У.Хүрэлсүх: Сонгуульдаа идэвхтэй оролцохыг улсын Ерөнхийлөгч, төрийн тэргүүний хувьд уриалж байна

С.Гандэлгэр
2024/06/28

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Б.Болорцэцэгийн хамт Баянзүрх дүүргийн 48-р дунд сургуулийн байранд очиж, саналаа өгч байна. 

Энэ үеэрээ тэрбээр нийт ард түмэндээ сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллла. 

Тэрбээр "Ард иргэддээ энэ өдрийн мэнд хүргэе. Ес дэх удаагийн сонгуулиа ард иргэд минь өгч байна. Энэ жил анхдугаар үндсэн хууль батлагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байгаа ийм сайхан жил УИХ-ын ээлжит сонгууль давхцаж байгаа нь онцлогтой зүйл болж байна. 

Энэ удаагийн УИХ-ын сонгууль хэд хэдэн зүйлээр онцлог. Бид 76 гишүүн сонгодог байсан бол энэ жил 126 гишүүн сонгож байгаа. 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг намын жагсаалтаар сонгох сонгууль болж байна.

УИХ-ын гишүүдийн тоо 126 болж нэмэгдсэн холимог тогтолцоог хэрэгжүүлж байгаа. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу бүсэд нэр дэвшиж сонгогдох боломж бүрдүүлсэн. Энэ бол Монгол Улсын цаашдын хөгжил дэвшилд ихээхэн ач холбогдолтой.

Мөн энэ удаагийн УИХ-ын сонгууль 1992 оноос хойш анх удаа хамгийн олон нам эвсэл бие даагч нар оролцож байгаа сонгууль болж байгаа. Нийт 1341 хүн нэр дэвшсэн байна. Хамгийн залуу нь 25 настай, хамгийн ахмад нь 79 настай нэр дэвшигч байна.

Нийт нэр дэвшигчдийн 40 орчим хувь нь эмэгтэй хүн байна. Энэ бол их сайхан үзүүлэлт. УИХ-аа эмхлэн байгуулах их үйл хэрэгт Монголын ард түмэн бүгдээрээ оролцож, саналаа өгөх ёстой. Энэ бол Монгол Улсын иргэн танд Үндсэн хуулиар олгогдож байгаа эрх. Төр улсаа төвхнөн байгуулахад хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Хойш сууж болохгүй. Төрийн эрх мэдэл ард түмний гарт байдаг гэж ҮХ-д заасан байдаг.

 Тийм учраас ард түмэн сонгох эрхээ энэ удаа хэрэгжүүлж, төрийн эрх барих дээд байгууллагын сонгуульд идэвхтэй оролцохыг улсын Ерөнхийлөгч, төрийн тэргүүний хувьд нийт ард түмэндээ уриалж байна." гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна