Хятадын цахилгаан машинд "тагнуул" байхгүй, харин Америкийн улс төрчдийн зүрхэнд "айдас" байгаа

Zuv.mn
2024/03/20

Америкийн Нэгдсэн Улс саяхнаас Хятадын цахилгаан автомашины “Аюулгүй байдлын эрсдэл”-ийг мөрдөн байцаах ажиллагаа эхлүүлсэн билээ. Худалдааны сайд Раймонд нь Хятадын технологи, бүтээгдэхүүнийг гутаан доромжлох шинжтэй мэдэгдэл хүртэл хийсэн. Үнэн хэрэгтээ АНУ Хятадын технологийн бүтээгдэхүүнээс эмээж байгаа нь “Үндэсний аюулгүй байдал”-тай холбоотой биш, харин эрчим хүч, технологийн салбарт тэргүүлэх байр сууриа алдах вий гэж санаа зовниж байгаа юм. Шалтгаан нь, Хятад улс нээлттэй инновацид тулгуурласан шинэ эрчим хүчний салбарт дэлхийд тэргүүлж байгаа явдал. Гэхдээ тэдний энэ хамгаалах бодлого урт насгүй бөгөөд цаашдын хоцрогдлоос аварч чадахгүй юм. 

АНУ-ыг дотоодын газрын тос, автомашины үйлдвэрүүд нь хэдэн арван жилийн турш "барьцаалсан". АНУ нь нэг хүнд ногдох хорт утааны хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг бөгөөд цахилгаан машинд шилжих нь АНУ болон дэлхийн сайн сайхан байдалд нэн чухал гэж ерөнхийлөгч Ж.Байден үзэж байна.

Асуудал нь “Тесла”-гаас бусад Америкийн ихэнх цахилгаан машин үйлдвэрлэгчид өрсөлдөх чадваргүй, “Тесла”-гийн үнэ хэрэглэгчдийн хувьд хэт өндөр байгаа явдал юм. Нэмж дурдахад, АНУ-д мөн үйлдвэрлэлийн хүчин чадал дутмаг, батерейны хамгийн дэвшилтэт технологи байхгүй, тэр ч байтугай улсын хэмжээнд цэнэглэх станцын сүлжээ байгуулах чадамж сул. Эсрэгээрээ Хятад улс чанартай, хямд цахилгаан машинуудыг олноор үйлдвэрлэж, цэнэглэх станцуудыг өргөн хэмжээгээр барьж, нарны хавтан, салхин сэнс зэрэг сэргээгдэх эрчим хүчний технологийг эрчимтэй хөгжүүлж байна.

Харин АНУ-ын Засгийн газар үүнийг үгүйсгэхийн тулд чадах бүхнээ хийж буй. Тэд эдгээр бүтээгдэхүүнийг иргэдээрээ худалдан авахуулахгүй байхыг хичээж, чулуужсан түлшнээс хараат байдлыг нь аль болох уртасгахыг хичээж байгаа юм.

Яагаад ийм зүйл болсон бэ

Энгийнээр хэлэхэд, АНУ дээрх салбаруудад ноёлогч байр сууриа Хятадад алдахаас эмээж байна. “Газрын тосны дараах эрин”-д ам.долларын ханш буурах вий гэж болгоомжилж байгаа нь бас нэг шалтгаан.

АНУ-ын Засгийн газар Хятадын цахилгаан машиныг хориглосон нь тэдний хувьд "Үндэсний аюулгүй байдлын асуудал" мөн байж болно. Гэхдээ олон нийтэд тайлбарлахдаа “Хятад цахилгаан машиныг Бээжин тагнуул, хорлон сүйтгэх үйл ажиллагаанд ашиглана" гэсэн пи ар явуулж байгаа нь үнэн бодит биш юм. 

