ШИНЭ намаас УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж буйтай холбогдуулан, хэвлэлийн бага хурал зарлаж, иргэд олон нийтэд мэдээлэл өглөө. Үүгээрээ тэд өдгөө өргөн бариад буй хуульд УИХ-ын гишүүдийн халдашгүй дархан байдлыг авч хаяж буй мэт ойлголт өгч байгаа ч үнэн хэрэгтээ гэмт хэрэгт холбогдсон гишүүдээ авч үлдэх зохицуулалт хийж байгааг эсэргүүцсэн юм. Тус мэдээлэлд ШИНЭ намын дарга, доктор Ц.Гантулга, ШИНЭ намын Төв зөвлөлийн гишүүн, доктор Т.Баярхүү, Төв зөвлөлийн гишүүн, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Жаргалсайхан, ШИНЭ намын гишүүн, Эрх зүйч Б.Баярмаа нар болон намын бусад гишүүд оролцсон юм. Энэ үеэр байр сууриа илэрхийлсэн зарим гишүүдийн үгийг хүргэж байна.
ШИНЭ намын дарга, доктор Ц.Гантулга:
МАН-аас УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт хийж байгаагаа мэдэгдсэн. Үүнд УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдал нь мөрдөх шалгах ажиллагаанд саад болдог учраас байхгүй болгоно гэсэн. Гэтэл Дэгийн тухай хуульд Хянан шалгах түр хороог УИХ-ын гишүүдийн 4/1 буюу 32 гишүүний саналаар байгуулна. Ингээд тухайн гишүүн гэмт хэрэгт холбогдсон эсэхийг Түр хороогоор авч хэлэлцээд гэмт хэргийн шинжгүй гэж үзвэл хууль хяналтын шатанд явуулахгүйгээр авч үлдэх, хэрвээ гэм буруутай гэж үзвэл явуулах заалт орууллаа гэсэн мэдээлэл өгсөн. Энэ бол халдашгүй дархан эрх гэдэг зүйлийг авч хаяж байгаа мэтээр харагдуулчихаад Түр хороо гэгчийг байгуулж, түүгээрээ гэмт хэрэгт холбогдсон гишүүдээ авч үлдэх арга хэрэглэж байгааг ШИНЭ намын зүгээс эсэргүүцэж байна. Энэ хуулийн төслөө албан ёсны вэб сайтад ч байршуулаагүй. Тиймээс парламентад суудалтай намууд энэ талаар мэдээлэл өгч, бусад улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудтай зөвшилцөх байх гэж найдаж байна.
ШИНЭ намын гишүүн, Эрх зүйч Б.Баярмаа:
Үндсэн хуулийг парламентын ардчиллыг бэхжүүлнэ, олон намын төлөөллийг бий болгоно гэсэн үндсэн зарчим ярьж өөрчилсөн. УИХ-ын гишүүдийнхээ тоог ч нэмсэн. Сонгогч олон УИХ-ын гишүүдийг миний өмнөөс үг хэл, миний өмнөөс хууль санаачилж батлуул гэж сонгосон. Гэтэл үг хэлэх, асуулт тавих эрхийг нь хязгаарлаж, бүлэг дотроо асуудлаа яриад, нэгдсэн хуралдаан дээр төлөөлж байр сууриа илэрхийлнэ гэсэн зохицуулалт хийх гэж байна. Энэ бол парламентын ардчиллыг устгаж байгаа хэрэг. Гишүүн бүр үгээ ил тод хэлж байж, иргэдийн мэдэх эрх хангагдана. Улс үндэстэн, нийт ард иргэдийн эрх ашигт ноцтой хохирол учруулах хуулийн төслүүд дээр хэн ямар байр суурьтай байгааг мэдэж авна. Тэгэхээр үүнийг хэрхэвч зөвшөөрч болохгүй.
Нөгөөтэйгүүр, УИХ-ын гишүүн болчихоороо халдашгүй дархан байдал гэж нэг зүйл бий болгож, өөрсдийгөө хамгаалж зааглаж байна. Тэр тусмаа бүрэн эрх гэж социализмын үеийн энэ зүйл заалтаа авч хаях хэрэгтэй. Олон улсын жишгээр бол эрх зүйн хэм хэмжээ гэсэн ойлголт л байдаг. Манайд үүнийг гажуудуулж гэмт хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүдийг хамгаалах хэрэгсэл болгож ирсэн. Мөн Үндсэн хуульд Түр хороо гэсэн ямар ч заалт байхгүй. Ийм бүтэц бий болгож, мөрдөн шалгах, хянан шалгах, шүүн таслах байгууллагуудын эрх, үүргийг булаацалдаж байгаа нь буруу. Эрх баригчид энэ хуулийнхаа төслийг улс төрийн бүх намд өгч, санал солилцох ёстой.
ШИНЭ намын Төв зөвлөлийн гишүүн, доктор Т.Баярхүү
Эрх баригч, МАНАН бүлэглэл ахиад л хуулиа өөрсдөдөө зориулж хийхээр төсөл оруулж ирсэн байна. Ардчилал өөрөө сонгох, сонгогдох зарчимтай. Гэтэл 32 хүнтэй Түр хороо гэгчийг байгуулаад халдашгүй дархан байдлаа авч үлдэхээр хуулийн заалт оруулчихсан. Ингэхэд 1992 оны болон сая өөрчилсөн Үндсэн хуульд ч Түр хороо гэсэн зүйл заалт огт байхгүй. Харин УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй. Түүнээс бусад тохиолдолд жирийн иргэний адил хуулийн дор амьдрах ёстой. Хулгай хийсэн бол ял үүрнэ, худлаа хэлсэн бол ял үүрнэ, дээрэм хийж, авлига авсан бол ял үүрэх л ёстой. Тиймээс тус хуулийн заалтыг манай ШИНЭ намаас эсэргүүцэж байна.
ШИНЭ намын Төв зөвлөлийн гишүүн, АҮГА Д.Жаргалсайхан
Монгол Улс нэгэнт мафижсан төрийн тогтолцоотой орон болсон. Монгол Улсын иргэн бүр адил тэгш эрхтэй байх ёстой. Гэтэл УИХ-ын гишүүд Дэгийн тухай хуулийн төсөлд өөрсдийгөө хамгаалсан зүйл заалт оруулжээ. Улс төр, бизнесийн бүлэглэлийнхэн өөрсдөдөө зориулсан хуулийн төсөл өргөн барьсныг манай ШИНЭ намаас эсэргүүцэж байна. Үүнийг зөвхөн эрх баригч намынхан бус ард иргэдээрээ, иргэний нийгмийн байгууллагаараа, улс төрийн намуудаараа хэлэлцүүлж байж батлах ёстой байтал эрх мэдлийн давуу байдлаа ашиглан, МАН дангаараа батлуулахаар өргөн барих гэж байгааг ШИНЭ намаас эсэргүүцэж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.92.103
Н Энхболд гэж хөгийн хүн дээ М Энхболдыг дагаж далдагнадаг л байсан Хаана дийлж байгаа талд явдаг хүн яаж олигтой юм хийхэв 126 гишүүнээс олон хүн хэрэгт холбогдохгүй Парламентэд нөлөөлөхгүй Ёс зүйгүй бол өөрчлөж өөр нэгийг оруулах бүх бололцоо бий болгох хэрэгтэй Ядаж сахилгажина
Хариулах