Өнгөрсөн баасан гарагт /2024.08.23/ УИХ-ын ээлжит бус чуулганаар 2024 оны улсын төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах болон дагалдуулан өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар бүлгийн гишүүдтэйгээ хуралдаж байр сууриа нэгтгэх шаардлагатай хэмээн хүсэлт гаргаж, даваа гараг хүртэл завсарлага авсан юм.Тэгвэл өнөөдөр /2024.08.26/ УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, 2024 оны төсвийг дагалдуулан өргөн барьсан Тендерийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг төсөл санаачлагч Засгийн газарт буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.
Харин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар "Өнгөрсөн баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байсан гурван хуулийн төслийг эргэн нягталж, бүлэг байр сууриа нэгтгэхийн тулд завсарлага авсан. Нэгд, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төсөлд заасан төсвийн төлөвлөлт, хяналт, эдийн засгийн аюулгүй байдал зэрэг асуудлуудад бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэн дахин хэлэлцэхийн тулд завсарлагаа үргэлжлүүлэн авч, хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. Хоёрт, Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тухайн жилийн төсвийн төслийг жил бүрийн 10 дугаар сарын 1-нд УИХ-д өргөн барихаар өөрчилсөн. Гэвч бүлгийн гишүүд одоо хүчин төгөлдөр мөрдөж буй заалтаараа буюу 9 дүгээр сарын 1-ний дотор өргөн мэдүүлж байхыг олонх нь дэмжиж, хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь хуулийн төслийг өргөн мэдүүлснээс хойш аудитын дүгнэлт гаргах, олон нийтээр хэлэлцүүлэх цаг хугацааг үлдээх хэрэгтэй юм.
Гуравт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд улсын төсөв батлах УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан байж болзошгүй гэсэн зүйл, заалтыг эргэн харах зүйтэй байна. Тухайлбал, чадавхид суурилсан хэлэлцээний аргаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад багтсан төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг санхүүжилтийн эх үүсвэр батлагдахаас өмнө эхлүүлж болно гэж заасан байна. Хэрвээ тендер шалгаруулах арга хэмжээ эхэлсэн тохиолдолд УИХ түүний өртөг, санхүүжилтийг шахагдан батлахаас өөр аргагүй болно. Мөн хууль зүйн хувьд зарим нэр томьёог жигдлэх, тодорхой болгох шаардлага байна. Ер нь тодорхой төсөлд зориулж Тендерийн тухай хуулийг өөрчлөх бус томоохон төсөл, хөтөлбөрийг саадгүй, хуулийн хүрээнд явуулах нөхцөлийг бүрдүүлж, шинэчлэн найруулах нь зүйтэй гэж үзээд хууль санаачлагчдад буцаах шийдэл гаргалаа. Энэхүү хуультай хамт өргөн мэдүүлсэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх тухай журмын тухай хуульд өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлсэн. 2023 онд Концессын тухай хууль хүчингүй болсон ч зарим заалтыг дахин ашиглаж, төсөл сонгон шалгаруулалт зарласан тохиолдолд шалгарсан этгээдтэй дагалдах гэрээ байгуулахаар заасан нь холбогдох хууль, тогтоомжуудтай нийцэхгүй байна гэж үзсэн учраас тус хуулийн төслийг буцаахаар санал нэгдлээ.
Ингээд УИХ-ын даргаас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг бүлгээрээ үргэлжлүүлэн хэлэлцэх шаардлагатай учраас нэг хоногийн хугацаатай завсарлага авахыг хүсч байна" гэв. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу МАН-ын бүлгийн хүсэлтийг хүлээн авч, 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр буюу мягмар гарагийн 10 цаг хүртэл завсарлага авах хугацааг сунгалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
178.174.229.45
ARDIIN NAMIIN MUUSAIN BOLESHIVKUUD HEZEE CH ZASRAHGYI BUGDIIG N BUUDAN ALVAL TAARNA
Хариулах