Гамшгаас сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Шадар сайд, Боловсролын сайд нарын хамтарсан тушаал гарган, бүх шатны боловсролын байгууллагуудад хэрэгжүүлнэ
Манай улсад сүүлийн 3 жилд гамшиг, аюулт үзэгдэл, ослын нийт 12,881 дуудлага мэдээлэл бүртгэгдэж 2702 хүн нас барж, 111 тэрбум төгрөгийн хохирол учирсан бөгөөд Онцгой байдлын байгууллагаас 16,417 хүний амь насыг аварч 774,0 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
Байгалийн гамшигт үзэгдэл болон хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан аюул, ослын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа тул Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, Гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариуцлагатай иргэнийг бэлдэхэд бүх шатны боловсролын байгууллагуудын оролцоо нэн чухал.
Энэ хүрээнд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр Боловсролын сайд П.Наранбаяр, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нартай уулзаж, гамшгаас сэргийлэх чиглэлээр бүх шатны боловсролын байгуулагуудад хэрэгжүүлж буй “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрт үнэлэлт дүгнэлт хийх, цаг үеийн шаардлагад нийцүүлэн илүү боловсронгуй болгох, талуудын оролцоог жигд хангах асуудлаар хамтарсан тушаал гаргаж хэрэгжүүлэхээр боллоо.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд онцгойлон анхаарч тусгасан. Гамшгаас сэргийлэх ажил бол зөвхөн онцгой байдлын алба хаагчдын үүрэг бус, бүх нийтийн үйл хэрэг. Ялангуяа цэцэрлэг, сургуулиас нь эхлээд хүүхэд багачуудад нэгдсэн мэдлэг, ойлголт өгч, өөрийгөө болон өрөөлийг авран хамгаалах чадварт суралцуулах, эцэг эхчүүдийн хандлагыг өөрчлөх, сургуулиудын Эцэг эхийн зөвлөлөөр дамжуулан “Сайн хөрш”-ийн холбоог бэхжүүлэх шаардлага ч байна. Сургалтын хөтөлбөр нь байна, гарын авлага нь бэлэн, сургагч багш нар нь бэлтгэгдсэн. Одоо Онцгой байдлын байгууллагатайгаа нягт хамтран ажиллаж, практик дадлага, сургалт, соён гэгээрлийн ажлаа тогтмолжуулах хэрэгтэй байна. Мөн багш, сурагчдад зориулсан цахим флатформуудыг хөгжүүлж, E-Mongolia системтэй холбоод илүү сайжруулалт хийх хэрэгтэй” хэмээн онцлоод гамшиг, ослоос сэргийлэх дадлага сургалтын бааз суурийг бэхжүүлэх, анхан шатны тусламжийн хэрэглэгдэхүүнээр хангах асуудалд Монголын Улаан загалмайн нийгэмлэг зэрэг хүмүүнлэгийн болон сайн дурын байгууллагуудыг татан оруулах боломжтойг хэллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна