Ардчилсан намын “Шударга сонгуулийн төлөө” ажлын хэсэг, Монголын Хүний төлөө нам, Монголын Социал демократ нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам, “Мидас” ТББ шударга сонгууль явуулахын төлөө нэгдэн ажиллахыг хүссэн албан шаардлагыг өнгөрсөн долоо хоногт ТЕГ-т хүргүүлсэн билээ. Шаардлагад 2020 оны сонгуулиар гарсан зөрчлүүд ихээр гарч, баримттай санал гомдлууд хуулийн байгууллагад олноороо очсон ч шийдвэрлэх тал дээр хангалтгүй ажилласныг дурдсан байсан. Тэгвэл, 2020 оны сонгуульд газар дээр нь ажиллаж нөхцөл байдлыг тодорхой хэмжээнд судалсны хувьд, сонгуулийн үр дүнд иргэдийн саналыг шударгаар тусгах нэгэн гаргалгаа олж харснаа бичих цаг болсон гэж үзлээ.
2020 оны сонгуулийн үеэр иргэд сонгогчидтой уулзаад явж байхад тойргууд дээр эрх барьж байгаа улс төрийн хүчний дарга нар “Намаа дэмжээрэй” гэж дарамталдаг, улмаар ямар нэгэн эрх ашгаар нь барьцаалж саналыг нь авдаг гаж жишиг байгааг ярьцгааж байсан. Ингэхдээ тухайн иргэний мэдлэг, мэдээлэлгүй байдлыг ашиглаж, “Санал хураах байранд камер байгаа, таныг хэнд санал өгснийг бид төвөггүй мэдчихнэ” хэмээн огт боломжгүй зүйлээр айлгадаг, тэр ч бүү хэл “Таны регистрийн дугаарыг бид мэдэж байгаа, тиймээс хэнд санал өгснийг чинь шүүгээд харчихна” гэж хуурдаг байдлыг тодорхой ярьж байв.
2016 оны УИХ, Орон нутгийн сонгуулийн дүнгээр засаг захиргааны нэгж бүрт янз, бүрийн нам ялсан учир энд ямар нэг улс төрийн нам хүчнийг онцлоогүй, зөвхөн тийм энгийн аргаар хуурах явдал гардаг гэдгийг л хэлж байгаа гэдгийг ойлгоно гэж найдна. Ийм арга нь мэдээж, сонгогчийг өөрийнхөөрөө сонголт хийх боломжийг хааж байгаа гэдэг утгаараа үр дүнд нөлөөлнө. Гэтэл сонгуулийн амин сүнс нь сонгогч ямар нэг шахалт дарамтгүй сонголт хийж, үр дүн шударга гарахад оршдог.
Тиймээс, санал авах байрны сонгогчийн санал өгөх хэсэгт ямар ч камер байхгүй, сонгогч хэнд саналаа өгч байгааг хэн ч мэдэх боломжгүй гэдэг итгэл үнэмшлийг сонгогчдод төрүүлэх аяныг СЕХ санаачлан өрнүүлж, үүнд эрх баригч нам, төрийн гурван өндөрлөг тэргүүтэй албан тушаалтнууд, сөрөг хүчин, хэвлэл мэдээллийн байгууллага идэвхтэй оролцъё гэсэн санаачилгыг дэвшүүлж байна.
Ийм анхааруулга, сурталчилгаа сонгууль бүрээр болдог ч сөрөг хүчин, жижиг намууд, ТББ-уудаас хэтэрдэггүй байсан. Энэ жил тэгвэл яг энэ агуулгаар Төрийн гурван өндөрлөг албан ёсоор уриалга гаргаад, хэвлэл мэдээллийн байгууллагууд түүнийг нь нийгмийн хариуцлагаар хангалттай түгээж, илүү өргөн хүрээнд явуулан итгэл үнэмшил бий болгоё л гэсэн санаа юм.
Ирэх сонгуулийг цэвэр шударга болоосой гэдэг хүсэл нийгэмд байна. Цэвэр шударга болохгүй байж мэднэ гэсэн эргэлзээ ч тодорхой хэмжээнд байгаа. Тэгвэл тэрхүү эргэлзээг арилгах аяныг өргөн хэмжээнд явуулах нь СЕХ, төрийн гурван өндөрлөг, УИХ-ын гишүүд, эрх баригч, сөрөг хүчин болон парламентад суудалгүй улс төрийн хүчнүүдийн цэвэр, шударга сонгууль явуулах хүсэл эрмэлзлийг харуулаад зогсохгүй, сонгуулийн дараа гарч болзошгүй таагүй үр дагавраас сэргийлэх ач холбогдолтой юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна