Ашигт малтмалын сонсголыг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан даргалж байна

С.Гандэлгэр
2024/05/29

Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр эхэллээ. 

Өнөөдрийн сонсголоор Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, бүртгэх үйл ажиллагаа сэдвийн хүрээнд гурван багц асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал, Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олголт, бүртгэл; Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайн давхцал; Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөн зэрэг гурван сэдвээр шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай бичмэл нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авах юм. Энэ сэдвийн хүрээнд хэлэлцэх гурван багц асуудалтай холбогдуулан 32 гэрчийг дуудсан байна.

Сонсголд Ц.Цэрэнпунцаг, Ц.Сандаг-Очир, Б.Энх-Амгалан, Ш.Адьшаа, Т.Доржханд нарын гишүүд оролцож байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан сонсголыг даргалж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна