Хаврын чуулганаар Нийслэлийн газар олголт, Ногоон автобус, уул уурхайн лиценз олголт, эмийн чанар гэсэн дөрвөн асуудлаар нээлттэй сонсгол болохоор төлөвлөгдөөд байв.
Сонсголоор нэр бүхий албан тушаалтнуудын авлига, хээл хахуулийн хэрэг, нийт монголчуудын боломжийг хулгайлж, амьдралын чанарыг доройтуулсан буруутнууд ил гарах учиртай.
Тиймдээ ч олон нийтийн зүгээс ихээхэн хүлээлт үүсч, сонгуулийн өнгийг тодорхойлох хэмжээнд ач холбогдол өгч байв. Харамсалтай нь эрх баригчид авлига, булхайгаа нуухыг илүүд үзжээ.
Уг нь эдгээр сонсгол болсон бол наанадаж иргэдийн мэдэх эрхийг хангах, цаанадаж Монголын төр “хачиг хувалзуудаа” мэдэж авч, төр цэвэрших эхлэлийг тавих учиртай байсан ч дээрх сонсголууд нэг, нэгээрээ замхарч магадгүй болжээ.
"Эмийн үнийн өсөлт", “Ногоон автобус”, "Лиценз"-ний сонсголыг удаашруулж цаг хожоод газрын мафийг нууж үлдэх үү
Эхэнд дурдсан дөрвөн сонсголоос “Ногоон автобус” болон “Эмийн” түр хороо байгуулах ажил их, бага хэмжээгээр урагшилж байгаа ч Нийслэлийн газар олголт, уул уурхайн лиценз олголтын сонсгол зохион байгуулагдах нь битгий хэл, түр хороо байгуулагдах эсэх нь ч тодорхойгүй болов. Тэр дундаа Нийслэлийн газар олголтын асуудал нэлээд асуудал, маргаан дагуулж байгаа бололтой.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэдхэн хоногийн өмнө сэтгүүлч Б.Ганчимэгт өгсөн ярилцлагадаа нийслэлийн газрын наймааг онцлон хөндөхөд “М.Энхболд тэргүүтэй хотын фракцид шахалт үзүүлж байна” гэж дүгнэх хүмүүс цөөнгүй байсан.
Мэдээж, газар олголтын асуудалд холбогдох этгээдүүдийн дийлэнх нь МАН-ын үе үеийн томчууд байх нь тодорхой учраас тэгж дүгнэсэн.
Тодруулбал, Нийслэлийн зах замбараагүй газар олголтыг сүлжээ болтол нь хөгжүүлсэн хүмүүс нь М.Энхболд, Т.Бадамжунай нарын толгойлдог “Хотын фракц”.
Сүүлийн 30 жилд бараг бүх хотын дарга М.Энхболд болон “Хотын фракц”-тай холбоотой байсан гэхэд хилсдэхгүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн газар олголттой холбоотой асуудлаар хийх нийтийн сонсголыг дэмжиж, зүтгүүлж байгаа. Харин тэд сонсгол зохион байгуулагдахыг хүсэхгүй байгаа.
Мэдээж үеийн үед нийслэлд МАН засаглаж байсан гэдэг утгаараа ганцхан “Хотын фракц” асуудалд орохгүй нь тодорхой. Сонсгол болсон тохиолдолд үе үеийн МАН-ын томчууд дурдагдана, энэ нь намын нэр хүндэд мэдээж сайнаар нөлөөлөхгүй. Тэгвэл Ерөнхий сайдыг эзгүйд хуралдсан Засгийн газрын хуралдаанаар газрын сонголтой холбоотой асуудал хэлэлцэхэд яг энэ шалтгаанаар нэлээд маргаан гарсан аж.
Бүр тодорхой хэлбэл сайд нар “Сонсгол зохион байгуулж болохгүй”, “Заавал зохион байгуулах ёстой” хэмээн хоёр хуваагджээ.
Л.Оюун-Эрдэнийн танхимд газрын асуудалд холбогдож болзошгүй сайд нар бий. С.Амарсайхан, Б.Чойжилсүрэн, Ж.Ганбаатар нарыг дурдаж болно. Тэдний хувийн бизнес болон үй олноор нь босгосон орон сууцны хорооллууд холбогдох магадлалтай.
Уг нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш далд эдийн засгийг ил болгох, хулгай, авлигатай тэмцэж, тэр нь ч эхнээсээ үр дүнгээ өгч байлаа. Харин түүний тэмцэл газрын сонсголын босгон дээр ирээд зогсох нь бололтой.
Өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хурлын дараа УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг манай сайтад өгсөн тодруулгадаа “Есөн гишүүнтэй түр хороо байгуулах бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулагдсан. Би ахалж байгаа. Нийслэлийн Засаг даргын албан тушаал бол том албан тушаал. Газар олголтын асуудлаар ажил хийгээд эхэлчихсэн явж байна. Давхцал үүсч байна уу, үгүй юу гэдгийг ярилцаж байна.
Тэдний ажлуудтай давхцаж байвал богино хугацаанд, сонгууль болох гэж байна. Гишүүд ачаалал ихтэй ажиллаж байна. Цаг хугацаа богино байгаатай холбоотойгоор өргөн цар хүрээтэй асуудалд хавчигдмал ажиллана гэсэн санал гарч байна.
Хотын захиргаанд дэмжлэх үзүүлээд явж болох эсэх, хотын захиргаатай зэрэгцүүлээд түр хороо байх шаардлага байна уу үгүй юу гэдгийг хэлэлцэнэ” гэв. Товчхондоо, түр хороо байгуулах шаардлага байна уу, үгүй юу гэдэг нь “Сонсгол хийх шаардлага байна уу, үгүй юу” гэсэн үг л дээ.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар уг нь байгуулагдсан цагаасаа л хулгайтай тэмцсэн. Өнгөрсөн хугацаанд хүний өөрийнгүй хулгай луйврыг нь илчилсэн. Мэдээллийг ил болгож, цаашид луйвар хулгай гарах боломжийг чадлынхаа хэрээр хаасан. Гэвч нөөц бололцоо нь “Сонгууль” хэмээх том эрх ашигт хүлэгдсэн хэсэг бүлгийн эсэргүүцэлтэй тулаад мөхөстөж байж мэдэхээр болчихлоо.
Тодруулбал, Ерөнхий сайд хичнээн хичээсэн ч намын томчуудын ихэнх нь “2024 оны УИХ-ын сонгууль ойртож байгаа энэ эгзэгтэй үед эрх баригч нам өөрсдийнхөө эсрэг сонсгол зохион байгуулах нь гагц дарга Л.Оюун-Эрдэнэд ашигтай, харин нийт намд ашиггүй” гэдэг дээр сонголтоо хийж байх шиг байна.
Уг нь МАН гэдэг тэр дотор орж суусан хэсэг бүлэг этгээд биш, авлига, газрын наймааг илчлэх нь Л.Оюун-Эрдэнэд биш нийт монголчуудад ашигтай ажил юм сан.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.185.175
Амарсайхан Чойжилсүрэн Оргил Ганбаатар гэж увсын шуналтай авилгач нөхдүүд хэзээ ч Монгол улсын төлөө ажиллахгүй...
Хариулах139.5.217.245
ҮНЭН ЗҮЙЛИЙГ СӨХӨЖ БАЙГАА НЬ САЙН ОДОО ШҮҮХЭЭ ӨӨРЧЛӨХГҮЙ БОЛ ҮР ДҮН НОЛЬ
Хариулах103.10.22.170
МАН сонгуулиас айсан бол хаанаас сонгууль явуулах аргачлалыг өөрчлөх вэ дээ. Зөв бичээч АН-ын бичээчид.
Хариулах