэдэг санаа илэрхийлж, батлахдаа "Гаднын улсад хотын ажил аж ахуйн шинжтэй учраас улс төр нэг их нөлөөлөөд байдаггүй. Тийм учраас иргэдээсээ сонгож болоод байдаг. Харин манайд хотын ажлыг улс төрөөс холдуулах шаардлага байгаа" гэсэн нь оновчтой санагдлаа. Учир нь, нийслэлүүдийг энэ өвөл хөлдөөж, өвчин эмгэгт нэрвүүлэн онц байдалд хүргэж мэдэх "Ногоон автобус"-ны хэргийн цаана Нийслэлийн МАН-ыг булаацалдсан улс төрийн "зодоон" явагдсаныг одоо хүмүүс гадарлаж эхэлж байна.

 Улс төр нь иргэдийнх нь аюулгүй байдлаас давчихсан ийм л хотод бид хэнд ч юм, юунд ч юм  итгэж найдаад, "Эрх мэдлийг нь өгьче, биднийг хориод өгөөч, цагдаад өгөөч" гэж гуйгаад амьдарч байна гэсэн үг л дээ.  

Тэгэхээр, ямар ч байсан миний хувьд л лав М.Тулгатыг Нийслэлийн Ардчилсан намын даргаар, цаашлаад Нийслэлийн Засаг даргаар харахад дургуйцэхгүй юм байна гэдгээ өчигдрийн мэтгэлцээнээс мэдэж авлаа.  

Монголчууд ардчиллын мэдрэмжтэй ард түмэн. Ямар ч сайн бодлоготой, ард түмний төлөө уриатай нам дангаараа удаан засаглавал дотроосоо өтдөг, дарангуйлал руу халтирдаг гэдгийг 70 жилийн гашуун туршлагаараа мэднэ. Тийм ч учраас ардчилал, хүний эрх, ямар чухал вэ гэдгийг мэддэг, тоталитар дэглэмийг алсын зайнаас ч мэдэрдэг. 

Ардчилсан нам өнгөрсөн сонгуулиудын ялагдалдаа үнэлэлт өгч, алдаагаа засахаар  тэмцэж байгаа энэ цаг үед ард түмэн ч өнгөрсөнд өгсөн сонголтуудаа эргэцүүлж суугаа. Эрх баригчдын амлалт, ажлын зөрүүг нь хэмжиж, зарим нь дүнгээ аль хэдийнэ тавьсан биз.

Хүний эрхийн мэдрэмжтэй, барууны чиг баримжаатай, оройлж манлайлах нэр цэвэр, мөр цэвэр, бэрхээс зүрхшээдэггүй нэгэн гараад ирвэл ер нь л шууд дэмжээд явчихад бэлэн байгаа болов уу. Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшсэн гурваас тэр шалгуурт хамгийн ойр нь ах аргагүй М.Тулгат байна.  




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.