Явцуу эрх ашигт хөтлөгдсөн дарга нар өөрсдөдөө тааруулж хууль өөрчлөхийг санаархаж байна

С.Гандэлгэр
2024/11/28

Монгол Ардын нам /МАН/,  Ардчилсан нам /АН/,  Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ тэргүүтэй намууд улс төрийн намын шинэчлэлээс "зайлсхийж, ухарч байна" гэж харахаар үйл явц улс төрийн хүрээнд ид өрнөж байна. 

Тодруулбал, өнгөрсөн онд хэл ам, шүүмжлэл дагуулж батлагдсан "Улс төрийн намын тухай хууль"-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжилтийг тэд 2026 бүр 2027 он руу "шидэж", хойшлуулахаар санаархаж байгаа юм.

Өнгөрөгч долоо хоногт Засгийн газраас "Улс төрийн намын тухай хууль"-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хуулийн төслийг өргөн барьсан. Хэрвээ энэ нь батлагдвал намын дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг "Улс төрийн намын тухай хууль"-тай нийцүүлэх арга хэмжээг 2027 оны 8 дугаар сар хүртэл хойшлуулах юм. 

2024 он сонгуулийн жил байсантай холбоотойгоор эл асуудал удааширсан ч өдгөө улс төрийн намууд цэгцэндээ орж буй.  Хуулийн дагуу 2024.07.01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор дотоод зохион байгуулалт, шинэчилсэн дүрмээ УДШ-д хүргүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл УИХ-ын сонгуулиас хойш зургаа, Орон нутгийн сонгуулиас хойш гурван сарын хугацаа байсан гэсэн үг. 

Гэтэл АН, МАН, ХҮН тэргүүтэй "том" намууд нь, тэр дундаа удирдлагууд нь намын шинэчлэлийг хойшлуулах хүсэл, санаахаралтай байгаа мэт үл ойшоож буй нь анхаарал татаж байна. Энэ нь хэнд ашигтай вэ. 

Мэдээж хамгийн түрүүнд одоо байгаа намын дарга нарт ашигтай. УИХ-ын сонгуулиар жишээ татвал МАН дангаараа Засгийн газраа байгуулах боломж байсан ч АН, ХҮН намтай хамтарч, 10 сайдын суудлаа "бэлэглэсэн". Уг үйл явцаас үүдэж МАН-д маш олон "гомдогсод" бий болсон нь нууц биш. Энэ нь2024 оны төсвийн тодотгол, ирэх оны төсөв зэргийг хэлэлцэх үеэр ил тод харагдаж байв. Одоо тэд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг хэзээ бүдрэхийг л хүлээж суугаа. 

АН-ын хувьд ч хүндхэн. ҮБХ-ноос сонгогдсон Л.Гантөмөр намын их хурлаа хийж, дүрмээ шинэчилж, дотоод зохион байгуулалтаа өөрчилж чадахгүй, дүр эсгэн гэлдэрч явна. Нөгөө талдаа АН-д одоо ч нөлөөтэй хэвээр байгаа Х.Баттулга буюу түүний МоАХ фракц Л.Гантөмөрийг АН-ын даргаас нь унагаж болох бүхнийг хийхэд бэлэн байгаа. Нам доторх Л.Гантөмөрийн нэр хүнд ч тааруухан байгаа учраас зориглохыг хүсэхгүй байгаа биз. 

ХҮН намын хувьд орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээсэн. Үүний шалтгааныг хамтарсан Засгийн газарт орсонтой холбож тайлбарлах хүн олон. Тиймдээ ч энэ сонголтыг хийж, Засгийн газарт Шадар сайд болсон Т.Доржхандын байр суурь ч ганхаж мэдэхээр байгаа юм.

 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.156
    2024/12/02

    Тэгэх тусам нь хойшлуулалгүйгээр хугацаанд хуулийг хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй. ХҮНМАНАН БОЛ ЭВСЭН НЭГДСЭН ХУЛГАЙ ЛУЙВРЫН БҮЛЭГЛЭЛ.

    Хариулах