Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2024.08.28) хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан хийлээ. Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд харьяалагдах Аж, үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцын нийт 91 байгууллагын төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан талаар тэрбээр танилцуулж, тус Байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүнд 402 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч үүнээс урсгал зардалд 290 тэрбум төгрөг хөрөнгийн зардалд 95 5 тэрбум төгрөгийг зарцуулсныг дурдлаа. Байнгын хороонд харьяалагдах яамдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүнгийн 90.0 хувь буюу 363,7 тэрбум төгрөгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын, 9,7 хувь буюу 38,9 тэрбум төгрөгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын зарлага эзэлсэн байна. Улсын төсвөөс 379,7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 59 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлжээ.
Сангийн сайд мэдээлэл хийсний дараа Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулсан юм. Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 37 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэснээс 27 байгууллагад дүгнэлт гарган, 10 байгууллагыг аудитын түүвэрт хамруулжээ. Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай”, харьяа 22 байгууллагад “Өөрчлөлтгүй”, таван байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн байна. Санхүүгийн тайлангийн аудитаар 151.6 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс, 0.2 тэрбум төгрөгийн зөрчилд 29 төлбөрийн акт тогтоож, 147.5 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 37 албан шаардлага хүргүүлж, 2.7 тэрбум төгрөгийн зөрчилд 44 зөвлөмж өгч, 1.2 тэрбум төгрөгийн зөрчилд хариуцлага тооцуулах гурван албан шаардлага хүргүүлсэн. Нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой 15.4 тэрбум төгрөгийн 39 алдаа илэрснээс аудитын явцад 15.4 тэрбум төгрөгийн алдааг залруулж, нэг зөвлөмж өгсөн бөгөөд санхүүгийн тайлангийн аудитаар шалгасан нийцлийн асуудлаар нийт 188.8 тэрбум төгрөгийн 26 зөрчил илэрснээс 188.3 тэрбум төгрөгийн 14 албан шаардлага, 0.5 тэрбум төгрөгийн 12 зөвлөмж хүргүүлсэн байна. Тус салбарт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 24.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 11.9 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй зургаан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Төсөл, арга хэмжээний санхүүжилт 100 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.
Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд харьяа 34 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэснээс 29 байгууллагад дүгнэлт гаргаж, таван байгууллагыг түүвэрт хамруулжээ. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай”, харьяа 23 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 5 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт, нэг байгууллагад “Сөрөг” дүгнэлт өгсөн байна. Санхүүгийн тайлангийн аудитаар 35.9 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс, 0.4 тэрбум төгрөгийн зөрчилд 31 төлбөрийн акт тогтоож, 30.9 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 57 албан шаардлага хүргүүлж, 4.6 тэрбум төгрөгийн зөрчилд 106 зөвлөмж өгч, хариуцлага тооцуулах нэг албан шаардлага хүргүүлсэн бөгөөд нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой нийт 544.2 тэрбум төгрөгийн 52 алдаа илэрснээс 544.1 тэрбум төгрөгийн 47 алдааг аудитын явцад залруулж, 0.1 тэрбум төгрөгийн таван алдааг давтан гаргахгүй байх зөвлөмж өгчээ. Харин санхүүгийн тайлангийн аудитаар шалгасан нийцлийн асуудлаар нийт 260.4 тэрбум төгрөгийн 48 зөрчил илэрснээс, төлбөрийн нэг акт тогтоож, 13.3 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 11 албан шаардлага хүргүүлж, 209.1 тэрбум төгрөгийн зөрчилд 33 зөвлөмж өгч, 38.0 тэрбум төгрөгийн зөрчилд хариуцлага тооцуулах гурван албан шаардлага хүргүүлсэн аж. Зам, тээврийн салбарт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 1,577.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 408.8 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 120 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Төсөл, арга хэмжээний санхүүжилт 92.0 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд харьяа 64 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэснээс 53 байгууллагад дүгнэлт гаргаж, 11 байгууллагыг түүвэрт хамруулжээ. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай”, харьяа 39 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 13 байгууллагад “Хязгаарлалттай”, нэг байгууллагын санхүүгийн тайланд “Сөрөг” гэсэн дүгнэлт өгсөн байна. Санхүүгийн тайлангийн аудитаар 326.2 тэрбум төгрөгийн 157 зөрчил илэрснээс, 0.2 тэрбум төгрөгийн зөрчилд 27 төлбөрийн акт тогтоож, 311.5 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 52 албан шаардлага хүргүүлж, 14.5 тэрбум төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 77 зөвлөмж өгч, хариуцлага тооцуулах нэг албан шаардлага хүргүүлсэн бол нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой нийт 72.4 тэрбум төгрөгийн 86 алдаа илэрснээс аудитын явцад 51.5 тэрбум төгрөгийн 81 алдааг залруулж, 20.9 тэрбум төгрөгийн таван алдааг дахин давтан гаргахгүй байх, арилгах зөвлөмж өгчээ. Санхүүгийн тайлангийн аудитаар шалгасан нийцлийн асуудлаар нийт 34.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс, 33.2 тэрбум төгрөгийн 28 албан шаардлага, 1.6 тэрбум төгрөгийн 42 зөвлөмж хүргүүлсэн байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 139.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 74.6 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 47 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөт төсөл, арга хэмжээний санхүүжилт 91.0 хувийн гүйцэтгэлтэй байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд харьяа 24 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэснээс 17 байгууллагад дүгнэлт гаргаж, долоон байгууллагыг түүвэрт хамруулжээ. Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай”, харьяа 11 байгууллагад “Өөрчлөлтгүй”, зургаан байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн байна. Санхүүгийн тайлангийн аудитаар 110.3 тэрбум төгрөгийн 145 зөрчил илэрснээс, 1.8 тэрбум төгрөгийн зөрчилд 11 төлбөрийн акт тогтоож, 65.7 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 63 албан шаардлага хүргүүлж, 28.6 тэрбум төгрөгийн 64 зөвлөмж өгч, 4.1 тэрбум төгрөгийн зөрчилд хариуцлага тооцуулах 4 албан шаардлага хүргүүлж, хууль хяналтын байгууллагад 10.1 тэрбум төгрөгийн 3 асуудлыг шилжүүлсэн бөгөөд нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой 1.0 их наяд 116.8 тэрбум төгрөгийн 85 алдаа илэрснээс аудитын явцад 1.0 их наяд 100.7 тэрбум төгрөгийн 69 алдааг залруулж, 16.1 тэрбум төгрөгийн 16 алдааг давтан гаргахгүй байх, арилгах зөвлөмж өгсөн байна. Мөн санхүүгийн тайлангийн аудитаар шалгасан нийцлийн асуудлаар нийт 303.5 тэрбум төгрөгийн 47 зөрчил илэрснээс, 288.1 тэрбум төгрөгийн зөрчилд 12 албан шаардлага хүргүүлж, 15.4 тэрбум төгрөгийн зөрчилд 35 зөвлөмж өгчээ.
Харин Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд харьяа 33 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэснээс 30 байгууллагад дүгнэлт гаргаж, гурван байгууллагыг түүвэрт хамруулсан бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай”, харьяа 21 байгууллагад “Өөрчлөлтгүй”, найман байгууллагад “Хязгаарлалттай”, нэг байгууллагад “Сөрөг” гэсэн дүгнэлт өгсөн байна. Санхүүгийн тайлангийн аудитаар 105.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс, 0.2 тэрбум төгрөгийн 53 төлбөрийн акт тогтоож, 89.9 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 85 албан шаардлага хүргүүлж хүргүүлж, 15.2 тэрбум төгрөгийн зөрчилд 123 зөвлөмж өгч, хариуцлага тооцуулах дөрвөн албан шаардлага хүргүүлж, хууль хяналтын байгууллагад 0.5 тэрбум төгрөгийн нэг асуудлыг шилжүүлсэн бол нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой 302.4 тэрбум төгрөгийн 81 алдаа илэрснийг аудитын явцад залруулжээ. Түүнчлэн санхүүгийн тайлангийн аудитаар шалгасан нийцлийн асуудлаар нийт 47.6 тэрбум төгрөгийн 55 зөрчил илэрснээс 44.5 тэрбум төгрөгийн зөрчилд 29 албан шаардлага, 3.1 тэрбум төгрөгийн зөрчилд 26 зөвлөмж хүргүүлсэн байна. Тус салбарт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 482.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 169.0 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 42 төсөл, арга хэмжээг төлөвлөсөн. Төсөл, арга хэмжээний санхүүжилтийн гүйцэтгэл 96.0 хувьтай хэрэгжсэн байна.
Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулгадаа, төсвийн байгууллагуудад хэрэгжүүлэх дотоод хяналт хангалтгүй, төрийн аудитын байгууллагаас хүргүүлсэн шийдвэрийн хэрэгжилтийг бүрэн хангуулах үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх, төсөв, хөрөнгийг зохистой удирдаагүйгээс авлага, өр төлбөр үүсгэсэн, тооцоо нийлж баталгаажуулаагүй, хугацаа хэтэрсэн болон олон жилийн насжилттай, эзэн холбогдогчгүй болж найдваргүй болох эрсдэлтэй авлагыг барагдуулах, худалдан авах ажиллагааг хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах, ашиглах боломжгүй болсон хөрөнгийг холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлэх, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад тавих дотоодын хяналтыг сайжруулах, Засгийн газрын шийдвэрээр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд нийгмийн шинж чанартай төсөл, арга хэмжээг санхүүжүүлж байгаа нь төсвийн нэгдсэн бодлогын зарчмыг алдагдуулж байгаа зөрчлийг арилгах, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн засаглал, эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэх, үйл ажиллагааны хараат бус, ил тод байдлыг хангах талаар нэн тэргүүнд анхаарах шаардлагатайг онцоллоо.
Сангийн сайд болон Ерөнхий аудиторын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Д.Үүрийнтуяа, Г.Очирбат, Г.Лувсанжамц, Б.Пунсалмаа, Д.Энхтуяа нар асуулт асуув. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин жижиг, дунд аж ахуй эрхлэгчдэд ногдуулсан хүү, торгууль, ашигт малтмалын биржийн болон жишиг үнийн зөрүү ямар байгаа талаар асуусан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа төсөл, арга хэмжээний санхүүжилтийн гүйцэтгэл өндөр хувьтай боловч ажлын гүйцэтгэл тааруу байгаа талаар, мөн гүйцэтгэлээс давсан санхүүжилт олгосон зөрчлийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар асууж хариулт авсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй байгаагийн шалтгаан юу болох, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд татвараа сайн төлж, төрийн өмчийн компаниуд алдагдалтай ажиллаад байгаад ямар дүгнэлт хийж буйг холбогдох байгууллага, албан тушаалтнаас асуусан бол Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц төсвийн зарлагын талаас илүү хувийг эзэлж байгаа татаасын гүйцэтгэл 45.6 хувьтай байгаагийн шалтгаан, татаас олгох шалгуур ямар байдаг, мөн аудитаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж байгаа явцын талаар асууж мэдээлэл авав. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд бүхий Үндэсний хороог ганцхан жилийн хугацаатайгаар өндөр төсөвтэй ажиллуулсан зэрэг төсвийн үрэлгэн байдал гаргахгүй байх, арьс, шир боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг бодитой үр ашиг бүхий төслүүдийг хойшлуулахгүй байхад анхаарч ажиллах нь зүйтэйг дурдсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа Улаанбаатар хотын хэрэгждэггүй LRT, BRT зэрэг том өртөгтэй томоохон төслүүд, дүүжин тээвэр, үйл ажиллагаа нь хүндэрчихсан “Тавантолгой түлш” ХХК, ногоон автобусны тендер зэрэг асуудлуудад аудит хийсэн эсэхийг асууж хариулт авсан юм.
Дараа нь хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Д.Энхтүвшин, Ж.Золжаргал нар үг хэлж, төсвийн гүйцэтгэл, аудитын дүгнэлт дэлгэрэнгүй, тодорхой байх, уул уурхайн бус салбарын өсөлтөд анхаарал хандуулж ажиллах, төсвийн орлого, зарлагын өсөлт, татвар ногдуулалтыг салбар салбараар нарийвчлан гаргаж, холбогдох нөлөөллийг шинжилж байх, норматив зардлыг бодитой төлөвлөх зэрэг асуудлуудыг хөндөн ярьсан юм.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлэг өндөрлөв. Уг асуудлыг хэлэлцсэн талаарх Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна