“Эвийн хүчээр зангидах” Лу-гийн ЗАРЧИМ ба Э.Одбаярын ТОМИЛГОО

2023/11/29

АН “генсек”-ээ  томилохтой  зэрэгцээд айдаст автсан “нөхөд” олон байх шиг. Тус намын ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Э.Одбаяр гэх залуу сонгогдов уу, үгүй юу таавар, таамаг дэвшүүлсэн олон үзүүрт мэдээллүүд “сэвэгдээд” эхлэв.

 Тэрний хүн, энэний хүн, тийм хэрэгтэн, ийм зальтан гээд л төрөл бүрээр гоочлох. Гэвч үйл явдлын учгийг хөөгөөд үзвэл, асуудал Э.Одбаяртаа бус АН-ын бүтэц батжиж байгаа явдалд байж ядаж буй эрх баригчдын үнэн төрх илэрч буй хэрэг.

Ерөөс АН-ыг хагаралдуулах, хүчгүйдүүлэх, хооронд нь талцуулах сонирхол ганц эрх баригч намд бус улс төрийн жижиг хүчнүүдэд ч буй. Учир нь ирэх сонгуульд АН эвээ олоод орчих юм бол хүчтэй өрсөлдөгч болохыг  мэддэг болохоор тэр. 

Угаасаа ардчилал гэдэг, ардчилсан үзэл санаа гэдэг нийгэмд тийм хүчтэй, тэр тусмаа Монголын өнөөгийн улс төрд АН-ын засаглал ус агаар мэт үгүйлэгдэж байгааг ч хэлэх үү. АН-ын найрамдлаас айсан цөөнгүй нөхдийн башир арга барагдах дээрээ тулж, арга ядахдаа АН-ын 15 дэд даргаас нь эхлүүлээд ”генсек”-ээр томилогдсон нэгнийг нь хүртэл элдвээр дуудаж байна. 

Ойлголцлын өндөр түвшинд яваа АН-ын лидерүүдийн дунд  ч “Яс хаях” ядсан арга явуулсаар байгаа нь хөөрхийлөлтэй. Гэвч тийм башир аргатай нөхдийн “бүдэрч унах” том тээг саад нь “Лу дарга” болчихоод байна.

Ардчилсан нам бол дарга төвтэй дарангуйлагч нам бус олон төвт үзэл санааг хүлээн зөвшөөрсөн, эв нэгдлийг эрхэмлэгч тийм нам гэдгийг баттай харуулж чадаж буй лидер бол “Лу дарга”. 

Угаасаа энэ намын үүсэл тийм. Үүх түүхийг нь сөхөөд үзсэн ч ардчилсан үзэл дээр нэгдсэн зургаан намын нэгдлээс өнөөгийн АН “төрсөн” байдаг. Өөрөөр хэлбэл, тэднийг нэгтгэдэг гол хүч нь ардчиллын мөн чанар.

Гагцхүү мөн чанарын тэр нэгдлийг “Эвээр зангидаж” чадах нь чухал. Тиймээс ч Лу.Гантөмөр намынхаа бүтцийг бүрдүүлж, дарга нарыг нь томилохдоо Х.Баттулгын, С.Эрдэнийн, Ц.Элбэгдоржийн гэлтгүй бүгдийнх нь эрх ашиг, оролцоог хангаснаар Ардчилсан намд, цаашлаад Монголын ардчилалд хувь нэмрээ оруулж чадахуйц гэж хэлж болох залуусаар үндсэн багаа бүрдүүлээд буй.

Товчхондоо, талууд эвлэн нэгдэхийн чухлыг, ганцаар бус олны хүчээр ихийг бүтээхийн хүчийг, энэ бүхний эцэст эв нэгдлийн мөн чанар ямар аугаа болохыг харуулах нь л Лу даргын жанжин шугам. Тиймдээ ч тэрбээр “Эвлэнэ гэдэг дайтахаас илүү” хэмээн онцолсон биз.

Өөрөөр хэлбэл, ойлголцлын зөрүү, ороо бусгаа нөхдийн башир арганд автсан байсан намын хийгээд журмын нөхөдтэйгээ нэгэн зүгт харах, нэгдмэл санаанд хүрэх гэж өнгөрсөн жил гаруйн хугацаанд чамгүй хичээл зүтгэл гаргаснаа дээрх үгээр илэрхийлсэн болов уу. 

Ямартай ч өнөөдөр АН бүтэц бүрэлдэхүүнээ бататгаад, багаа ахалж ажиллах залуусаа сонгочихлоо. Цаашид энэ эв нэгдлийн бүтэц хэрхэхийг, ямар үр дүнд хүрэхийг цаг хугацаа л харуулах юм. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.