УИХ-ын чуулганы хуралдаан завсарласны дараа шинээр эмхлэн байгуулагдсан Байнгын хороод анхны хуралдаанаа хийж, зарим томилгооны асуудал хэлэлцлээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дугаар хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хурлын гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Улсын Их Хуралд ирүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцуулсан.
Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нь 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. 2001 онд “Бэрс” дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр, 2008 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2011 онд Монгол Улсын их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг улс төр судлаач мэргэжлээр, 2015 онд АНУ-ын Харвардын их сургуулийн Төрийн удирдлагын сургуулийг тус тус төгссөн. 2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга, 2002-2007 онд "Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллагын орон нутагт суурилсан төслийн удирдагч, Бүсийн захирал, 2007-2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 2008-2010 онд Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга, 2010-2015 онд НАМЗХ-ны ерөнхийлөгч, 2011-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга, 2012 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2019-2021 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2021 оноос Монгол Улсын Ерөнхий сайдаар тус тус ажиллаж байна хэмээн танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ.
Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо Улсын Их Хуралд хамгийн олон удаа сонгогдсон есөн гишүүнээс бүрдэх бөгөөд бүрэлдэхүүнд цөөнхийн төлөөллөөс оруулна. Гишүүдийн сонгогдсон тоо адил байгаа тохиолдолд тэдгээрийн харьяалагдах нам, эвслийн бүлгийн саналыг баримтална хэмээн заасныг хуралдаан даргалагч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулсан.
Тэрбээр тус дэд хороог УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-д таван удаа сонгогдсон С.Бямбацогт, Ц.Даваасүрэн, Б.Чойжилсүрэн, дөрвөн удаа сонгогдсон Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, гурван удаа сонгогдсон Ж.Бат-Эрдэнэ, АН-ын бүлгээс УИХ-д таван удаа сонгогдсон Н.Алтанхуяг, дөрвөн удаа сонгогдсон Х.Баттулга, Л.Гантөмөр нарын бүрэлдэхүүнтэй байгуулах саналыг танилцуулсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Х.Тэмүүжин нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороог дээрх бүрэлдэхүүнтэйгээр байгуулахыг дэмжлээ.
Одоо чуулган хуралдаж, ТББХ-ноос оруулсан Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна