МАН-ын хэрээс хэтэрсэн томилгоонууд буюу Шүүх дээр овоорсон хэргүүд

Zuv.mn
2024/03/13

-Байгууллагаасаа мөнгө "цохисон" хүн удирдах албан тушаалд томилогджээ-

“Нараа дагавал даарахгүй, намаа дагавал алзахгүй”. Социализмын үеийг эрхгүй санагдуулдаг энэ үг Ардын намыг төр барих үед “мода”-нд ордог болоод уджээ. Эрх баригчид өөрсдийнхөө багийг бүрдүүлэх нэрээр төрийн албаны нэр хүндийг шороотой хутгадаг, үүнийгээ юман чинээнд боддоггүй дүлий дүмбэд царайлан, ард түмний хөрөнгийг чимээгүйхэн "цусалж" байна. 

 Хэрэгжүүлэгч, тохируулагч агентлагууд бол төрийн эрхийг хэрэгжүүлдэг гол газар нь. Энэдээс их хөдөлмөр, эрч хүч мэдрэгддэг байх ёстой. Тэгвэл одоо тийм байж чадахгүй байна. 

Хэдэн жилийн өмнө төрийн байгууллагын албан хаагчид хэсэг бусгаараа цуглараад шинээр томилогдож ирсэн даргынхаа төгссөн сургууль, эзэмшсэн  мэргэжлийг олох гэж оньсго тааж байгаа аятай хэлэлцүүлэг өрнүүлэнхэн, кофе тамшааланхан суудаг байсан бол одоо хэний хүн болох, ямар зорилготой томилогдож ирснийг нь таалцдаг болсон байна. 

Монголд хуульч мэргэжилтэй тогооч, эдийн засагч мэргэжилтэй үсчин, багш мэргэжилтэй худалдагч зөндөө. Энэ нөхдүүд дэмждэг нам нь төрийн эрхэнд гармагц далдын далд нуугаад мартчихсан дипломоо гэнэт санаж, мэргэжлийн ажлаа хийхээр шуурхайлдаг нь ийнхүү манан будан үүсгэдэг ч байж мэднэ.   

Мэргэжлийн байгууллагад тэс хөндлөнгийн орон тоо бөглөх нөхдүүд бөөн, бөөнөөрөө орж ирж байгаа, тэд ажлаас хойш татаж байгаа тухай хов жив төрийн байгууллагуудын өрөөгөөр нисэлдэнэ. Хэлтсийн даргаар ажиллаж байхдаа байгууллагаасаа мөнгө тууж, тэр нь бүр мөнгө угаах зүйлчлэлээр хуулийн байгууллагаар шалгагдаж тогтоогдчихсон этгээдийг яг тэр агентлагийнх нь /Нийслэлийн/ даргаар дэвшүүлчихсэн ч байх шиг.  Ийм сэргэлэн нь дэндсэн, аюултай хэрэг өдүүлсэн этгээд дэвшиж байна гэхээр, томилдог даргатайгаа халаас нэгтэй юм байна л гэж ойлгогдоно.  


Ер нь дунд шатны албан тушаалд томилогдож байгаа МАН-ын нэртэй, хэн нэг даргын "шошготой" нөхдүүд тун удахгүй асуудал үүсгэх их хүч болон босч ирэх нь бараг л гарцаагүй гэж дээр доргүй ярих боллоо. 

Төрийн албаны томилгоонд ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх хууль үйлчлэх ёстой ч амьдрал дээр хэрэгжихгүй байна. “Яам болгонд нэг аймаар авгай байдаг” гэдэг шиг “Газар болгонд хэдэн арван аймаар хүн” байдаг болох тийшээ хандчихлаа.

АН-ын засаглалын үед Х.Тэмжүүжин Хууль зүйн сайд байхдаа ЦЕГ-аас авдаг ял, шийтгэлийн лавлагааг хэсэгчлэн үгүй болгож, зөвхөн хууль тогтоомжийн хүрээнд л гаргаж өгдөг байх тушаалыг гаргаж байсныг санаж байна. Амьдралдаа нэг алдсаныхаа төлөө үлдсэн насандаа ажил хөдөлмөр хийх эрхээ хасуулдаг гажиг хандлага залхаан цээрлүүлэх тогтолцоо шахуу болчихоод байсныг тэрбээр гярхай олж харан зассан байдаг. Түүний тушаал тухайн үедээ олон хүнийг баярлуулсан нь тодорхой. Ажилд орох анкет дээр байдаг “Ял шийтгэлгүй лавлагаа” гэсэн шаардлагад бүдэрсэн хүмүүст энэ шинэ журам ивээлээ өгсөн байж таарна. 

Дээрх тушаал гарах болсон өөр нэг шалтгаан нь, мэдээж АН-д өөрсдөд нь ашигтай байв. Ардчилсан нам бол тэмцэж босч, эрх баригчдын “хорхойтой араанд” олон жил зуугдсан нам. Тийм ч учраас сонгуульд өрсөлдөх боломжгүй болгох, төрийн албанд томилогдох боломжийг нь хаах ч гэдэг юм уу, улс төрийн санаа зорилготойгоор эрх баригчдын санаачилгаар гэмт хэрэгт холбогдуулах явдлын золиос болсон хүмүүс олонтой. Жинхэнээсээ гэмт хэрэг үйлдээд бусдынхаа өмнөөс ялыг нь үүрчихсэн нөхдүүд ч байдаг. Эдгээр нөхдүүд төрийн албанд ажиллахыг хүсэх нь мэдээж хэрэг. Х.Тэмүүжин сайдын шийдвэр энэ хүмүүсийг ч ивээсэн.

Гэхдээ, хууль журам урт хугацаанд хэрэгжээд ирэхээр намын нэрээр төрийн албанд шургалах гэж байгаа, шургалчихаад байгаа нөхдүүдийг өөхшүүлж, дошгируулдаг юм биш биз дээ. Өдгөө МАН-ын өнгөн дээр төрийн албаны томилгоо үнэхээр "Намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ" гэсэн шиг л байна.  

  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.119.113
    2024/03/13

    шүүх хурал дээр энэ их хэрэг овооруулна гэдэг бол хэдэн шүүгчид хахуулиар баяжих сайхан боломж. ялах нам арай сонгуулийн мөнгөө босгодог юм биш байгаа гэж цөхөрсөн ард иргэд таамагладаг боллоо.

    Хариулах