Хятадын цахилгаан автомашинууд АНУ-ын зах зээлд бодитоор нэвтэрч амжаагүй байгаа ч тэд аль хэдийн янз бүрийн ялгаварлан гадуурхалтад өртөж эхэлсэн. Гэтэл Хятадын бүх цахилгаан автомашин үйлдвэрлэгчид төрийн өмчит үйлдвэр биш.

Ер нь Хятадын цахилгаан машины эсрэг АНУ-аас гаргаж буй бүх үг, үйлдэл нь "Төсөөлөл" дээр суурилдаг гэдгийг хэлэх хэрэгтэй.

Нийтлэлийн эхэнд хальт дурдсан, АНУ-ын Худалдааны сайд Раймондын Хятад машиныг муулсан мэдэгдэл ч төсөөллийн чанартай. АНУ-д Хятад машинууд олноороо ороод ирчихсэн, америкчууд тэр машиныг нь унаж, амь нас, эрүүл мэндээ даатгаад явж байсан бол ингэж болгоомжилж болно. Гэтэл тийм биш, хятадын цахилгаан машин АНУ-ын зах зээлд бодитой нэвтрээгүй байгаа. Орж ирж амжаагүй байгаа машины талаар “Хятадын цахилгаан машинууд дугуйтай ухаалаг утас шиг Америкийн жолооч нарын нууц мэдээллийг цуглуулдаг, машины камерууд нь Америкийн дэд бүтцийн мэдээллийг бүртгэх болно, бүгдийг нь хальсанд буулгана. Эцэст нь цахилгаан машинуудыг дайсны нисгэгчгүй онгоцтой адил "Бээжин дэх хэн нэгэн" алсаас удирдаж болно” гэж ярих нь мөн төсөөлөл юм.  

Ер нь бол ийм эрсдэл байсан ч аюулгүй байдлын мэргэжилтнүүд техникийн аргаар арилгах боломжтой шүү дээ. Тэгэхгүй бол “Тесла” яаж Хятадын зах зээлд гарах вэ. 

АНУ Хятадын технологи, машиныг "сүнс" гэж үргэлж итгэдэг. Үнэн хэрэгтээ машинууд "сүнстэй" биш, харин АНУ-ын зүрхэнд л "чөтгөрүүд" байна.

Хятадын байр суурь бол АНУ-ын айж байгаа зүйл нь тагнуул, хорлон сүйтгэх ажиллагаа биш, харин өрсөлдөөн. Одоогоор Хятадын цахилгаан машинд ногдуулах АНУ-ын гаалийн татвар 27.5%-д хүрээд байна.

АНУ-ын иргэд цахилгаан тээврийн хэрэгсэл худалдан авахдаа холбооны орлогын албан татварын томоохон хөнгөлөлт эдлэх боломжтой боловч автомашин, батерейг Хятадад үйлдвэрлээгүй байх нөхцөлтэй юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ талаар “БНХАУ цахилгаан автомашин үйлдвэрлэгч дотоодын компаниуддаа татаас өгч, хөнгөлөлт эдлүүлдэг. Гадаадын цахилгаан автомашины компаниуд Хятадад ялгаварлан гадуурхагдах хандлагатай тул АНУ-ын хамгаалалтын арга хэмжээ нь Хятадын хамгаалалтын арга хэмжээг эсэргүүцэх зорилготой” гэж хэлж байсан.  

Гэтэл үнэн хэрэгтээ Бээжин “Тесла”-г зах зээлдээ ор, өрсөлдье гэж урьсан шүү дээ. Тэгэхээр, Хятадын компаниуд цахилгаан автомашин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх болсон нь төрийн дэмжлэг огт биш, харин “Тесла” зэрэг олон улсын компаниудыг гүйцэх зорилготой 10 гаруй жилийн нөр их хөдөлмөрийн үр дүн юм.

 

Эх сурвалж: https://cn.chinadaily.com.cn/a/202403/16/WS65f54c1aa3109f7860dd5b44.html



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна