Монгол Улсын иргэн бүрд 2024 оны II улиралд багтааж хуримтлалын нэрийн данс үүсгэнэ

Х.Батсайхан
2024/04/18

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хурал зэгсэн оройтжээ. Тус байнгын хороо Засгийн газраас өргөн баригдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг өчигдөр хийсэн бөгөөд УИХ-аас байгуулсан "Хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг"-ээс зарчмын зөрүүтэй 35 саналын томьёолол бэлтгэж оруулж ирсэн тул ийнхүү оройтсон аж.

Хуралдааныг ЭЗБХ-ны дарга УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг даргалж, "Хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг"-ийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Т.Доржханд, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар нар оролцов. Уг Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх дэд ажлын хэсгийг өргөн бүрэлдэхүүнтэй байгуулсан тул асуудлыг нухацтай авч үзэж чамбайруулж байгаа нь энэ юм.

Зарчмын зөрүүтэй саналуудыг дурьдвал,

-Ирээдүй өв сангийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Ирээдүй өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл хоорондын нийцлийг хангах,

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулийн этгээдийн гаргасан хувьцааны 20-иос дээшгүй хувийг аливаа этгээд дангаар болон харилцан хамаарал бүхий этгээд хамт эзэмшихийг хориглохоор тусгасныг 34 хувь болгон өөрчлөх,

-Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашигласан тохиолдолд төрийн эзэмшлийн хувь хэмжээтэй холбоотой зохицуулалтад өөрчлөлт оруулах зэрэг томьёоллыг боловсруулжээ.

Түүнчлэн, Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилт болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж 2024 оны хаврын ээлжит чуулганд багтаан Улсын Их Хуралд танилцуулах нь зүйтэй гэсэн нь "Стратегийн ордын жагсаалт" гэдэг ойлголт сэргэж, төр өөрийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөц тогтоосон ч одоо хувийн хэвшилд шилжчихсэн байгаа ордуудаа эргүүлж авах нь гэсэн ойлголтыг төрүүлж байгаа юм.

Мөн Монгол Улсын иргэн бүрд 2024 оны II улиралд багтааж хуримтлалын нэрийн данс үүсгэх, Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан хуримтлалын сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай болон Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон заалтыг хуулийн төсөлд тусгахаар танилцуулжээ.

Ингэснээр иргэд сонгуулиас өмнө нэрийн данстай болж, эхний бичилт хийгдэх магадлал өндөр болж байна. Учир нь, Монгол Улсын иргэн бүрд 2024 оны II улиралд багтааж хуримтлалын нэрийн данс үүсгэх саналыг УИХ-аас байгуулсан ажлын хэсэг гаргасан, хуулийг УИХ эцэслэн батлах тул хэрэгжих нь зайлшгүй юм.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.166
    2024/04/18

    Хувь хүнд 34 хувь хүртэл эзэмшүүлэхдээ яхав дээ. Манай улс чинь 34 хүртэл хувь эзэмшдэг биз дээ! Гэтэл хөрөнгө мөнгөтэй нэг этгээд гэр бүл хамаатангаараа нийлээд улсаа худалдаад авчихсан ч болох болж байгаа юм байна. Энэ хуулиа эргэж харах нь зүйтэй.

    Хариулах