МҮХАҮТ-ын сонгууль: Т.Дүүрэнг зориуд "хориулсан" бол хэргийн эзэн нь хэн байж болох вэ...

Zuv.mn
2024/11/28

Хувийн хэвшлийнхнийг нэгтгэсэн, эрх ашгийг нь хамгаалах гол байгууллага / МҮХАҮТ нь НҮТББ статустай, 6000 орчим гишүүн байгууллага, 21 аймагт салбар танхим, 2З улсад 51 төлөөлөгчтэй/ болох МҮХАҮТ-ын сонгууль өнөөдөр болох гэж байна. Ямар ч сонгуульд тухайн байгууллагын гүйцэтгэх эрх мэдлийг атгаж байгаа нэр дэвшигч бусдаасаа давуу талтай, ялах магадлал өндөр байдаг. Гэтэл  сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг АТГ-аас 30 хоног баривчлан саатуулах нь тэр. Түүнийг юуны учир хорьсон талаар албан ёсны мэдээлэл байхгүй ч Танхимын дансанд байсан таван сая орчим ам.долларыг эргэлдүүлсэнтэй холбоотой гэсэн мэдээлэл хэвлэлээр гарч буй. Гэхдээ МҮХАҮТ-ийн ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой гэх дүгнэлт жин дарж байгаа бөгөөд тэрбээр өөрөө ч ингэж үзэж байгаа гэдгээ олон нийтийн сүлжээнд бичсэн. Товчхондоо, яг одоо Т.Дүүрэнг АТГ юуны учир гэнэт баривчлав, цаг хугацааны хувьд тэгж таарав уу, эсвэл хэн нэгний “хор” орчихов уу гэдэг асуулт олон нийтийн анхаарлыг гойд татаж байна.

Дээрх хоёр хувилбарын эхнийх нь мэдээж гол шалтгаан, гэхдээ өөрөө яалт ч үгүй хэн нэгний ашиг сонирхлоор хоригдсон гэсэн утгатай байр суурь илэрхийлээд байгаа болохоор хоёр дахийг нь сонжиж үзэх шалтгаан бас бий. 

Нөлөө бүхий олон нийтийн байгууллагын сонгуулийн өмнө гүйцэтгэх захирал, сонгуульд нэр дэвшсэн хүнийг барьж хорино гэдэг эвлэрэх асуудал биш. 

Хэрвээ АТГ-д ажиллах шалтгааныг хэн нэгэн бий болгосон бол хэн байж болох вэ гэдгийг МҮХАҮТ-ын сонгуультай холбовол яах аргагүй нэр дэвшигчид нь, тэр дундаа хүчтэй өрсөлдөгч нь  байж таарна. Магадлалыг авч үзье. 

Нэгд, Танхимын сонгуульд МҮХАҮТ-аас Удирдах зөвлөлийн дарга Л.Төр-Од нэр дэвшиж байгаа. Байгууллагын дотоод мэдээлэл хуулийн байгууллагад очсон нь ийм учиртай байж мэднэ. Хуулийн байгууллага ихэнхдээ мэдээллээс гадна гомдлоор ажилладаг, гомдлыг хохирогч субъект гаргадаг. Гэхдээ энэ нь мэдээж, Л.Төр-Од гүйцэтгэх захирлаа хуулийн байгууллагад өгсөн гэсэн үг биш. 

Хоёрт, нэр дэвшигчдийн дотор “Таванбогд” группын ерөнхийлөгч Ц.Баатарсайхан байна. Түүнийг нэрлэсэн нь Т.Дүүрэн баригдахаасаа өмнө “Танхим том компаниудын шилжин явах цом биш. Хэн нэгний улс төрд орох гишгүүр биш. Төр, бизнес хоёр эргээд тэнцвэрээ олох ёстой. Эс бөгөөс бид коммунизм руу сорогдон орж дампуурна” гэчихсэнтэй нь холбоотой юм. 

Танхимын одоогийн ерөнхийлөгчөөр “Эм Си Эс”-ийн гэх тодотголтой Д.Энхтүвшин ажиллаж байгаа, тухайн үед нэр дэвшигчид тодроогүй, АПУ-гийн П.Батсайхан зэрэг нэрс яригдаж байсан болохоор төдийлөн анзаараагүй байх. Гэвч нэр дэвшигчид тодроход “Эм Си Эс”-тэй эн зэрэгцэх компанийн төлөөлөл нь ганц Ц.Баатарсайхан бол тунаж үлдлээ.

Ц.Баатарсайхан бол нэгд, том компанийн захирал мөн үү гэвэл мөн. Хоёрт, улс төрд орох сонирхол байгаа юу гэвэл байдаг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Түгжрэлийн сайдын албан тушаалыг Б.Дэлгэрсайханаас түрүүлээд түүнд тавьж байсан нь үүний нотолгоо. Гэвч татгалзсан нь улс төрд орохгүй гэсэндээ бус, харин хэн ч томилогдсон муу нэр дуулах нь тодорхой Түгжрэлийн сайдын суудал байсан.

Т.Дүүрэн “Төр бизнес хоёр эргээд тэнцвэрээ олох ёстой” гэдэг ч чухал мессеж. Яг одоо төрийн томчуудтай хамгийн ойр байгаа бизнесмэн бол яах аргагүй Ц.Баатарсайхан мөн. Сайдын суудал санал болгосон нь нэг л жишээ. Хэрвээ Ц.Баатарсайхан танхимын ерөнхийлөгч болбол Т.Дүүрэнгийн баривчилгаа түүнд ашигтай нөлөөлсөн гэж үзэх магадлал бий болно. 

Гуравт, нэр дэвшигчдийн улс төрийн намын дарга нэг хүн байгаа. Тэр нь Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх. Гэхдээ бусад тодорхойлолт нь таарахгүй байгаа. Тэрээр  улс төрийн намын дарга  боловч сонгуульд нэр дэвшээд олигтой санал аваагүй, одоогийн эрх баригчдад нөлөө байхгүй. 

Бусад нэр дэвшигчдийн тухайд, Танхимын үйл ажиллагааг мэдэх боломж бага, улс төрд нөлөөгүй хүмүүс байгаа юм. 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчид

МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн

МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга Л.Төр-Од

“Коёотэ” ХХК-ийн захирал Д.Бямбасайхан

“Урбанек” ХХК-ийн ерөнхий захирал Б.Лхагважав

“Таванбогд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан

Эдийн засагч Б.Лакшми

Монголбрэнд холбооны тэргүүн Ш.Отгон-Өлзий

“Эрх чөлөөг хэрэгжүүлэгч” намын дарга Ш.Төмөрсүх

“Комаг” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Майдар

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна